Categories
мэдээ нийгэм

“Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд боллоо. Хурлыг төрийн соёрхолт, түүхч, доктор Ч.Өлзийбаатар удирдан явуулсан бөгөөд түүх, археологи, шашин судлалын 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон байна. Мөрөн сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хуралд архелогич, доктор Я.Цэрэндагва, Ц.Төрбат, Ц.Амгалантөгс, А.Энхтөр, түүхч, доктор Д.Тод, доктор, профессор О.Сүхбаатар, гэвш лам Д.Хоролбат, докторант П.Гантуяа, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж, чөлөөт уран бүтээлч Х.Баян-Очир, Мөрөн хотын дарга асан Д.Төмөр нарын эрдэмтэн, судлаачид дээрх сэдвийн дагуу илтгэл тавьсан юм. Эрдэм шинжилгээний хурлын үеэр археологичид “1765 онд үүссэн Мөрөнгийн хүрээний туурийг одоогийн Мөрөн хотын баруун талд буй “Ирээдүй-21” сургуулийн баруун хойд хэсэг мөн” хэмээн санал дэвшүүлжээ. Учир нь тэрхүү газраас ваарны хэлтэрхий, хөх тоосго, модон байшингийн суурь, тоосго шатааж байсан зуухны үлдэгдэл зэрэг археологийн олдворууд олдсон байна. Улмаар түүхчид, шашин судлаачид ч дээрх саналыг дэмжин Мөрөнгийн хүрээ 1765-1810 он хүртэл 45 жил дээрх газарт суурьшиж байхдаа ноёны жас, тамгын газар, өргөө, цогчэн хурлын сургууль, Дүйнхор, Бадма-Ёга дацан байгуулж байсныг түүхийн эх сурвалж, бичгүүдээр давхар нотолсон байна. Харин 1810 онд түүнээс холгүйхэн буюу зүүн урд зүгт Мөрөнгийн хүрээг нүүлгэж шинээр байгуулахдаа Гандандаржайлин хэмээх нэр өгөн он цагийн товчоогоо хөтлөх болжээ. Ер нь Мөрөнгийн хүрээ Дулаан хан уулын өвөр, Дэлгэрмөрөний дэнжид байгуулагдаж тэрхүү газраасаа төдий л олон удаа нүүдэллээгүй байна. Эрдэмтдийн хэлж буйгаар суурин иргэншил үүссэн он цагаар тооцоолбол Мөрөн хот эдүгээ 253 жилийн түүхтэй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *