Нийслэлийн прокурорын газраас 2021 оны нэгдүгээр улиралд тавьж ажилласан Эрүүгийн хэрэг, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Улсын прокурорын ерөнхий газар өнөөдөр танилцуулав.
Нийслэлийн прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд 358 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 773 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Хяналт тавьж ажилласан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 22 буюу 6.5 хувиар өсөж, эрүүгийн хэрэг 106 буюу 12 хувиар буурсан байна.
Мөн хэрэг бүртгэлт явуулсан 597 хэрэгт хяналт тавьж, 10.7 хувь буюу 64-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 11.8 хувь буюу 71 хэргийг хааж, ажиллагаанд 456 хэрэг шалгагдаж байгаа аж.
Харин мөрдөн байцаалтын 242 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гурав буюу 1.2 хувийг түдгэлзүүлж, тав буюу 2 хувийг нь хэрэгсэхгүй болгож, ажиллагаанд 126 хэрэг шалгагдаж байгааг мэдээллээ.
Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэргийн
95 буюу 39.2 хувийг Авлигын гэмт хэрэг,
68 буюу 28 хувийг Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Тус улиралд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд:
Энэ оны нэгдүгээр улиралд Нийслэлийн прокурорын газраас 242 хэргийн 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.5%-аар өссөн байна. Тухайлбал:
-Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй” эрүүгийн хэрэгт 2021 оны нэгдүгаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
-Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан үйлдэлтэй…” хэрэгт 2020 оны хоёругаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
-Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй…” хэрэгт 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.