Categories
мэдээ нийгэм

МҮЭ-ийн холбоо шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардлаа

01-23 HBH

МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэрэглэгчийг хохироон, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй холбогдох компаниудад “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 7.1.1, 7.1.2, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг Засгийн газарт санал, шаардлага хүргүүлж байна. Энэ талаараа өнөөдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон салбарын ҮЭ-ийн холбооны дарга нар хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгсөн юм.

Тус шаардлагад

-”Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” нь 2018 оны 01 дүгээр сарын 09, 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хуралдаж тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, тодорхой зөвлөмжийг Засгийн газар, холбогдох компаниудад хандан хүргүүлсэн билээ. Зөвлөмжийн дагуу шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний авобензиний /А-80, АИ-92/ хангамж үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг зөвлөмж болгон үнийн зөвлөлөөр харилцан тохиролцсон боловч сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний автобензиний хангамж борлуулалт дийлэнх шатахуун түгээх цэгүүдэд доголдож борлуулахгүй байх, хомсдол үүсгэх, үүний улмаас олон цагаар урт дараалал үүсч хэрэглэгч иргэдийн бухимдал ихээхэн үүсч байна. Энэ чиглэлээр МҮЭ-ийн холбоонд иргэдээс гомдол шаардлага ихээр ирсээр байна.

Хэрэглэгч, иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлыг авч үзэхэд шатахуун импортлон борлуулах давамгай эрх авч бензин шатахуун импортлон борлуулдаг хэдэн компани шатахууны борлуулалтад зохиомол хомсдол үүсгэн ард иргэдээ төр засагтай нь хамт “шантаажилж” хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж болохоор байна. Хамтарсан үнийн зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон асуудал хариуцсан албан тушаалтны албан ёсны мэдээллээс авч үзвэл шатахууны нөөц хангалттай байгаа нь нотлогдсон болно.

Иймд хэрэглэгчийг хохироон, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй холбогдох компаниудад “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 7.1.1, 7.1.2, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг Монгол Улсын Засгийн газарт санал болгон шаардаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *