“Motorola” компани “Android Wear” үйлдлийн систем бүхий шинэ загварын ухаалаг цагаа танилцууллаа.
“Moto 360” ухаалаг бугуйн цаг хоёр төрөлтэй гарсан байна. Тэдгээрийн нэгэнд байрлал заагч төхөөрөмж суулгаж өгсөн бөгөөд ингэснээр цагийг гар утастай холбоогүй үед дасгал, хөдөлгөөнийг хянах мэдээллийг цуглуулахад туслах ажээ.
Мөн хэрэглэгчид цагийг захиалахдаа өөрийн хүссэнээрээ загварыг өөрчлөх боломжтой байна.
Гэвч уг бүтээгдэхүүн зах зээлд байр сууриа олохын тулд нэлээд хэцүү шалгууруудтай нүүр тулна гэж “IHS Technology” судалгааны компанийн шинжээч Иан Фогг үзжээ.
Тэрбээр,”Moto 360″ ухаалаг бугуйн цаг өнгөрсөн жил анх гарахдаа дугуй хэлбэрийн нүүртэй байсан нь бусад ухаалаг цагаас ялгарах өвөрмөц онцлог нь байсан учраас борлуулалт гайгүй байсан. Харин энэ жил “Apple” компаниас бусад ухаалаг цаг гаргаж буй компани болгон дугуй нүүртэй цаг хийж байна. “Google” компаниас гаргасан программ хангамж нягт хяналттай бөгөөд “Android Wear” үйлдлийн системийн бугуйн цаг болгонтой бараг адилхан. Тиймээс энэ бүхнээс ялгарах цорын ганц арга зам бол техник хангамжийг сайжруулах асуудал юм гэж ярив.
Берлин хотод болсон “IFA-2015” технологийн үзэсгэлэнгийн үеэр “Motorola” компани цагийг танилцуулсан байна. Энэ сарын сүүлээр худалдаанд гарах цагуудын үнэ загвараасаа шалтгаалан өөр өөр байх ажээ. Цагийн үнэ 229 еврогоос эхэлнэ.
Э.Анхбаяр