Categories
мэдээ улс-төр

“Монголоо сонсъё” аян үргэлжилж байна


“Монголоо сонсъё” үндэсний аян орон даяар амжилттай үргэлжилж байна. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллахаар төлөвлөжээ. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулж буй үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас энэ сарын 14-нд эхэлж, албан ёсны нээлтээ Улаанбаатар хотноо 15-нд хийсэн юм.

Зүүн бүсээс эхэлсэн “Монголоо сонсъё” аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, бусад ажилчдын төлөөлөл бүхий 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн 18 сум, таван тосгонд хүрч ажиллахаар замдаа гарсан юм. Одоогоор Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баянмөнх, Баян-Адарга зэрэг сумдад “Монголоо сонсъё” аян амжилттай зохион байгуулагдаад байна. Хан Хэнтий нутгаа төлөөлөн УИХ-д сонгогдсон зарим гишүүд удаа дараа хариуцлага алдаж, ёсзүйн ноцтой зөрчил гаргачихаад байхад өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа хэлж байв. Залуус нь орон нутгийнхаа нэрийг “баастаж”, туршлагатай улстөрчид нь төсвийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд урсгаж, Ононгийн гүүрийг бариагүй гэдгийг хэллээ. Эдгээр асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд уламжиллаа. Түүнчлэн хууль бусаар алт олборлож буй асуудал, орон нутгийн удирдлагуудын харалган шийдвэр, намын харъяалал харгалзаж ажилд авдаг байдал, ядуурал, ажилгүйдэл гээд ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон буйг Хэнтийчүүд хэлж байна.

“Монголоо сонсъё” аян Хангайн бүст буюу Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад амжилттай үргэлжилж байна. Тус амйгийн иргэд хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаа, сургууль завсардалт, гэр бүлийн хүчирхийлэл, цалин, тэтгэвэрийн зээлийн дарамт, хүүхдийн хадгаламжаас хүртэл татвар авч буй эрх баригчдын бодлого, шийдвэрийг иргэд эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Түүнчлэн малчдын хувьд тэтгэвэрийн асуудал тулгамдсан зүйл гэдгийг хэллээ. “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн өөрчлөлтийн дагуу малчид 55 насандаа тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн тухай сонин, хэвлэлээр рекламдсан ч бодит байдал дээр огт хэрэгжихгүй байна. Үүний зэрэгцээ Орхон, Булган аймагт бүтээн байгуулалт, зам засварын ажил огт хийгдээгүй байгаа гэв. Үүний зэрэгцээ Орхон аймгийн удирдлагууд хууль бусаар газар олгож, тэр ч бүү хэл наадмын талбайд барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж байгаагаа уулзалтын үеэр иргэд ярисан юм.

“Монголоо сонсъё” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдад ажиллаж, намын гишүүд дэмжигчид, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгээд байна. Хөвсгөл аймгийн иргэд, хөдөлмөрчдийн хувьд бэлчээр ашиглалт, уул уурхай, халамжийн бодлого тэгш бус үйлчилж байгаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар уулзалтын үеэр ярьж байна.

“Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулагдаж буй үндэсний аян нэг сарын турш үргэлжлэн ирэх сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгахаар ажиллаж байна. Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор эхлүүлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *