Categories
мэдээ цаг-үе

​Монголоороо гоёдог Ш.Гүрбазарынх

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазарынд өнжлөө.Тэрээр эхнэр, бага охины хамт 13 дугаар хорооллын “Шинэ зуун” хотхонд амьдардаг юм байна. Цай, цүү болох зуур түүний нутаг ус, ижий аавынх нь тухай асуухад “Би Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн. Хүний ганц хүү юм.

Миний аав ерийн нэг манаач хүн байлаа. Би “Хоршоо Дэрэм” шүлгээ аавдаа зориулж бичсэн юм шүү дээ. Ээж минь энгийн сайхан эмэгтэй байлаа. Ээждээ зориулж 40-өөд дуу хийсэн дээ” гэв. Тэрбээр зургаан настайдаа аймгийн төвийн хүүхэд болжээ. Улмаар аймгийнхаа арван жилийн сургуулийг 1973 онд дүүргэсэн байна. “Манай ангийнхан намайг дөрөвдүгээр ангидаа хийсэн ажлаа яг одоо ч хийсээр яваа гэж шоолдог юм. Би сургуульд байхдаа л шүлэг уншдаг хүүхэд байлаа. Уралдаан тэмцээнд их орно. 1969 онд Монголын Пионер сурагчдын урлагийн үзлэгт орж алтан медаль авч байв. Ленины мэндэлсний 100 жилийн ойгоор юм байна.Тэр үеэсээ хойш л өнөөг хүртэл энэ зам мөрөөр явна даа” гэсэн юм.

Түүний гэргийг А.Мөнхцэцэг гэдэг. Тэд хорвоогийн жаргал, зовлонг хамтдаа туулаад хэдийнэ 47 жилийг ардаа орхижээ. “Би наймдугааар ангидаа эхнэртэйгээ танилцсан. Эхнэр маань тэр үед долдугаар ангид байлаа. Танилцсаныхаа дараа жил нь гэхэд нэг гэрээс хичээлдээ явдаг болцгоосон доо. Ханьтайгаа танилцаад хагас зуун жил болоход гурван жил л дутуу байна” хэмээн гэрийн эзэн ярьлаа. 47 жил байтугай дөрөв тавхан жил ч бололгүй үр хүүхдээ өнчрүүлээд салдаг хүмүүс олон. Тэгвэл энэ урт хугацааг хамтдаа туулахдаа ямархан ухаан зарав гэдгийг түүнээс асуухад “Ер нь хүн өөрийнхөө хийж байгаа зүйл, туулж ирсэн амьдралаа эргэцүүлэхгүйгээр урсгалаараа явна гэж байдаггүй. Яагаад энэ хүртэл хамтдаа явав гэдгээ бодож байсан. Гэр бүл салж сарнихгүй байхад нөлөөлдөг хоёр зүйл байдаг юм байна лээ. Юу вэ гэхээр, хосууд гэр бүл болно гээд нэгэнт л шийдчихсэн бол аль аль талынх нь ээж, аав хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэгж чадваас цаашид урт удаан он цагийг туулдаг. Ухаандаа манай аав намайг найз охинтой болжээ гэж сонсоод эхнэрийн маань аавынд давхиж очсон байгаа юм. Ингээд хоёр тал ч мэдэж, дэмжээд ирэхээр хүүхдүүд улам л хөөрч догдолж гүйнэ шүү дээ. Хүүхдүүдийг бага дээр нь танилцуулж, түүнийг нь дэмжиж хөөргөж байгаадаа гол нь биш. Нэгэнт л танилцаад ирсэн бол тэр амьдралыг дэмждэг, хүндэлдэг байсны илрэл. Ийм хүндлэлээр гэр бүлийн амьдрал нэг хэсэг явна. Түүн дээр өөрсдийнх нь бие биеэ хүндлэх ухаан нийлэхээр цаг хугацаа болдог байх. Одоо бол удам судар, ар талыг харна, сургууль соёлоо төгсчихөөд бол гэнэ. Урьд нь ингэж сонжиж, тандах бус яг л монгол хүний сайхан сэтгэлээр ханддаг, хүлээн авдаг байж. Бид үүнийг үр хүүхэд, хойч үедээ бодмоор санагддаг. Дээрээс нь гэр бүлийн хүмүүс сонирхол, хүсэл эрмэлзлэл нэг байвал харилцаа бат бөх байдаг. Ер нь тэгээд үндсэндээ хайр л юм даа. Өөр юу ч биш. 47 жилийн өнгөн дээрээс харахад ийм л зүйлийг хэлэх байна” гэв.

Түүний гэргий мөн л адил УБИС-ийн Утга зохиолын багшийн ангийг дүүргэсэн нэгэн. Тэрээр Анагаахын их сургуульд анхлан суралцаж байсан ч Ш.Гүрбазар өөрийнхөө сургуульд оруулчихсан гэнэ. Энэ тухай тэрээр “Амьхандаа хардсан бас хажуудаа байлгах гэсэн хэрэг. Би нөлөө бүхий оюутан байсан болохоор ярьж байгаад өөрийнхөө сургуульд оруулчихсан юм. Гэхдээ манай эхнэр эмч болсон бол тун сайн эмч байх байсан болов уу. Их мэдрэмжтэй хүн дээ” гэлээ.

Эднийх хоёр охинтой. Том охин нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Англи хэлтэй. Мөн ХБНГУ-д Утга зохиол, телевизийн рекламын зохиолч найруулагчийн чиглэлээр сургууль төгсжээ. Одоо хань, хоёр хүүхдийн хамт Германд ажиллаж, амьдардаг байна. “Хүргэн маань их сайн хүү бий. Манайх хоёр хөөрхөн зээтэй болсон. Тэндээ нэг хэсэг болно байх. Охин маань зохиол бичихээр оролдож байгаа шүү. Харин бага охин Италийн Ромд олон улсын харилцааны чиглэлээр сургууль төгссөн. Цаашдаа үргэлжлүүлэн сурна. Бага охин удахгүй хань ижилтэй болно байх. Чимээ чагнаад л сууж байна” гээд Ш.Гүрбазар гуай инээмсэглэлээ.

Аав, ээж болно гэдэг магад хүн болсны утга учир гэлтэй. Тиймдээ ч үрийн зулай үнэрлэсэн хэн бүхэн баяр жаргалыг мэдэрч, илүү ихийг хийж бүтээх эрмэлзлэлээр хөглөгддөг биз ээ. Түүний аав болж байсан тэрхүү гэгээн мөчийн түүхийг асуухад “Би 1977 онд том охиноо өлгийдөж авч байлаа. УБИС-аа төгсчихөөд Монголын зохиолчдын хороонд аман зохиолын сурталчилгааны чиглэлээр ажиллаж байсан үе. МЗХ-ны даргын машинтай эхнэрээ эмнэлгээс нь гаргасан юмдаг. Бас болоогүй Чингис хааны одонт, найруулагч Г.Мэнд-Ооёо, Үржингийн Хүрэлбаатар, Төрийн сүлд зохиосон Ц.Ойдов, гавьяат Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн гээд манай галынхан гэж ярьдаг даа, хэдэн найрагчидтайгаа хамт хань, охин хоёроо эмнэлгээс гаргаж байлаа. Их бэлгэшээлтэй санагддаг юм. Тиймдээ ч том охин минь утга уран зохиолд татагддаг байх. Аав болох сайхан. Хүүхдээ хараад хүн эхлээд өөрийгөө л эрдэг юм билээ. Би 22 настай аав болчихоод “Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ

Хорвоод хүний эцэг болоход өөр юм

Бүрий хөлхөх үдшээр бүүвэй аялдаг боллоо

Айдсыг нь аргадах гэж дуугаан зөөллөж

Аясхан шөнөөр үлгэр зохиодог боллоо” гэж бичиж байсан. Хүний ганц хүү учраас өнөр өтгөн байх их сайхан санагддаг. Одоо эхнэр бид хоёр тав, зургаан хүүхэдтэй болдог байж гэж ярьдаг юм. Тухайн үед хоёулаа ч төрийн ажилтай байж. Бас эхнэр минь хүүхэд олсон цагаас төрөн төртлөө л хордлого өгдөг. Тиймээс ч халширсан тал бий байх” хэмээв.

Ш.Гүрбазарын бүтээл туурвилын хамгийн анхны уншигч нь түүний гэргий аж. Уншигчийн нүдээр харж зөвлөгөө өгөх нь ч бий гэсэн. Гэргий А.Мөнхцэцэг “Мэргэжил нэгтэй учир зөвлөгөө өгнө шүү. Сайн шүүмжлэгч, редактор нь. Мөн орчин үеийнхээр бол улаан фен нь. Тэр нь ханийг минь их хөглөдөг байх гэж боддог. Намайг баярлахаар улам л хөглөгдөж бичдэг юм шиг санагддаг. Би бичүүлэх гэж онгироож, хөөргөж байгаа хэрэг биш л дээ. Үнэн сэтгэлээсээ баярлаж бахархаж байгаагаа л илэрхийлдэг. Бүх бүтээлүүд нь гайхалтай сайхан санагддаг” хэмээн ярьсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын дээр хэлсэнчлэн нэг хүсэл тэмүүлэл, сонирхолтой, эсвэл зорилго тэмүүллийг нь хүндэлдэг байх нь амьдралыг бат бөх болгох нэг үндэс гэдэг нь түүний гэргийн ярианаас ч тод томруун харагдаж байлаа. Мөн тэрээр “Би ханьтайгаа хамт байсан 47 жилийн амьдралаараа ном хийх гэж байгаа. Алдаа оноо, ололт амжилт бүгдийг нь багтаасан ном байх юм. Тэндээс залуучууд маань бие биеэ уучлах нь ямар чухал болохыг харж болно” гэв.

Энэ тухайд гэрийн эзэн “Манай эхнэр надад нодлин 100-аад хуудас материал үзүүлдэг юм байна. Танилцсанаасаа эхлээд одоог хүртэл бүгдийг бичжээ. Сайн муу, сайхан муухай цөм тэнд байна. Миний алдаа оноо ч тэнд бичигджээ. Хүн л юм чинь цэвэр цэмцгэр яваагүй үе надад бий. Хамгийн чухал нь тэнд Монголын зохиолчдын 40-өөд жилийн түүх гарч ирж байгаа. Б.Лхагвасүрэн ах,С.Гэндэн, Д.Намдаг гуай, Б.Бадар-Ууган, Ц.Чинзориг гэх мэт хүмүүсийн талаар уншиж болохоор байна. Их

сонин юмнууд байгаа юм. Ном болгох хэрэгтэй. Энэ бол сэтгүүл зүйн л нэг жанр шүү дээ. Мэдээж манай үзэгчид ухаантай учир нөхрөөрөө бичүүлсэн гэж хэлэхгүй байх. Би юунд нь ч оролцохгүй” хэмээн өгүүлсэн.

Гэрт нь байх хуучны морин хуур түүний аавын талаас өвлөгдөн иржээ. Мөн аавынхаас нь ирсэн эрээн авдар гэрийн эзний хайрлан нандигнадаг зүйлсийн нэг. “Хоёр эрээн авдартаа хайртай. Битүүний орой манай хоёр авдар илүү өнгө орчихсон шиг санагддаг юм. Сонин шүү. Бас манайд нэг тун ховор зураг бий. Би IX Богдыг тодруулахад явсан юм. Тэрээр IX Богдоор тодорсныхоо дараа Далай багштай авхуулсан зургаа надад дурсгасан нь одоо ч хадгалагдсаар байгаа”гэв. Бид ийн хуучилсаар түүний уран бүтээл рүү хэвийлээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар Монголын үндэсний олон нийтийн телевизэд 40 жил ажиллажээ. Түүний 30 жилд нь Залуучууд, спортын редакцид ажилласан байна. “Энэ хугацаанд би тасралтгүй төрийн наадмыг хүргэх хүндтэй, хариуцлагатай үүргийг гүйцэтгэжээ. 15 жил нь морь тайлбарлаж, мөн төв цэнгэлдэхээс наадмаа шууд хүргэжээ. Энэ жилийн наадмаар ч тэр талбай дээрээс шууд тайлбарлалаа. Хүмүүс их сайхнаар хүлээж авсан. Наадамтай холбоотой уран бүтээлүүд надад цөөнгүй бий. “Дугуй хээтэй наадам” шүлэг гэхэд зохиогдоод 40 жил болсон байна. Агуу их Р.Чойном энэ шүлгийг минь магтаж байсан удаатай. Хоёр жилийн өмнө Балхаа бид хоёр “Миний монгол наадам” гэсэн сайхан уран бүтээл хийсэн. Энэ жилийн наадмаар их дуулагдаж байна. “Аварга зээрд”, “Толин хул” гэсэн морьдын тухай дуунууд ч цөөнгүй бий дээ” гэлээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд зохиол бичихээр шамдаж байгаа аж. 2017 оны арваннэгэн сараас энэ оны гурван сар хүртэл Германд байх хугацаандаа “Бодь гөрөөсний зүүд” гэсэн шүлэглэсэн романаа туурвижээ. Энэ тухай тэрээр “Романаа улстөрч, лам, судлаач гээд төрөл бүрийн чиглэлийн хүмүүст өгч уншуулж байна. Бүгд ам сайтай байгаа. Ирэх намраас номын баяр хийх болно. Одоо хэдэн сайхан жүжгийн зохиол бичих хэрэгтэй байна. Ойрын хүсэл минь Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд гуайд зориулж жүжиг хийх. Үнэхээр агуу жүжигчин. Яг л Н.Сувд гуай тоглохоор тийм сайхан зохиол бичнэ. Ер нь хэн нэгэнд зориулж бүтээл туурвих тохиолдол байдаг шүү дээ. “Би Монголтойгоо адилхан” гэдэг шүлгийг дуу болж, “Хурд” дуулаасай, “Салхины хээг” Б.Сарантуяа, “Монголын үнэртэй салхи”-ийг С. Жавхлан дуулаасай гэж хийсэн юм” хэмээн хуучлав.

Түүний хувьд телевизэд ажилласан 40 жилийн туршлагадаа тулгуурлаж уран бүтээл хийхээр баримтат киноны “Үүлэн зардас” гэх бие даасан продакшнаа байгуулжээ. Иймд тун удахгүй ард түмний мэлмий, оюуныг баясгасан сайхан бүтээлүүдийг өргөн барих аж. Үүнийхээ хажуугаар залуу, хуучин гэлтгүй бүхий л уран бүтээлчидтэй хамтарч, дууны үгээ бичсээр байгаа юм байна. “Би дууны урлаг, жүжгийн зохиол, яруу найргаа орхихгүй л дээ. Бүгдийг нь хийнэ. Хийсээр ирсэн. Хийх ч болно” гэж ярьлаа. Ш.Гүрбазар гуай бол найр хурим, томоохон арга хэмжээ, тоглолтод хөтлөгчөөр уригддаг тун эрэлттэй нэгэн. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг тухай нь сонирхоход “Л.Түдэв гуай яаж тэр олон зохиолыг амжуулж бичсэн юм бэ гэж хүнээс асуухад нэг гоё юм хэлсэн юм. Л.Түдэв гуай ажлаа амжуулахдаа их урт ширээ ашигладаг байж. Тэр урт ширээн дээрээ албан ажил, орчуулга, зохиол, эрдэм шинжилгээний ажил, шүлгийнхээ материалыг дэлгээд тавьчихдаг гэнэ. Тэгээд л ээлжлээд ажлуудаа хийдэг байсан хэрэг. Түүн шиг л ороод явчихаар амждаг юм. Дээрх ажлууд дээр арга хэмжээ хөтлөх ч нэмэгдэнэ. Ерөнхийдөө нэг л ажил л даа. Нэг сэдэв байлаа гэхэд “Хариулахгүй ч байж болно” гэдэг нэвтрүүлэг хийж болно, шүлэг, шүлэглэсэн роман, жүжиг болгож болно. Хэлбэрийг л өөрчилчихөж байгаа юм. Тухайлбал, миний “Хариулахгүй байж болно” нэвтрүүлэгт доктор С.Галсан гуай орохдоо “Ю.Цэдэнбал даргыг хойно хорионд байхад нь очсон юм. Уулзаад сууж байтал надад монгол бичгээр юм биччихсэн нэг цаас өгсөн. Тэр цаасаа надруу түлхчихээд нүдээ ирмэсэн. Тэр бичигт “Энэ өрөөн дотор улс төрийн тухай юу ч битгий яриарай” гэсэн байсан” тухайгаа надад ярьж байлаа. Энэ нэвтрүүлэг байгаад зогсохгүй шүлэг, маш том романы сэдэв ч байж болно. Тэгэхээр би энэ сэдэв юу байвал болох вэ гэж хуваадаг юм. Миний “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэгт ирсэн захианууд надад их шүлгийн санаа өгсөн шүү” гэв.

Түүний хувьд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн алдарт “Тэхийн зогсоол” шүлгийг өөрөөр нь зарлуулж уншиж явсан азтай нэгэн. Ш.Гүрбазар “Би 1979 онд телевизэд орсон. Тэр нэвтрүүлэг 1982 онд гарсан юм. Манай алдарт сэтгүүлч Б.Дорж Б.Явуулхулан гуайн гэрт нь очиж хоёр цаг ятгасны эцэст нэвтрүүлэгтээ оруулахаар болсон юм билээ. Б.Явуухулан гуай нэвтрүүлэгт орохыг зөвшөөрөхийн зэрэгцээ “Тэхийн зогсоол”-оо Ш.Гүрбазараар уншуулаарай” гэсэн гэдэг. МЗХ-нд гурван жил хамт ажиллаж байсан учир намайг шүлэг уншдагийг мэднэ л дээ. Би ч түүн шиг сайхан хувь заяа гэж юу байхав гээд л баярлаж явсан цаг саяхан санагдана. Үйлдвэрчний соёлын төв ордонд тэрхүү нэвтрүүлэг болсон юм. “Тэхийн зогсоол”-ыг уншсаны дараа Б.Явуухулан гуай намайг үнсэж билээ. Дараа нь “Сайхан нэвтрүүлэг боллоо” гээд л тамхи татаад зогсож байсан нь тодхон байна. Түүнээс хойш их удалгүй бурхан болсон доо”гэж ярьлаа.

Ш.Гүрбазар 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цолыг хүртсэн. Шагнал авч байх үедээ нулимс дуслуулсан нь одоо ч ард түмний сэтгэлд тодхон. Тэр агшнаа эргэн нэг дурсахдаа “Дээр үед нэг хүнд Хөдөлмөрийн баатар цол өгөхдөө өмнө нь хэлэлгүй шууд ажил дээрээс нь очиж аваад, хувцсыг нь солиод шагналыг нь гардуулчихаж. Шагналыг нь Ю.Цэдэнбал дарга гардуулж гэнэ. Гэтэл өнөөх нөхөр шагнал авч байх үедээ ухаан алдаад уначихсан юм гэнэ лээ. Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “Та минь ээ, урьдчилж хэлж бай” гэсэн гэдэг. Түүн шиг л би гавьяат авах гэж байгаагаа огт мэдээгүй. Шагнал авсан өдөр минь долдугаар сарын 8-ны өдөр байсан юм. Нэг хүн намайг баярын рекламанд тоглоод өгөөч гэхэд нь тэр өглөө 7:30-д босчихсон дээл хувцсаа өмсөөд зогсож байлаа. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газраас та 10:50 минутад ирээрэй гээд ярьж байна. Надаар юм хөтлүүлэх нь гэж бодоод ах нь амжихгүй л гэлээ. Гэтэл шагнал авах тухай хэлдэг юм байна. Хүн их баярладаг юм билээ. Мэдээж би тэр шагналыг авах юм сан гэж боддог байсан. Мөрөөддөг байсан. Түүнийгээ ч би шагналаа авсны дараа хэлж байсан санагдана. Үүнээс гадна би 1997-1999 оны үед хоёр кино хийгээд түүнээсээ болоод бусдад сайн, муу хэлэгдэж жаахан ядарч үзсэн юм. Түүнийг минь монголын ард түмэн мэднэ дээ. Тэр тухайгаа ч бодсон. Хамгийн чухал нь ээж минь харж байсан бол гэж л бодсон юм даа. Миний ээж 99 онд бурхан болсон. Сайхан хүн байсан шүү” хэмээгээд нулимс дуслуулсан юм. Мөн тэрээр “Төрийн шагнал гэдэг сайхан. Хүнийг босгож ирдэг юм билээ. Сайн юм хийе гэж боддог болсон. Түүнээс хойш би маш их юм хийсэн. Хийж ч байгаа. Энэ төрд би өртэй. Би Монголынхоо тухай их дуулдаг хүн шүү дээ. Тал засах гэж Монголын тухай дуулаад ч байгаа юм биш. Энэ улсын найрагч нь байна даа, өдий зэрэгтэй явъя, дуугаръя гэж боддог учир тэр. Хийсэн бүтээлүүдээс маань хэллэгүүд гарч байгаад би дуртай болчихоод байгаа. “Самсаа борхирно”, “Дугуй хээтэй наадам”, “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг”, “Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан” гэх мэт үгнүүд хэллэг болж байна. Би цаашид ч Монголынхоо тухай илүү бичнэ” хэмээсэн юм.

Түүний хувьд Монголын урлагт 50 жил зүтгэжээ. Тиймдээ ч телевиз, драм, кино урлаг улам л хөгжөөсэй, битгий уначихаасай гэж боддог гэсэн. “Ний нуугүй хэлэхэд яг одоо манай нийгмийн сэтгэлгээ уначихаад байна. Нийгмийн сэтгэлгээ уначихсан байхад ямар ч өндөр эдийн засагтай байгаад улс хөгждөггүй. Нам болж, талцаж хуваагддаг байдлаа арилгачихвал улс хурдан хөгжинө. Нийгмийн сэтгэл унасан шиг оюуны, соёлын хөгжил доройтчихоод байна. Үүнийг хөл дээр нь босгох хэрэгтэй. Үгүй бол бид бүх түүхээ гаднынхнаас авна шүү. 10 жилийн дараа өмнөд монгол хүнээр нарийн зүйлсээ заалгадаг болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн сэтгэлгээ нь унаагүй орны ард иргэд аяга ус, зүсэм бяслагт оочерлож байхдаа ч хөгжчихсөн байдаг юм.

Иймд улс орон маш сайн боловсон хүчин бэлдэх нь чухал. Монголын урлагийн түүхийг би байгуулалцсан, өргөлцсөн. Тиймдээ ч улам сайхан байгаасай гэж хүсдэг. Би нэвтрүүлэг сайхан хөтөлж байгаа залуучууд руу залгаж баяр хүргэдэг юм. Зарим нь багшаа гэнэ. Залуучуудтай их ойрхон байдаг. Учир нь би нэг юм хийсэн байлаа гэхэд дараагийн үе нь илүү сайн хийх учиртай. 25-30 насны мэдлэг боловсролтой залуусыг эвдчихгүй л бол Монголыг авч явах мундаг залуус олон болсон. Үүнийг үгүйсгэж болохгүй. Тэднийг л дэмжих нь чухал байна” гэж ярьлаа. Тэрээр улс төр, ижий аавын тухай лекц унших бодолтой байдгаа ч хэлсэн юм. “Үрийнхээ нүдэнд ижий нь өтөлдөггүй гэж би хоёр цаг лекц уншиж болж байна. Лекц гэхээсээ илүү Гүрбазарыг сонсох үдэш гэж хэлж болох юм. Би зориг гаргаад хойтон мартын 8-аас өмнө заавал хийнэ. Нэг ч бай, нэг хэсэг хүн ирсэн ч бай хамаагүй хийх болно. Ер нь хийх юм маш их байна. Би тэмүүлэлтэй байх их дуртай. Нас бол тоо шүү дээ. Хүн сайхан юм бодож явах нь чухал. Тэгвэл хүн хийморьтой байдаг юм. Хийморийг хүн өөрөөсөө олдог юм шүү дээ. Түүнээс хаа нэгтэйгээс хүрээд ирдэггүй юм” хэмээлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *