Categories
мэдээ нийгэм

Монголоор дүүрэн дурны хонгио сэтгүүлчид DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нэр хүнд өнөөгийн манай нийгэмд арай л доошоо орчихлоо. Захын нэг бичээч энэ салбар руу дайрч, сэтгүүлчийнх нь мэдлэг боловсролгүйг гайхан зүхэх юм. Өөр нэг бичээч түүнийг уухайлан дэмжиж, ингэж бичиж болох болохгүйг заахаар уралдаж байна. Монголд тогтмол хэвлэл үүсээд 100 гаруй жил болсон. Алдаатай, оноотой ч Монголын сэтгүүл зүй хэмээх энэ өрх айл төдийгөөс өдий хүртэл өөрийн үүргээ гүйцэтгэж, цаг үеэ дагаж хөгжиж шинэчлэгдэж л явна. Харин нийгмийн сүлжээнд хүн бүр идэвхтэй оролцдог болж, тэнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж нь нээгдээд ирмэгц хүн бүр өөрийгөө сэтгүүлч хэмээн эндүүрч бодох болов. Юу бодож байгаагаа бичээд, дургүй нэгнээ шүүмжлээд, түүнийг нь хэдэн хүн магтчихаар “сэтгүүлч шиг амархан мэргэжил байдаггүй юм байна. Энэ хэдэн мангуу над шиг ингээд бичээд байж чаддаггүй юм байх даа” хэмээн нийгмээрээ бүгд сэтгүүлчид болчихсон шаагилдаж байна. Та нар анзаарч нэг хараарай, бараг үсэг холбодог болгон сэтгүүлч болчихсон давхиж явна. Сайдаас буугаад сэтгүүлчээ хийнэ. Парламентын гишүүнээ болиод сэтгүүлч болно. Бүр өглөө Ерөнхийлөгч, орой сэтгүүлч ч болчихсон байх шиг. Сайд М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” гэсэн асар өндөр өртөгтэй төсөл хийгээд ч явж байх шиг. Эдийн засагч Жаргалсайхан нэвтрүүлэг хөтлөөд сууж байна.

Жиргээчээс эхлээд жирийн хүн бүр их сэтгэгч болж, бусдад зааварлаж, бааварлаж, их мэдэж байгаа энэ их хөөсрөлд жинхэнэ сэтгүүл зүй ч унажээ. Сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болдог үнэн бодит цогц мэдээлэл, анализ тайлбар тойм, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэв хэмжээнээс давсан үйлдлийг эрэн сурвалжиж илчилсэн сурвалжлага ч энэ их хөөсрөлд тоогдохоо болив. Мэс засалч эмчийг хэн ч шүүмжилж болдог. Гэхдээ хэн ч түүний оронд мэс засал хийж чаддаггүйтэй нэгэн адил сэтгүүл зүйн мэргэжлийн гал тогооныхон ч сайн дурынхнаас ялгарах сайн бүтээл, контентууд олноор нь хийхэд анхаарах хэрэгтэй болжээ. Сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг зөрчөөгүй эрэн сурвалжилсан сурвалжлага, сонирхолтой нийтлэлүүдийг мэргэжлийн сэтгүүл зүйн гал тогооныхон л хийж чадна.

Улаанбаатарт хоёр машин мөргөлдөх, хажуугийн байшинд түймэр гарахыг хэн ч гар утсаараа бичээд, шүүмжилмээр санагдвал шүүмжилж болно, магтаж ч болно. Харин 1000 кмийн цаана болсон үйл явдал руу сайн дурынхан явах уу. Тийшээ мэргэжлийн баг, хамт олон л хэдэн төгрөгөө үрэн идэх хоол, унтах нойроо хугаслан зүтгэдэг юм. Газар дээрээ байдал ямар байгааг үзүүлэхийн зэрэгцээ үйл явдлын учир шалтгааныг маш олон эх сурвалжаас баталгаажуулан уншигч, үзэгчдэдээ хүргэдэг юм.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудын тухайд ч уншигчдадаа хүргэхийн тулд чамгүй хөдөлмөр зарцуулдаг. Хуулийн төсөл өргөн баригчаас нь ярилцлага авна. Тухайн хуулийг хэлэлцсэн УИХын чуулган, байнгын хорооны сурвалжлагыг нийтэлнэ. Хуулийн үзэл санаа, манайд хэрэгтэй эсэх тухайд хөндлөнгийн судлаачийн үгийг сонсоно. Эцэст нь тухайн хуулийг шүүмжилж байгаа хүний үзэл бодлыг сонсоно. Энэ мэт сэтгүүл зүйн мэргэжлийн гал тогоонд нэг үйл явдлын эргэн тойронд хамгийн багадаа гурваас дөрөв, түүнээс ч олон эх сурвалжтай уулзаж, мэдээлэл ярилцлага авч нэг контент бэлддэг.

Орондоо хэвтэж байгаад шүүмжлэх нэг өөр. Олон хоногийн хөлс хөдөлмөрөөр бүтсэн бүтээл огт өөр гэдгийг уншигч, үзэгчид ялгаж салгаж мэддэг ч сэтгүүлчдээс илүү чанартай бүтээлч контентуудыг шаардаж байгааг мартаж болохгүй. Сайн дурынхан дуурайж чадахааргүй тийм мэргэжлийн, чанартай, мэдрэмжтэй, сонирхолтой контентууд бүтээх шаардлага сэтгүүл зүйн мэргэжлийн баг, хамт олонд тавигдаж байна. Сэтгүүлчид, сэтгүүл зүйн мэргэжлийн хамт олон одоо хийж байгаагаа улам сайжруулах нь зүй ёсных юм. Мөн сэтгүүлчийн ёс зүй, мэдлэг боловсролд олон нийт чамлалттай ханддагийг мэргэжлийн сургуулийн багш нар анхаарах ёстой. Одоо байгаа сургалтаа өөрчлөх, шинэчлэх зүйл байх л ёстой. Ингэж сэтгүүл зүйн мэргэжлийн хамт олон, халуун гал тогооныхон, энэ салбарын багш судлаачид анхаарахгүй бол өөрсдийгөө сэтгүүлч болчихсон мэтээр төсөөлж буй хэлбэр хөөгчдийн хөлд хөлбөрч гүйцлээ.

Шинэ сэтгүүл зүй буюу орчин үеийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан ноён Пулитцер аль 1900гаад оны үед “Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдаг. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн сэтгүүлчдэдээ хэлдэг байжээ. Үүнтэй адил баримт нотолгоонд тулгуурласан мэргэжлийн ур чадвар бүхий олон төрлийн чанартай контентууд л сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн нэр хүндийг өргөж, сайн дурынхнаас ялгаруулна.