Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.
Тухайлбал,
- МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг 2021 оны есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
- МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
- МҮБХ-ны дэд тэргүүнээр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. МҮБХ-ны Дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллах ёстой байдаг.
- Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
- Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.