Categories
мэдээ эдийн-засаг

“Муу зээлтэй” гэсэн мэдээллээ арилгуулах боломжтой

Хүүхдэдээ зээл аваад өгчихсөн, харин хүүхэд нь хугацаанд нь төлөөгүй, цалингийн зээл авчихсан байж байгаад эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэний улмаас хугацаагаа хэтрүүлсэн гэх мэт шалтгаануудаар иргэд муу зээлтэй гэсэн жагсаалтад багтдаг байна. Банкууд олгосон зээлээ хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй гэж ангилдаг аж. Чанаргүй зээл нь  дотроо хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ялгаатай гэнэ.  “Чанаргүй” зээлийн ангилалд бүртгэгдэж  зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бол банк дахин зээл олгохгүй журам үйлчилдэг байна. Харин зээл олгосон банк нь зээлээ хугацаандаа төлж байгаа эсэх болон бусад чанарын үзүүлэлтийг харгалзан таны зээлийг ангилж, бүртгэж байдаг аж.
Бүх банк болон ББСБ-ууд нь олгосон зээлүүдээ хэрхэн ангилсан талаар мэдээгээ Монголбанкинд хүргүүлдэг бөгөөд тэнд төвлөрсөн “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгддэг юм байна. Чанаргүй зээлийн ангилалд ороод Монголбанкинд байх “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгдсэн бол хүмүүсийн дээр дурдаад байгаа асуудлууд урган гарч ирдэг аж.  Чанаргүй зээлд орсон хүмүүст зөвлөхөд, уг зээлийг бүрэн төлж дуусгахаасаа өмнө тухайн үеийн байдлаар төлөх ёстой дүнгүүдээ төлчихөөд зээл олгосон банкиндаа хүсэлт гаргах хэрэгтэй юм байна. Зээл төлөхөд гарсан хүндрэлээ тусгаад, одоо үлдсэн зээлийг цаашид хэвийн төлөх боломжтойгоо бичээд хүсэлтээ гаргах шаардлагатай гэнэ. Хэрэв банк таны хүсэлтийг хүлээн авч танд олгосон зээлийг “Чанаргүй” ангиллаас хассан тохиолдолд мэдээллийг Монголбанк руу явуулж “Зээлийн мэдээллийн сан”-д таны зээлийн талаарх мэдээлэлд зохих өөрчлөлтийг оруулдаг байна. Ингэж зээлийн талаарх мэдээллээ хэвийн болгуулж авсан тохиолдолд танд дараа дараачийн зээлээ авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй аж.