Categories
мэдээ цаг-үе

МУИС-ийн Бараа судлалын ангийн 1987 оны төгсөгчид

Монгол Улсын Их сургуулийн Худалдаа, эдийн засгийн факультетийн Бараа судлалын ангийн 1987 оны төгсөгчид энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тэд Д.Оролмаа багшийн удирдлага дор 18-уулаа төгсчээ. Бараа судлалын ангийнхан эвсэг, тусч басхүү онц сурлагатан гэдгээрээ үеийнхнээсээ онцгойрдог байжээ. Тавхан хөвгүүн, 13 охинтой анги учир чамбай байх нь ч дамжиггүй биз. Мөн дэггүй, адтай сэргэлэн охидууд ч энэ ангид цөөнгүй гэсэн. Тэдний бүх хичээл нь орос хэл дээр ордог байсан гэнэ. Тиймдээ ч тэд орос хэлээ маш сайн эзэмшиж төгссөн аж. Тэдэнд Санжаасүрэнгийн Зориг тэргүүтэй эрдэм мэдлэгийн ундарга болсон олон багш нар хичээл зааж байсан юм байна. Харин энэ ангиас Б.Оюунгэрэл, Д.Цэцэгдулам нар улаан дипломтой төгсөж байжээ.

“Oriflame” компанийн “Очир” захирал Б.Оюунгэрэл “Би Хөвсгөлөөс оюутан болж ирж байлаа. Хөдөөний оюутан болсон хойно төөрч, будилах үе бишгүй л гардаг байсан даа. Тухайн үед оюутны байранд амьдарна. Манай ангиас ихэнх нь оюутны байранд байдаг байж билээ. Одоо бодоход бид их азтай оюутнууд юм. Үнэгүй сураад зогсохгүй улсаас сар бүр 240 төгрөгийн стипенди авдаг байсан. Онц сурах, курс ахих тусам степенд нэмэгддэг байж билээ. Би л лав 340 төгрөг авч байснаа сайн санаж байна” хэмээн дурссан. Тэд сар бүр степендээ авчихаад “Баянгол” болон “Улаанбаатар” ресторанд орж хооллодог байж. Ихэвчлэн хуйцаа, нийслэл салат, амттан авч иднэ. Тэд бүгд нийлээд 10 төгрөг л болдог байсан гэнэ. Ангиараа ийнхүү хамт хооллох нь тэдний хамгийн сайхан дурсамжуудын нэг байжээ. Мөн Сангийн аж ахуй руу ажлаар явж байсан он цагууд тэдний хамгийн нандин дурсамжийг хадгалан үлдсэн байна. Түүгээр ч үл барам нэг анги хамт олон болон бүрэлдэн тогтох үндэс суурийг бат бөх тавьж өгч байсан гэдгийг тэд ам бардам хэлж байлаа.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Цэрэннадмид “Манай ангид Шарав-Ишийн Наранболд гэж залуу бий. Одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа л даа. Нэг удаа бид Сангийн аж ахуй руу намрын ажилд явсан юм. Би багш нарын тогооч хийнэ. Харин гал асаах гэтэл шүдэнз олддоггүй. Харин Ш.Наранболд “Надад байна” гээд л өглөө. Гэтэл өнөөх шүдэнзний хайрцган дотроос нь жижиг мэлхий гараад ирдэг байгаа. Би айсандаа нөгөө талд байх наар хүртэл үсэрчихсэн. Харин дараа нь ангийн охид, хөвгүүд бүгдээрээ миний үсэрсний дайтай хол үсэрч чадаагүй. Над шиг биеийн тамираас хол хөндий хүн айсандаа тэгж л хол үсэрсэн байгаа юм. Ер нь эргээд бодоход он цаг өнгөрөвч оюутан нас л хамгийн жаргалтай, хүсэл тэмүүлэл дүүрэн үе байх юм даа. Би хонхны баяраараа ангийнхаан хүн бүрт зориулж дөрвөн мөрт тэрлэж байсан юмдаг. Ангийнхнаас Б.Оюунгэрэл маань миний бичиж өгсөн “Хан Хөвсгөлийн ян сарьдгаас

Хаа холын Улаанбаатарт эрдмийг сурахаар ирсэн

Автобусны буудлын учрыг олдоггүй үе өнгөрч

Айлын бэр болж хотод үлдмээр байна” гээд үргэлжилдэг шүлгийг минь сүрхий цээжилсэн шүү” хэмээн бахархан өгүүлсэн. Бараа судлалын ангийнхан их сургуулиа төгсөөд Худалдаа бэлтгэлийн яамнаас томилолт авснаар ажлын гараагаа эхлүүлжээ. Үүнээс төрөлх нутаг руугаа томилогдсон нь ч цөөнгүй. Одоо тэд бүгдээрээ Худалдааны тэргүүний ажилтан болцгоогоод зогсохгүй төрийн дээд одон медалиар энгэрээ мялаацгаасан аж. Тухайлбал энэ ангид МУИС-ийн элсэлтийн албаны дарга, Бизнесийн удирдлагын доктор, “Алтан гадас” одонт М.Эрдэнэчимэг, “Монгол” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, АБТА Д.Цэцэгдулам, Нийслэлийн тээврийн газрын ажилтан Г.Сэлэнгэ, мөн “Юмт Бөмбөгөр” компани буюу бидний мэдэхээр “Бөмбөгөр” худалдааны төвийн захирал Р.Бадамгарав, “Мөнххаш” компанийн захирал, “Алтан гадас” одонт Ш.Золжаргал тэргүүтэй амжилт бүтээл дүүрэн яваа хүмүүс бий. Мөн Ш.Отгонбаяр, Г.Баярмөнх, С.Даваасамбуу, Ш.Наранболд, Х.Мэндбай, Г.Бямбажав, Б.Эрдэнэтуяа, Б.Энхтуяа нар салбар бүртээ амжилттай, сайхан амьдарцгааж байгаа гэсэн. Бурхны оронд одсон Я.Мандахбаяр, Т.Буяндэлгэр нарыгаа ч тэд мартаагүй. Биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд гэнэн цайлган, дэрвүүн дүр төрхөөрөө хадгалагдах болно хэмээн хэлж байлаа. Ямартай ч тэдний амжилт бүтээл дүүрэн яваагийн гол хүчин зүйл нь эзэмшсэн мэргэжилтэй нь салшгүй холбоотой. Тиймээс энэ мэргэжлийг эзэмшүүлсэн ачит багш нарынх нь гавьяа хамгийн их бий гэсэн.

“Мөнххаш” компанийн захирал, “Алтан гадас” одонт Ш.Золжаргал “Манай ангийнхан ихэнх нь аравдугаар ангиа төгсөөд ирсэн охид, хөвгүүд байсан л даа. Харин манай Д.Цэрэннадмид эгч нөхөр хоёр хүүхэдтэй. Гэсэн ч залуу л хүн болохоор дэггүйтэж, сахилгагүй үг хэлэн, алиа марзан юм ярьчихна. Тэгэхээр нь бид нар нүд, амаа том болгож ирээд л “Надиа эгч настай хүн байж ямар муухай юм ярьдаг юм бэ” гэнэ. Сүүлдээ бүр Надиа эгч өөрийгөө настай хүн гэж үнэмшээд өдөн цагаан малгай, торгон дээл өмсөөд нэг их намбатай байх гэж хичээдэг болчихсон байж билээ. Харин одоо Надиа эгч “Та нар намайг цэл залуу байхад минь настай гэсээр залуу насыг минь баллаж байж” гэдэг юм. Бид ч түүнийгээ дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг шүү. Эргээд бодоход 25 настай хүн чинь цэл залуугаараа байлгүй яахав” гэлээ. Ш.Золжаргалын хувьд ангийн даргын хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг байжээ. Сар бүр олгох стипенди, урлаг, спортын арга хэмжээ гээд бүхий л зүйлд тэрээр анги хамт олноо төлөөлөн гүйдэг байсан хэмээн ангийн нөхөд нь ярьсан юм.

Тухайн үеийн охидууд ихэвчлэн үнэгэн захтай пальто, дипломат цүнх, сээгий малгай, жинс, 310-ийн гутлаар гангардаг байжээ. Мөн оюутнууд загварлаг хувцсаар жигдрээд зогсохгүй ажил бүтээлээрээ ч нэгддэг байсан гэнэ.

“Oriflame” компанийн “Алтан” захирал А.Жаргал “Оюутан залуус мод их тарьдаг байсан шүү. Бас хотын цэвэр цэмцгэр байхад ч гэсэн хамгийн их анхаарна. Их сайхан байж дээ. Зүлгэн дээр гишгэдэг хүн гэж үгүй. Хэрэв зээ гишгэвэл таван төгрөгөөр торгоно. Одоо үед хэдий улам хөгжиж, дэвжиж соёлжоод байгаа мэт боловч хүмүүсийн ухамсарт бидний үеийнх шиг сэтгэл, зүтгэл байхгүй болсон юм болов уу гэж боддог юм” гэлээ.

Тэд ажил амьдралын эрхээр тал тал тийш нисэн одоцгоосон ч нэгнээ гэх сэтгэлээ хоромхон ч гээгээгүй. Ангийн нөхдийнхөө баяр жаргал, гуниг зовлонг хамтдаа хуваалцсаар өдийг хүрчээ. Энэ жил л гэхэд тэд их сургуулиа төгссөний 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн байна. МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн факультет нь Бараа судлал, худалдааны нягтлан бодох бүртгэл, худалдааны эдийн засагч гэсэн мэргэжлийн гурван ангитай байжээ. Тиймдээ ч 30 жилийн ойгоо Нягтлан бодох бүртгэлийн ангийнхантайгаа хийсэн байна. Энэхүү уулзалт тэдэнд залуу насных нь гайхалтай дурсамжийг хөврүүлж, тэр л үед очсон мэт баяр жаргалаар бялхуулсан гэдгийг онцлон өгүүлсэн. Басхүү энэ уулзалтад ангийн хөвгүүн А.Баярмөнх, үеийн төгсөгч нягтлангийн ангийн Төмөрбаатар нар нь “охид”-доо түшиг, чимэг, харуул хамгаалалт нь болж явсан гэсэн. Түүнчлэн тэд Худалдааны эдийн засагч ангийнхнаас ирээгүйд багахан сэтгэл дундуур байгаа аж. Тиймээс 2022 онд 35 жилийн ойн уулзалтад заавал ирээсэй гэдгээ хэлсэн. Мөн энэхүү “Нэг ангийнхан” буланг уншсан бол урилга гэж ойлгоорой гэдгээ ч дуулгаад амжсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *