Categories
мэдээ нийгэм

Монголоос ОХУ руу 2000 гаруй зээр дайжжээ

zeerМонгол орны 11 аймгийн 170 сумын нутагт уудам тал, ухаа толгодоор цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн амьдардаг байсан цаг алсарсаар буй. Тэртээ 1970-аад онд анх удаа цагаан зээрийг тоолоход таван сая тоо толгой байсан бол 2011 онд явуулсан тооллогоор гурван сая хүрэхтэй үгүйтэй тоологдож. Түүнээс хойш хэчнээн нь хорогдож, хэд нь хүний нутаг руу дайжсаныг хэн ч хэлж мэдэхгүй.

Энэ сарын 19-ний өдөр ОХУ руу Монголоос 2.1 мянга гаруй зээр дайжсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Оросууд Монголын зээр дайжин очиж буй гол шалтгааныг амьтдын өвс тэжээлийн хомсдолтой холбон тайлбарлаж буй аж.

Зээр угаасаа тэнгэрийн ааш авир ямар байхыг андалгүй мэддэг гэдэг. Өнөөдрийн байдлаар Монгол орны жараад хувь цастай байна. Зээр дайжиж буй нь хүндхэн өвөл болохын дохио ч байж мэдэх юм.

Цагаан зээр тал хээрийн экосистемийг тэнцвэртэй байлгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулдаг байна. Тоо толгой нь эрс цөөрч буйн хамгийн гол шалтгаан өвс тэжээлийн хомсдол, зарим төрлийн халдварт өвчин, түймэр, уул уурхайн салбарын хөгжил, хүмүүсийн зүгээс явуулж буй сөрөг үйл ажиллагаатай холбоотойг мэргэжилтнүүд хэлсээр ирсэн.

Цагаан зээр нь унаган төрхөө хадгалж үлдсэн, дэлхийд ховорт тооцогдох тал хээр уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулдаг. Хуурай хээрийн эко системд цагаан зээрийн үзүүлэх эерэг нөлөө асар их.

Цагаан зээр устсан тохиолдолд тал хээрийн бүлгэмдэл өөрчлөгддөг байна. Түүний улмаас цөлжилт идэвхждэгийг мэргэжилтнүүд анхааруулж буй юм. Эрдэмтэд 2080 он гэхэд Монголын өргөн уудам нутгийн 80 гаруй хувь бүрэн цөлжинө гэж тодотгожээ. Өвстэй газар хайн бэлчдэг зээрийн сүрэг төмөр замын өргөст торонд амиа алдах тохиолдол цөөнгүй. Мөн хууль бус агналтаас болж зээрийн сүрэг багасаж буй билээ.

2011 онд БОАЖЯ-ны журамд ангийн жуулчин цагаан зээрийн нэг толгойг 190 ам.доллар төлж агнахаар тусгажээ. Бид Монголын сайхан байгаль, байгалийн баялаг зөвхөн өнөө үед амьдарч байгаа хүмүүсийнх биш, ирээдүйд үлдээх ёстой өв юм гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй юм.

Цагаан зээр бэлчээрлэх явцдаа туурайгаараа газрын өнгөн хөрсийг сийрэгжүүлж, ургамал үржих таатай нөхцөл бүрдүүлдэг. Тэр ч байтугай ургамлын үрийг хөл болон биедээ наалдуулан тарааж, түүнийгээ гишгэн газарт суулгадаг аж.

Зээрийн мөрөөр хонхойсон газарт борооны ус хуримтлагдан тогтож, бэлчээрийг усжуулдаг, зун, намрын улиралд цагаан зээрийн сүрэг өвсний шүүдрийг газрын хөрсөнд буулгадаг нь 50 мм хүртэл хур тунадас орсонтой адил чийг болдог байна. Хуурай хээрийн бүсэд жилд ердөө 150-200 мм хэмжээтэй хур тунадас унадаг гэхээр зээр дөрөвний нэгтэй нь тэнцэх чийг өгдөг усалгааны үүрэгтэй амьтан ажээ.

ЗЭЭР. Хул шаргал зүстэй, богино сүүлтэй. Хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлыг идэш болгоно. Зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин, сүргийн манлайг цэгц гэдэг. Дунджаар 30-40 толгой нь нэг сүрэг болно. Зээрийн сүрэг долоо хоногт 100-150 километр алсад нүүдэллэдэг. Цагт 80, 90 километр хурдална. Зээр машинаас дайжин хуйлран зугтахдаа заавал машины урдуур шурган гардаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *