Categories
мэдээ нийгэм

Морин хуурын чуулга Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ

Монгол Улсын Морин хуурын чуулга Япон Улсын Гадаад Хэргийн сайдын Өргөмжлөл хүртлээ. Энэхүү өргөмжлөл нь Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хувь хүнд олгодог. Гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы Эзэн Хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.

2004 онд Монгол Японы дипломат харилцааны 30-н жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, нэрт морин хуурч Ардын жүжигчин Ц.Батчулуун агсанд Японы Эзэн хааны шагнал “Мандах нар” одонгийн Сарнай цэцгэн хэлбэрт товч бүхий “Нарны алтан туяа” зэрэглэлийн одон олгож байсан бол 15-н жилийн дараа Морин хуурын чуулгад Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгож буй явдал нь хоёр улсын харилцаанд Морин хуурын чуулгын оруулсан хувь нэмрийг бататгасан хэрэг болж буйг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцоллоо.

Тус чуулга 1992 онд байгуулагдсан цагаас хойш, төр засгийн өндөр хэмжээний айлчлал болон олон улсын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон “Морин хуурын олон улсын наадам”, “Дэлхийн соёлын нээлттэй наадам”, “Азийн дуу хөгжмийн наадам”, “Дэлхийн соёл, Азийн хөгжим” зэрэг дуу хөгжмийн наадамд тогтмол амжилттай оролцож тэргүүн байр, Гран При шагналуудыг хүртэж байсанаас гадна гадаадын 30 гаруй орноор аялан тоглолт хийсэн бөгөөд тэр дундаас НҮБ-н Төв танхим, UNESCO-н чуулганы танхим, Австрийн филармон, АНУ-н Карнегийн танхим зэрэг дэлхийн нэр алдартай олон тайзнаа үндэснийхээ хосгүй өв соёлыг сурталчлан таниулж соёлын Элчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *