Хүн төрөлхтөн үхэшгүй мөнхийн амьдрал, мөнхийн рашаан, мөнх насыг өнөө хүртэл хайсаар байгаа. Үлгэр, домогт үхэшгүй мөнхийн амьдрал, мөнхийн рашааны тухай олонтаа гардаг нь хүн хэмээх бодгаль энэ дэлхий дээр мөнх амьдрах хүсэлтэй, үхэшгүй байхыг эрмэлзсээр ирснийг харуулж байгаа юм. Сэргэн мандалтын үеэс үхэшгүй мөнхийн тухай ойлголтууд хүчтэй гарч ирж байсан бол Азид энэ тухай ойлголт бүр эртний улбаатай. Хаад, хатад, ихэс дээдэс, эвэртэн туурайтнууд урт наслах нууц жорын тусламжтайгаар хаан суудал, эрх мэдлээ он удаан жил хадгалан үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлдэг байсан. Тэр бүү хэл даяанч ламыг “Мөнхийн усыг эрж олж ир” гэж урт аянд явуулж байсан тухай түүхүүд ч бий. Дэлхийн алдартай удирдагчид ч мөнхрөхийн тулд элдэв янзын юм идэж уудаг байсан ч урт насалж байгаагүй.
Урт наслах, мөнхрөх хүсэл нь он цаг наашлах тусам улам хүчээ авч 1900-гаад оны эхэн үеэс эрдэмтэд хүнийг мөнхрүүлэхийн тулд лабораторид туршилт хийж эхэлсэн юм. Зарим хүмүүс өөрийнхөө биеийг хөлдөөх, тархиа “амьд” чигээр нь хадгалуулах зэргээр бие, эрхтэнээрээ “хандив” өргөж ирсэн нь энэ чиглэлийн судалгаа шинжилгээг хөгжихөд түлхэц болсоор ирсэн гэж хэлж болно. Хүний биологийн чадамж нь өнөө цагт 120 жил хангалттай наслах нөөцтэй ч байгаль орчин, амьдралын хэв маяг, нийгмийн байдал зэргээс хамаарч дунджаар 60-75 жил насалж байна. Дэлхийн бүс, тивүүд, цаг уурын байдал зэргээс хамаарч хүний наслалт харилцан адилгүй байгаа юм.
Түүхэнд 150, 250, 600, 980 жил насалсан гэх үнэн эсэх нь мэдэгдэхгүй зүйлс тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Бурхны шашин буюу гэгээрлийн шашинтнуудын хувьд хүнийг мөнх насалдаг гэж үздэг. Гэхдээ буян үйлдэж, асар их гэгээрлийг олсон хүн энэ насандаа бие барлаа ч сүнс-сэтгэл нь дахин өөр биед орж шинээр төрөх замаар хүний төрлийг тасралтгүй авсаар байвал мөнхөрнө гэж үздэг. Харин нүгэл хураавал хойт насандаа төрөл доошилж адгуус болж төрнө гэцгээдэг. Үүгээр бол хүн энэ махан биеэрээ мөнхрөхгүй ч сэтгэл-сүнс нь хэдэн ч үеэр хүний төрөлд төрөх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ ойлголт нь хэт хийсвэр, барьцгүй мэт санагдах ч үүнийг нотлох гэсэн оролдлогууд бий. Харин хүн төрөлхтөн аливаа эргэлзсэн зүйл, үйл явдлын эцсийн тодорхойлолтыг шинжлэх ухаан өгнө гэж үздэг. Дэлхийн алдартай тэрбумтнууд мөнх наслах боломжийг эрэлхийлсэн судалгаануудад хөрөнгө хаясаар байгаа.
Оросын бизнесмэн Дмитрий Ицковыг “Үхэшгүй мөнхийн амьдралын даруухан профессор” гэх нь бий. Тэрээр “Орос-2045” хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд уг байгууллагын гол зорилго нь мөнхийн амьтай хиймэл бие организмд хүнийг шилжүүлснээр мөнх амьдрах боломжтой болох гэнэ. Төслийн багийнхан 2020 онд нейроинтерфейсийн тусламжтайгаар бодол санаа нь удирдагддаг, хүний биеийн хувилбарыг бүтээх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнээс таван жилийн дараа хиймэл биед хүний тархийг шилжүүлэн суулгах бөгөөд 2035 онд тархин дахь мэдээллийг тоон утгат тээгчид хуулж буулгах аж. Ингээд төслийн эцсийн шатанд бодлын хүчээр удирддаг голограмм биеийг бүтээж чадна гэдэгтээ Ицков бүрэн дүүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ. Гэвч үүнийг дэлхийн бусад орны эрдэмтэд үгүйсгэсэн бөгөөд “Бодит байдлаас хэт тасарсан, төсөөллийн шинжтэй уран зөгнөлт зохиол” гэцгээсэн юм. Хэрвээ Ицковын төслийг нь дэмжиж “Үхэшгүй мөнхийн товч”-ийг дарсан хүмүүс 2045 оноос эхэлж роботод биеэ шилжүүлж мөнхрөх боломжтой гэнэ. Ингэхийн тулд гурван сая ам.доллар төлөх ёстой юм байна. Мөн Москвагийн хэсэг эрдэмтэд хүний биеийн гэмтсэн эд эсийг сэргээн шинэчлэх асуудлыг судалж, төлжүүлэх эсүүдийн тусламжтайгаар залуужих боломжийг хүмүүст бий болгожээ. Гэхдээ залуужих мэс засал нь 15-20 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд уг мэс заслыг Оросын чинээлэг иргэд их сонирхож байгаа аж.
Хүнийг урт наслуулах, мөнхрүүлэх тухай бас нэг хувилбар яригдаж байгаа юм. Хүний тархи 300 жил тасралтгүй ажиллах нөөцтэй учир нас барах гэж байгаа хүний тархийг залуу хүний толгойд суулгаснаар 3-4 удаа ийм аргаар амьдрах боломжтой гэдэг хувилбарыг ч дэвшүүлээд байгаа юм. Энэ бүхэн бол санал, таамгууд. Харин хүн төрөлхтнийг мөнх амьдруулахаар хөгжүүлж буй зарим технологийг энд онцолъё.
• АНУ-ын эрдэмтэд хүний уураг, аалзны торноос сум нэвтэрдэггүй арьстай болгох бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна. Мөн амьтдын генийг ашиглан дөрвөн мөчийг ургуулах, үе мөчний өвчнийг анагаах эм гаргаж авах боломжтой болжээ.
• Нас уртасгадаг эмийг ОХУ, АНУ зэрэг орны эрдэмтэд хамтран гаргахаар ажиллаж байна. Энэ онд нас уртасгадаг эм хэрэглэгчдийн гарт хүрэх бөгөөд хүний насыг 15 хувиар уртасгах үйлчилгээтэй аж.
• Дуран авайгаар харагдах төдий бүтцийг инженерчлэн гаргаж авсан материалыг метаматериал гэдэг. Ийм материалаар хийсэн бионик протез өнгө үзэмжтэйгээс гадна, хөнгөн, хүчтэй болдог учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд жинхэнэ эрхтэнтэй болсон мэт мэдрэмжийг удахгүй мэдрэх нь.
• Хүнийг хөлдөөгөөд тодорхой хугацааны дараа тухайн төхөөрөмжөөс нь гаргаж амьдруулж байгаа тухай гардаг уран зөгнөлт кинонууд 1970-1990 оны хооронд их гарсан. Харин энэ зөгнөл өнөө бидний үед биелж байгаа бололтой. “The University of Pittsburgh”, “The University of Maryland” зэрэг их сургуулийн эрдэмтэн судлаачид 2014 онд 10 өвчтөнийг хоёр цаг унтуулж клиник үхлийн байдалтай хөлдөөжээ. Ингэснээр үхлийн аюултай шарх авсан, эсвэл өвчтэй хүмүүсийн үхэх эрсдлийг бууруулж насыг нь уртасгах боломжтой гэж эрдэмтдийн баг тооцжээ. Ингэж хөлдөөснөөр цус алдалтаас болж нас барах аюул үгүй болж байгаа юм. Энэ аргаар хүн хэдэн ч жилээр хамаагүй унтах боломжтой гэнэ. Одоогоос 18 жилийн өмнө гахайн дээр туршилт хийхэд нааштай үр дүн гарч байжээ.
• “The Bioficial Heart Program” төслийн удирдагч Стюард Уиллиамс 3D-гээр хэвлэсэн зүрхийг шилжүүлэн суулгах боломжтой талаар ярьж ажил хэрэг болгохоор судалгаагаа хийж байгаа юм. Өөхөн эд, коллагенаас гаргаж авсан хэвлэмэл зүрх нь бүхий л насныханд зохицох бөгөөд хүний насыг 10 жилээр уртасгах боломжтой.
• Шотландын эрдэмтдийн баг үр хөврөлийн үүдэл эсээс хиймэл цус гаргаж авсан. Туршилтын ажил одоо ид өрнөж байгаа бөгөөд хэрвээ туршилт амжилттай болвол ийм цус сэлбүүлсэн хүн 50 жилээр урт наслах боломжтой гэжээ.
• Калифорнийн эрдэмтэд туузан хорхойн генийн эмчилгээгээр хүний насыг 400-500 жил уртасгах боломжтой гэж үзжээ. Энэ туузан хорхойн генийн кодыг эрдэмтэд хамгийн анх тайлсан бөгөөд 400-500 жил амьдрах чадвартай амьтан юм.
• Нанотехнологийн ачаар хүн төрөлхтөн 2040, эсвэл 2050 он гэхэд мөнх амьдрах боломжтой болно хэмээн эрдэмтэн Рэй Курзвейл үзсэн байна. Нано болон биотехнологиор хөгжүүлсэн наноботуудыг хүний биед суулгах ба энэ нь гэмтсэн эсийг эмчилж хорт хавдар, чихрийн шижин болон альцгеймер зэрэг бүхий л өвчнийг анагаах аж.
• АНУ, Японы эрдэмтэн, инженерүүд хүнийг орлох роботыг 2025 он гэхэд гаргахаар болжээ. Өөртэйгөө усны дусал мэт ижилхэн роботод тархиныхаа дижитал хуулбарыг шилжүүлснээр хүн-робот мөнх амьдрах боломжтой юм байна. Энд ОХУ-ын бизнесмэн Дмитрий Ицковын дэвшүүлээд байгаа санаа давхар явааг та бүхэн анзаарч байгаа байх.
Ингэхээр хүн төрөлхтний олон зуун жилийн турш мөрөөдөж ирсэн мөнх амьдрах хүсэл нь Хүн-робот бий болсноор биелж байна гэж бас хэлж болох юм. Гэхдээ энэ бүхэн одоогоор судалгаа, туршилтын түвшинд яваа ажлууд гэдгийг бас анхаарах хэрэгтэй.