Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурч Н.Жигжиддорж тоглолтоо хийнэ

Монгол Улсын Филармонийн Морин хуур чуулгын концейртмейстр, удирдаач хуурч Н.Жигжиддорж ирэх долдугаар сарын 4-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын тахимд шинэ цомгийн нээлтийн тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтын талаар Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров “Хуурч Н.Жигжиддоржийн шинэ цомогт орчин цагийн монголын мэргэжлийн хөгжмийн сор бүтээлүүдийн дээжсээс оржээ. Ш.Өлзийбаярын морин хуур найрал хөгжмийн хоёрдугаар концерт нь хуурчийн уран чадварыг шавхсан, найрал хөгжмийн дуурьслын нэн сонирхолтой, сонгодог хэлбэрийн бүтээл юм. Хөгжмийн зохиолч энэ бүтээлээ хуурч Жигжиддоржид зориулан туурвиж Жигжиддорж анхлан хуурдсан юм. Б.Шарав, Х.Билэгжаргал нарын хийл, морин хийл, төгөлдөр хуурын гурвалууд монголын хөгжмийн 20-р зууны ололтыг бүрнээ илэрхийлэх бүтээлүүд. Хийлийг морин хуураар орлуулан хөгжимдсөн нь Жигжиддоржийн зориг бас чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Миний “Саруул талын дээгүүр” гэх гурвалыг энэ цомогт оруулсанд талархахын ялдамд уг бүтээлийг шинэ сэргэг дуурьсал, уран чадварын сайхан охь оргилуулан хөгжимдсөнд баярлууштай. Жигжиддорж хуурчийн хөгжимдөх өндөр эрэмбэ, хуурынх нь өрнүүн эрчимт дуурьсалыг сонссон хэний ч сэтгэл хөдлөж, баяр баясал, ухаарал гэгээрэл өгнө гэдэгт итгэнэм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Дашрамд дуулгахад, тэрээр 25 нас хүрэхдээ тэрээр Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим зэрэг дэлхийн гурван тивийн том тайзнаа гарч хуурдаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *