Categories
мэдээ нийгэм

“Мөрөөдлийн аялал-2” сайн үйлсийн аян боллоо

Өнгөрсөн ням гаригт “Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-аас нэгэн сайн үйлсийн аяныг хийлээ. Тэд энэ удаад 29-р тусгай дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг Манзуширийн хийдтэй танилцуулах аяллыг зохион байгуулсан юм. 29-р сургуулийн дотуур байранд голдуухан хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд амьдардаг юм байна. Тэд зөвхөн л сургууль, дотуур байр гэсэн өдөр тутмын хэмнэлтэй байдаг бол энэ удаа Монголын түүхэн газар болох Манзуширийн хийдээр танилцах аялалд оролцсондоо их л сэтгэл хангалуун байсныг хэлэх хэрэгтэй байх.

“Мөрөөдлийн аялал” нэртэй уг арга хэмжээний талаар “Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Чинзориг , “Анх дөрвөн жилийн өмнө манай клуб нээгдэж байсан. Энэ жил яг дөрвөн жилийн ой тохиож байгаа. Жил болгон 2-3 удаа бид бүхэн сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг. Энэ удаа хаврын анхны сайн үйлсийн аянаараа 29-р тусгай дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг Манзуширийн хийдтэй танилцуулах, үзүүлэх “Мөрөөдлийн аялал-2” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Манай клуб фээсбүүкээр 24000 орчим, яг альфард болон вэллфайр машин эзэмшигч нь 365 орчим байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд 26 машин оролцож 130 гаран хүүхдийг Манзуширийн хийд үзүүлэхээр авчраад байгаа. Харин дараа дараагийн үйл ажиллагаанууд тодорхой хөтөлбөрийн дагуу гарсан. Энэ жилээс бид ТББ болсон. Бид машинуудаа аялал жуулчлал, сайн үйлсийн аян, мөн нийтийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийн тал дээр бүх үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр явагддаг. Үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг удирдах зөвлөлийн 13 гишүүн ерөнхийд нь зохион байгуулалтын асуудлыг зохицуулдаг. Гишүүд сайн дураараа машин тэргээрээ оролцоно, зарим зардлыг дундаасаа төвлөрүүлээд үйл ажиллагаандаа зарцуулж явна. Цаашдын үйл ажиллагааны хувьд машинтай аяллууд зохион байгуулна. Ер нь бол бид жилдээ дөрвөн удаа арга хэмжээ зохион байгуулдаг. Өвлийн аялал, мөсний баяр, тэгээд мэдээж сайн үйлсийн аян. “Мөрөөдлийн аялал” арга хэмжээг өмнө нь автомашины өөр нэг клубтэй хийж байсан. Энэ жилийн хувьд бидэнтэй хамтран хийж байна. Манай клубын гишүүдийн зүгээс яг иймэрхүү хэрнээ арай өөр арга хэмжээ зохион байгуулъя гэсэн санал багагүй ирдэг. Бид гишүүдээс ирж байгаа саналууддаа үндэслээд ирэх 6-р сарын 1-нд бас нэг саян үйлсийн аяныг хийх бодолтой байгаа. Энэ оны анхны арга хэмжээ маань сайн үйлсийн аянаар эхэлж байгаад манай клубын гишүүд их билэгшээж байгаа. Ер нь ийм арга хэмжээг хойшид илүү сайн зохион байгуулж оролцож байна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Клубын тухайд яг ингэж нэгдээд клубын зохион байгуулалттай байх нь гишүүдэд ч гэсэн олон талаар хэрэгтэй л дээ. Дор хаяж бид нар тухайн жилдээ тухайн тухайн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй ярилцаад тосоо хямдралтай үнээр солиулчих жишээтэй. Гишүүнчлэлийн хувьд нээлттэй. Машин тэргээ зарж сольсон ч гэсэн ТББ дээрээ гишүүнчлэлтэй хэвээр үлдэнэ. Өөр машинтай болсон ч гэлээ тосны өдөрлөг дээр ирээд тодорхой хувийн хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх боломжтой. Бид гол нь машинаа бүртгэх гэхээсээ илүү хүндээ хандсан байдлаар явж байгаа. ” гэлээ.

Энэ үеэр 29-р тусгай дунд сургуулийн дотуур байрны багш Эрдэнэбаяраас энэ арга хэмжээний талаар, ““Мөрөөдлийн аялал” нэртэй арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 2015 анхны аялал болсон. Нэг жил алгасаад энэ жил хоёрдахийг нь зохион байгууллаа. Бид“Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-д санал тавьсан. Тэд ч мөн манай саналыг хүлээн авч арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа. Манай сургуулийн дотуур байрны 130 орчим хүүхэд арга хэмжээнд хамрагдаж оролцож байгаа. Дотуур байрны багш нар болон асрагчид хүүхдүүдтэйгээ хамт Манзуширийн хийдийг үзэх аялалд оролцож байна. Үйл ажиллагаа төсөөлж байснаас илүү сайхан болж өнгөрлөө. Хүүхдүүдийн сэтгэл үнэхээр хангалуун сайхан байгаа. Яагаад гэвэл дотуур байрны хүүхдүүд маань сургууль байр гэсэн л байдлаар байдаг бол энэ удаа харьцангуй өөр газрыг үзэж сонирхож байгаа нь тун тааламжтай байна. Мөн дотуур байрны хүүхдүүд маань голдуухан хөдөө орон нутгаас ирж суралцдаг хүүхдүүд байдаг. Тиймээс хүүхдүүдээ түүх соёлын энэ мэт арга хэмжээнд хамруулах нь аль аль талаасаа ач холбогдол өндөртэй. Энэ арга хэмжээд мөн “NBA Talk” нэвтрүүлгийн залуус ус ундаагаар тусаллаа. Биднийг дэмжиж хамтран ажилласан байгууллагуудаа үнэхээр талархаж байгаагаа илэрхийлмээр байна.” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *