Categories
мэдээ цаг-үе

МУГЖ М.Бадамгаравын том хүү П.Батчимэг: Ээжийг минь “Аман хуур” киноны Дарийнх нь дүрээр төсөөлж болно

Аман хуур киноны хэсгээс…

Монголын урлагийн алтан үеийн бурхдын нэг МУГЖ М.Бадамгаравын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүний том хүү П.Батчимэгтэй ярилцсан ярилцлагынхаа үргэлжлэлийг хүргэе.


-МУГЖ М.Бадамгарав гуайн шавь нарынх нь талаар дурсахгүй юу?

-Ээжийг мундаг нүдтэй гэж “Кино үйлдвэрийнхэн” ярьдаг байсан гэнэ лээ. Кино үйлдвэрийнхэн кино бүтээхдээ, тоглох дүрүүдээ их хайж, сорчилдог байж. Ээж ч гэсэн дүрүүдээ хайгаад гадуур явж байхдаа МУИС-ийн гадаад хэлний нэгдүгээр ангийн оюутан Н.Батцэцэг дээр очоод “дуулж бүжиглэдэг үү” гэж асууж л дээ. Тэгсэн чинь Н.Батцэцэг гуай ээжийг хараад “таг ангайгаад гайхчихсан” гэнэ. Жүжигчин хүн чинь бас “хөдөлж, ярьдаг” юм байна гээд./инээв/ Тэгээд кинонд тоглох дүр хайж яваагаа хэлж, гэхдээ яг чамайг авч байгаа юм биш. Хэд хоногийн дараа чам руу утасдана. Очоод шалгуулаарай гэж хэлсэн байгаа юм. Н.Батцэцэг кино үйлдвэрт очоод хорин хэдэн хүүхнүүдтэй цуг шалгуулсан. “Эх бүрдийн домог” киноны Нарангаравын дүрд шалгарсан. Ээжийн сонгосон Н.Батцэцэг Нарангаравын дүрд тэнцсэн. Эндээс Н.Батцэцэг гуайн жүжигчний карьер эхэлсэн гэж ярьдаг. МУГЖ Н.Батцэцэг ярихдаа “Намайг кино урлагт хөтөлж оруулсан хүн бол М.Бадамгарав гуай юм шүү дээ” хэмээн ээжийг хүндэтгэн дурсдаг юм. “Өөрийнх нь багш” гэж үздэг тухайгаа ч хуучилдаг. Ээжийг бурхан шиг шүтдэг хүн дээ. Төд удалгүй “Өглөө” киноны Сүхбаатарын дүрд тоглох хүн олддоггүй. Энэ киноны Сүхбаатарын дүрд Ц.Дашнамжил гуай тоглосон шүү дээ. Ц.Дашнамжил гуайн эхнэр манай эгч Уранчимэгтэй найзууд байхгүй юу. Манайхаар ирдэг. Нэг удаа нөхөртэйгөө цуг манайд ирсэн юм шиг байна. Энэ үед ээж хараад ажиглаж байснаа “Дашнамжил аа, миний хүү маргааш кино үйлдвэр дээр яваад очоорой” гэж хэлж. Ирэхэд нь ээж “Өглөө” киноны найруулагч Д.Жигжид гуайд “Сүхбаатарын дүрд нэг хүн аваад ирлээ” гэж хэлсэн байна. Д.Жигжид гуай харж байснаа жанжны хувцас өмсгөөд нааш цааш алхуулж үзээд шууд авсан гэдэг. Сүхбаатарын дүрийг манай Бадамгарав олсон шүү гээд Д.Жигжид найруулагч их сүйд болдог байсан гэнэ лээ. Ээж минь ийм л “нүдтэй хүн” байсан.

“Аман хуур” киноны Төмөрийн дүрд тоглодог Д.Элбэгсайхан гуай, Н.Батцэцэг хоёр ээжийн албан ёсны шавь нь. Тэр үед кино үйлдвэрт жүжигчдийг дагалдангаар хуваарилаад өгчихдөг. Хуваарилалтаар Д.Элбэгсайхан, Н.Батцэцэг хоёр ээж дээр хуваарилагдсан байна. Тухайн үед халамжлан хүмүүжүүлэгч гэж нэрлэж байсан юм билээ. “Мандухай сэцэн хатан” киноны Алтжингийн дүрд тоглодог СТА жүжигчин Н.Отгонтогос Дарханы 10 жилийг төгсөж ирээд заавал жүжигчин болно гэдэг жил нь манайх хүнсний дөрөвдүгээр дэлгүүртэй байранд байдаг байсан юм. Нэг өрөөгөө Анагаахын оюутан охинд түрээслүүлдэг. Тэр оюутан охины дүү нь Н.Отгонтогос байж таарсан. Эгч дээрээ хааяа ирдэг. Ирэхдээ жүжигчин Бадамгарав гуайнх энэ юм байна гэдгийг мэдсэн байж таараа. Ээжтэй уулзаад драмын ангид орох гэж байгаагаа хэлж, та надад зөвлөж шавиа болгон бэлтгэж өгөөч гэж хэлсэн байна. Ээж ч зааж зөвлөж, жүжигчин болоход нь тусалсан. Энэ тухайгаа Н.Отгонтогос гуай өөрийнхөө дурсамжинд бичсэн байдаг.

-Аавын тань тухай асуумаар байна л даа. Урлагийн хүний амьдрал хатуу гэдэг шүү дээ. Тэр дундаа урлагийн хүнтэй амьдрах хэцүү гэж ярьдаг. Гавьяат жүжигчний хань ижил, өөрийнхөө аавын талаар ярихгүй юу?

-Аав минь улс хоршооллын байгууллагад ажилладаг байсан. Гадаад явдлын яамны орлогч сайд, үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн орлогч дарга, үйлдвэрчний төв зөвлөл, нийгмийн даатгал, рашаан амралтын газрын даргаар ажилладаг. Улс хоршооллын төрийн алба хашиж байсан хүн л дээ. Ажил төрлөөр хөдөө орон нутаг их явна. Энэ хооронд аав, ээж хоёр минь бие биенээ нөхөж ар гэрийнхээ амьдралыг зохицуулчихдаг л байж. Нэмж хэлэхэд, манай аав өндөр хоршооны өндөр Г.Пунцаг гэдэг өндөр нуруутай хүн байсан.

-Хань ижилтэйгээ анх яаж танилцаж байсан тухайгаа хуучилдаг уу?

-Аав минь жүжиг үзэх дуртай хүн байсан тухайгаа ярьдаг юм. Жүжиг үзэж явж байгаад нэг өдөр ээжийн тоглосон жүжгийг үзэж л дээ. Жүжиг үзээд Бадамгарав гэдэг жүжигчин бүсгүй таалагдсан гэнэ. Тэгээд Бадамгарав гэдэг жүжигчнийг судалсан чинь нөхөргүй эмэгтэй байсан гэнэ шүү. Тэгэнгүүт нь яаж танилцах талаар бодож эхэлж. Тэр үед аав Гадаад явдлын яаманд ажилладаг байсан. Гадаад харилцааны сайд асан П.Шагдарсүрэн гуай аав хоёр найзууд байсан гэсэн. П.Шагдарсүрэн гуайн эхнэр нь МУГЖ Ө.Рэнцэнноров шүү дээ. Тэгээд хоёр найз хоорондоо ярьж “Чи Ө.Рэнцэнноровоороо дамжуулж намайг Бадамгаравтай танилцуулж өг” гэж хэлсэн байна. Тэр үед хоорондоо захиа өгч хайр дурлалаа илчилдэг, танилцдаг байсан үе. Тэгээд бичсэн захидалаа П.Шагдарсүрэн гуайд Ө.Рэнцэнноровд өгөөрэй гэж өгнө. Ө.Рэнцэнноров нь Бадамгарав гуайд захиаг нь өгөөд буцаад энэ дамжлагаараа хариу захиа өгч авдаг байж. /инээв/ Ингэж нэг жилийн хугацаанд захиагаар танилцаж байгаад бие биендээ таалагдаж гэр бүл болцгоосон гэдэг. Гэхдээ суухаасаа өмнө нэг сонин тохиолдол болсон гэж байгаа юм.

1945 онд манай ээжийн ээж Хоролхүү бурхан болсон байдаг. Тэр үед ээжийг хоёр залуу эргүүлж “сууя, гэрлэе” гэдэг байж л дээ. Хоёулаа л сайхан хүмүүс байсан. Ээж алийг нь сонгохоо мэддэггүй, эргэлзэж байж. Тэгсэн нэг шөнө зүүдэнд нь ээж нь орж ирээд “Миний охин тэр хоёр хүнийхээ өндөр биетэй, монхор царайтай, бор хүнтэй суу” гэж хэлсэн гэдэг. Тэр өндөр биетэй, бор царайтай хүн нь манай аавын дүр төрх байсан. Ээж минь зүүдэндээ орж ирсэн ээжийнхээ зөвлөгөөний дагуу тэр хоёр хүнээсээ манай аав Г.Пунцагийг сонгосон гэж ярьдаг байлаа. Энэ их сонин тохиодол байгаа биз.

– Ээж тань өөрийнхөө бага насны талаар дурсдаг байв уу. Өөр сонин содон түүх байдаг болов уу?

МУГЖ М.Бадамгарав хүү, ач зээ нарын хамт

-Бага байхдаа дуу дуулж, бүжиглэх дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж ярьдаг. Дандаа гүйж, шогшиж явдаг. Гэрийн гадна байгаа моднуудаас уртыг нь ятга болгож тавиад, өөрөө ятга дарж байгаа юм шиг дараад, дуулж өгдөг байсан гэж хуучилдаг юм. Багаасаа өөрийгөө урлагийн хүн гэдгээ мэдэрдэг байсан болов уу. Ээжийн нагац ах, эмэг эхийн ах нь Нацагдорж гээд мундаг оточ хүн байсан. Ээжийг бага байхад эмийн ургамал их түүлгэдэг. Бадамгарав их сэргэлэн. Хэрвээ эрэгтэй хүн байсан бол манрамба болгоно гэж хэлж байсан гэнэ лээ. Нэг өдөр найруулагч Б.Нагнайдоржийн ээж өвдөөд европ эмчилгээ хийгээд болохгүй болохоор нь Бадамгарав гуай нууцаар хүмүүст эмчилгээ хийдэг гэсэн, очиж гуйя гээд ирж байж. Учир байдлаа хэлтэл ээж зөвлөөд, уух эмийг нь бэлдэж өгөөд явуулжээ. Найруулагч Б.Нагнайдорж ээждээ, ээжийн зөвлөгөөний дагуу эмээ өгөөд байсан чинь дорхноо эдгэрчихсэн гэсэн. Бас манай аав элэгний циррозтой болоод Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар ээжийг нууцаар дуудаж “Та Пунцаг гуайд битгий хэлээрэй. Пунцаг гуай нэг сарын настай боллоо. Та нар ч гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ямар ч эмчилгээгүй” гэж хэлж. Тэгэхээр нь ээж гайгүй байлгүй гэж хэлээд тэр үеийн Алтангэрэл гэдэг мундаг оточ лам хүн дээр очиж, учир байдлаа хэлж зөвлөлдөөд ямар эмчилгээ хийх талаар ярьж л дээ. Тэгэхэд нь зарим хэрэгтэй эмийн ургамлыг гадаадаас авчирах шаардлагатай байж. Энэ үед аав ээжээсээ хураагдсан шижир алтан бөгжөө гадаад явах хүнд өгч явуулаад хэрэгтэй эмийн ургамлыг нь авч ирэхийг захисан байна. Тэр хүн нь ч хэрэгтэй эмийн ургамлыг авч ирснээр оточ Алтангэрэлтэй нийлж эм бариад аавыг эмчилсэн. Тэр цагаас хойш нэг сар л амьдрах настай байсан хүн чинь 17 жил амьдарсан юм даа. Сүүлд эмч нар элгийг нь шалгаж үзэхэд хүүхдийн элэг шиг болсон байхыг нь хараад гайхаж байсан гэдэг.

-“Аман хуур” киноны Дарь авгайн дүр бол ааштай, ширүүн дүр. Нөгөөтэйгүүр хар буруу санаагүй, хэлэх гэснээ шударгаар хэлчихдэг хүний дүр л дээ. Бодит байдал дээр хувь хүнийх нь зан араншин ямархуу хүн байсан нь сонирхолтой санагддаг юм?

-Манай ээж Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Энэ нутгийг хутагт хувилгаадын нутаг гэж ярьдаг шүү дээ. Эмэг эхийн минь хоёр ах нь мундаг хувилгаад, оточ хүн байсан гэнэ лээ. Эмэг эх маань ч өөрөө юм үздэг хардаг авьяастай, шашин шүтлэг талаасаа хувилгаад хүмүүсийн шинж төрхийг агуулсан хүн байсан гэдэг. Айхавтар ёжтой мөртлөө цэцэн цэлмэг үгтэй байсан гэж эмэг эхийг минь ярьдаг юм. Гэхдээ хүнд атаач зан гаргахгүй ч хүний байр байдлыг ёжтойгоор хэлчихдэг байж. Ээжийн ээж болох эмэг эх Хоролхүүтэй “Аман хуур” киноны Дарь гуайн дүр, зан аашийн хувьд их төстэй гэж ярьдаг байсан юм билээ. Завхан аймагт эмэг эхтэй хамт амьдарч байсан хүмүүс “Аман хуур” киног үзчихээд М.Бадамгарав ерөөсөө ээжийнхээ дүрийг гаргачихаж. Ээж нь яг ийм ааштай хүн байсан гэж ярьдаг байсан гэсэн. Ээж ярихдаа “Аман хуур” киноны Дарь бол өөрийнх нь зан араншингаас эсрэг дүр гэж ярьдаг. Харин үр хүүхэд бид ээжийнхээ тухай ярихдаа “Дарь авгайрхуу зантай” гэж ярьцгаадаг юм. /инээв/. Ээжийг маань “Аман хуур” киноны Дарь гуайн дүрээр төсөөлж болно. Хүнийг командална. Нөхрөө ч командална. Ардын жүжигчин Цогзолмаа гуайн дурсамжинд “Манай Бадамгарав гуай ер нь их эрэмгий эршүүд зантай. Хэлэх үгээ түс тас хэлчихдэг. Эрчүүдийг их удирдаж командална. Хөзөр, даалуу тоглохдоо бид нарыг зад хождог. Намын хуралд хэнээс ч айхгүй хэлэх үгээ хэлчихдэг. Тэр үед ийм хүн ховор байсан” гэж хэлдэг.

-М.Бадамгарав гуай тоглосон киноныхоо дүрийг хүмүүсийн зүрх сэтгэлд хоногштол үлдээж чадсан. Энэ сайхан дурсамжуудаасаа юу гэж хуучилдаг байв?

-Ээжийн тоглосон дүрүүдэд хэлсэн үг нь ард олны дунд хэлц үг болтлоо хүмүүсийн зүрх сэтгэлд нь хоногшсон. Тоглож байгаа жүжгэн дээрээ хэлсэн үг нь ард түмний дунд хэлц болтлоо хөгжинө гэдэг тухайн жүжигчний дүрээ сайн гаргасны шинж гэж үздэг шүү дээ.

“Өнөр бүл” кинонд үйлдвэрийн даргын эхнэрийн дүрд тоглохдоо “Хөгшин болсон гэж бодож болдоггүй юм байна. Хөгшин азарга жороо сурна гэгчээр өвгөн хүн бас хүүхэнтэй болздог байх нь ээ” гэж хэлдэг хэсэг нь ард олны дунд хэлц үг болон тод үлджээ. Түүнчлэн энэ кинон дээрээ парк дээр нөхөртэйгөө цуг явж байхдаа нөхөр нь “Бид нэг эмэгтэйг эрээд байгаа юм аа” гэхэд нь “Ямар эмэгтэй, алдуул юм уу” гэж хэлдэг дээ. Энэ үгийг ээж өөрөө “зохиож” хэлсэн гэдэг.

Сүүлд “Өнөр бүл” киног “Өнөр бүл өнөө цагт” гээд орчин үеийн хувилбараар гаргасан. “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэрийн дүрд жүжигчин Ш.Алтанцэцэг тоглосон. Энэ талаар Алтанцэцэг ярихдаа “Энэ дүрийг бүр төгс болтол нь гаргасан Бадамгарав гуайн дүрийг олон түмэнд гаргаж харуулна гэхээс үнэхээр айж байсан. Тэр “Алдуул юм уу” гэж төгс хэлсэн үгийг би яаж хэлэх юм гэж айж байсан” гэсэн. Мөн “Хүлээлт” гээд телевизийн жүжиг дээр Найдан гуайтай хамтарч тоглосон дүр нь хүмүүсийн зүрх сэтгэлд маш их хүрсэн байдаг. Хоёулаа Өвөө, эмээ. Хоёр өөр хүүхдүүдтэй. Энэ хоёр хамт амьдарч байгаад өөр өөрсдийнхөө хүүхдийн ач гучыг харна гээд салаад явчихдаг. Энэхүү хугацаандаа нэг нэгнээ санаад, гудамжинд уулзаад ярилцдаг даа. Энэ жүжгийг хүмүүсийн зүрх сэтгэлд хоногштол, дотор нь ороод яг тэр дүрээрээ амьдарч байгаа юм шиг жүжиглэсэн дээ.

-Зууны манлай жүжигчин Т.Цэвээнжав гуайтай М.Бадамгарав гуайг их андуурдаг. Амьдрал дээр андуурах тохиолдол байсан болов уу?

-Одоо болтол хүмүүс андуурдаг. Дүү бид хоёр сая Завхан аймагт ээжийнхээ 100 насны ойн бэлтгэл ажлаар очиж ээжийгээ танилцуулсан. Нутгийн улсууд нь энэ М.Бадамгарав гуай чинь манай нутгийн хүн юм уу. Бид нар энэ хүнийг Цэвээнжав гуай гэж боддог байсан шүү дээ гээд нутгийн улсууд нь мэдэхгүй байсан. Т.Цэвээнжав гуай бол Дорнод аймгийн Матад сумын хүн шүү дээ. Тэр битгий хэл, ээжийн үеэл ах Дамдин гэдэг хүн хүртэл андуураад “Аман хуур” дээр Т.Цэвээнжав гуай гүй ээ мөн айхавтар тоглож байна шүү гэж бид нарт ярьж инээлгэж байсан юм. Гэхдээ ээж Т.Цэвээнжав бид хоёр шал өөр шүү дээ гэж ярьдаг. Т.Цэвээнжав бол бор, дугуйдуу царайтай. Би бол шардуу царайтай шүү дээ. Хүмүүс биднийг их андуурах юм гэж хэлж байсан.

Заримдаа ээжийг амралт, сувиллын газраар явж байхад хүмүүс “Энэ нөгөө Цэвээнжав гуай байна шүү дээ. Цэвээнжав гуай, сайн байна уу гэхэд нь “уучлаарай Бадамгарав нь байна аа” гэж хэлсэн тохиодол байдаг гэсэн.

Т.Цэвээнжав гуай ээжтэй дотнын сайн найзууд байсан юм. Цэвээнжав гуайн нөхөр Батзундуй гэж хүн байсан. Энэ хүн цэрэгт татагдаад Дорнод аймагт яваад ирэхдээ Цэвээнжав гуайтай танилцаад түүнийг авьяаслаг болохоор нь хотод авч ирсэн юм байна лээ. Ийнхүү Т.Цэвээнжав гуай театрт ороод явсан. Ээжээс театрт сүүлд ирсэн ч найзууд бие биенээ олж дотно найзалсан түүх эхэлжээ. Ээж заримдаа тэднийд очиж хонодог. Унтаж байхад нь Батзундуй гуай түрүүлж босоод, хөөе хоёр дамшиг минь босооч, цаана чинь ажилдаа явах цаг болчихлоо, хоолоо идчихээд ажилдаа яв гэдэг байсан гэнэ. Хоол сайхан хийдэг. Орой болохоор залуу хүмүүс бүжиг танцанд явах гэхээр Батзундуй гуай их л дургүй байдаг байж. Харин ээж ирээд хамт явъя гэхээр ер татгалзалгүй, тэр хоёрыг явуулчихдаг байсан гэнэ лээ. Батзундуй гуай энэ хоёр хүний үерхлийг хүндэтгэдэг байснаас гадна ээжид их итгэдэг байсан юм шиг ээ.

-Дарь гуайн дүрд тоглож байх үеийн нийгэм намын хатуу хяналтан дор байсан цаг. Кинон дээрээ “Хот тохижилтын газрыг хот бусниулагч газар” гэж хэлдэг шүү дээ. Энэ үгийг тэр үеийн нийгэмд хэлж жүжиглэнэ гэдэг “Их зориг” гэж боддог юм?

– Нэг Дипломатч “Аман хуур” киног тухайн социализмын үед найруулсан Жамсран гуай, түүнд тоглосон Бадамгарав гуай нар бол тэрсүү үзэлтэй хүмүүс гэж хэлэгдэхээр үгнүүд хэлдэг. Хот тохижилтын газрыг хот бусниулагч газар гэж хэлчихээд ингэлээ гээд гэмгүй цагаан ардыг шоронд хийхгүй нь лав гэж хэлж байна гэдэг тэр үедээ тэрсүү үзэлтэй үг. М.Бадамгарав гуай тэр үед би намын гишүүн хүн ийм дүрд ийм үг хэлэхгүй гэж хэлэх эрхтэй байсан мөртлөө ингэж зүрхэлж тоглосон. Кино зохиол бичсэн Дожоодорж, найруулагч Жамсран гуай, МУГЖ Бадамгарав гуай нарыг биширмээр гэж бичсэн байсан. Ээж минь энэ дүрийг миний эсрэг дүр. Би жүжигчин хүн юм чинь сайн дүрийг ч, муу дүрийг ч бүтээх ёстой гэж хэлдэг байсан юм. “Дарь” авгайн дүрд Т.Цэвээнжав гуай, Сономын дүрд Цагааны Цэгмид гуай тоглох ёстой байсан юм байна лээ. Энэ үед хоёр жүжигчний бие нь муу байсан учраас тоглоогүй юм билээ.

-“Аман хуур”-ын Соном өвгөн алдартай дүр. Энэ дүрд тоглосон Т.Цэрэнлхүндэв ямар мэргэжилтэй хүн бэ. Хэдий хугацаанд сэрүүн тунгалаг байсан бол. Энэ хүнтэй Бадамгарав гуай хэр дотно байсан бэ?

-Т.Цэрэнлхүндэв гуай СТА, мэргэжлийн жүжигчин хүн биш. Тухайн цаг үед Т.Цэрэнлхүндэв гуай урлагийн клубүүдээр сайн дурын уран сайханчаар ажиллаж, жүжиглэх авьяас нь олон түмэнд танигдсан төрөлхийн авьяастай хүн. Ийм болохоор Цагааны Цэгмид гуай бие нь өвдөөд Соном өвгөний дүрд тоглож чадахаа болих үедээ “Соном өвгөний дүрд тоглох хүнээ өөрөө олж өгнө” гээд Цэрэнлхүндэв гуайг олж өгсөн байдаг юм. Т.Цэрэнлхүндэв гуай театрын кассчин, автобусны кондуктор хийдэг байсан. Ээжийг “чи мэргэжлийн мундаг жүжигчин. Би энэ дүрийг яаж гаргах талаар надад хэлж өг гээд шалаад суучихдаг байсан гэсэн. “Аман хуур” кинон дээр Дарь гуай Соном өвгөн рүүгээ халбагаар далайдаг хэсэг гардаг даа. Тэр хэсэг дээр Цэрэнлхүндэв гуай тоохгүй байгаад байж. Тэгэхээр ээж “Үгүй ээ, би чам руу далайхаар чи дальдчаа морь шиг дальдчих ёстой шүү дээ” гэх мэтээр зааж зөвлөдөг байж. Цэрэнлхүндэв гуайн хүүхдүүд нь “Аман хуур” киног үзчихээд манай ээжид жаахан дургүйлхдэг. Аавыг нь кинон дээр дээрэлхээд байдаг болохоор дургүйцэж. Харахаараа муухай ааштай эмээ гэдэг. Аав нь “болохгүй шүү хүүхдүүд ээ, Бадамгарав гуай их том хүн шүү” гэж хэлсэн юм байна л даа. Тэгэхэд нь авдар өргөөд явдаг дүрээр нь чадалтай гээд том гэж байгаа юм уу гэж асууж л дээ. Тэгэхэд нь Цэрэнлхүндэв гуай “Биш биш хүү минь. Авьяас чадвар нь их том хүн шүү” гэж хэлсэн гэдэг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *