Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төрийг лордууд барих нь л хамгийн зөв гарц

Парламентыг сонгодог утгаар нь хөгжүүлсэн Англи мэтийн улс хууль тогтоох байгууллагаа дээд, доод танхим гэж заагладаг нь учиртай. Дээд танхимд нь үе дамжсан элит, салбар салбарын мэдлэгтэй эрдэмтэд, баялгийг жинхэнэ утгаар нь бүтээж чадсан эрхмүүд багтдаг. Дээд танхим өндөр шалгууртай учраас элдвийн хүмүүс багтчих вий гэсэн айдасгүй газар. Хөрөнгө мөнгө хаяж өрсөлдөх шаардлага тэнд суугаа лордуудад байхгүй. Доод танхим бол тэс өөр. Мөнгө хаяж өрсөлдөх бэнчинтэй, гудамжинд тэмцэл өрнүүлж байгаад гараад ирэх боломжтой, үзэл бодлоо илэрхийлж, хүргэж чаддаг хүмүүст нээлттэй. Тэднийг ард түмэн сонгодог. Масст таалагдаж чадсан хэн ч доод танхимд ороод ирэх боломжтой. Голдуу л бяртай, цөстэй, насаар залуу нөхдөөс бүрдсэн нь анзаарагддаг. Дэлхийн мэдээгээр хаа нэг парламентын гишүүдийн зодоон цохион гардаг даа. Доод танхим бужигнаж байгаа нь тэр.

Парламентаас улс орны хувь заяаг залсан шийдвэрүүд гардаг. Хөгжил рүү залсан мэргэн шийдвэр дээд, доод танхимтай парламентаас л гардгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Шалтгаан нь их энгийн. Доод танхимынхан сэтгэлийн хөөрөлтэй, зориг зүрхтэй. Тэр утгаараа шинэ бүхнээс эмээж эргэлздэггүй. Орчин цагтай хөл нийлсэн шинэ санаа, агуулгатай хуулийн төсөл санаачилж чаддаг. Харин лордууд буюу элитүүд аливаад эргэлзэнгүй, болгоомжлонгуй ханддаг учраас ингэж зориглох нь ховор. Цөс ихтэй доод танхимынханд нэг том аюул байгаа. Мэдлэг нимгэн, бизнесийн сонирхолтой гээд өчнөөн шалтгаанаар хөгжлийг хойш татсан хуулийн төсөл санаачлах нь бий. Сэтгэлийн хөөрөл давамгайлсан доод танхимаас гарсан сайн, муу ямар ч хуулийн төслүүд дээд танхимын шүүлтүүрээр ороод гарахаараа хөгжилд нэмэртэй шийдвэр болж чаддаг учраас хөгжилтэй орнууд хоёр танхимтай парламентад толгой дохьсон хэрэг л дээ.

Манайд ямар Англи шиг үе дамжсан элит байгаа юм уу энэ тэр гээд элдэв эсэргүүцэл гарах нь ойлгомжтой. Лорд, элитүүдийг Монголдоо буулгаад харъя. Лордууд гэж хэлж болохоор хүмүүс парламентад бэлхнээ байна. УИХ-д гурваас дээш удаа сонгогдсон Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Р.Амаржаргал, Ч.Улаан, Д.Лүндээжанцан зэрэг улстөрчдийг энэ хэмжээнд үнэлэхэд болохгүй юмгүй. Юун хөгшин, үеэ өнгөрөөсөн гэж ад үзэх, эд чинь л жинхэнэ лордууд. Сонгууль дөхсөн энэ үед хоёр танхим энэ тэр гэж зарчмын айхавтар юм яриад яахав. Тийм том өөрчлөлтийг хийх сонирхол одоогоор хэнд ч төрөхгүй нь хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэдэг шиг тодорхой зүйл. УИХ-д байгаа лордууд гэж хэлж болох, төрд өчнөөн жил хатаагдаж, төрийн хар хүн болж чадсан лидер улстөрчдөө жагсаалтаар гаргаад ирж яагаад болохгүй гэж. Амбиц өндөр, мэдлэг нимгэн, намын даргад таалагдсан нөхдийг жагсаалтад багтааснаас лорд гэж хэлж болохоор хүмүүсийг онцлоод жагсаачихвал Монгол гэдэг улсын хөгжилд л нэмэртэй, тустай хэрэг болно. Д.Дэмбэрэл гэхэд л төрд хатаагдсан, бэлтэгдсэн лордын жинхэнэ жишээ. Ийм хүмүүсийг нам харгалзахгүйгээр парламентад суулгахад болохгүй юмгүй.

Нэг хэсэг шинэ залуус, шинэ хүн гэж хуйларцгаасан. Одоо ч ялгаагүй “шинэ үе л…” гэх хандлага тод анзаарагддаг. Шинэ залуус, шинэ гишүүд УИХ-д сонгогдоод, улс төрд гараад юу хийж байна вэ, эргэж харцгаая. Үеийнхээ залуутай маргалдангуутаа өнөөхөө огцруулна гээд гүйж байна. Гадаад хүнтэй ам зөрөхөөрөө харийн иргэнтэй суусан хүнийг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй гээд үзчихнэ. Энэ жишээний л хөнгөн гоомой асуудлаар улс төр хийцгээж харагдах юм.

Монголын төрд лордууд гараад ирвэл улс төр одоогийнх шиг бужигнахгүй. Хөгжлийн том асуудлууд нэг хүний эрх ашгаар шийдэгдэж улсын хөгжил хойшлохгүй. Улс төрийн ганц бүлэглэлийн нөлөөтэй нөхдийн хуйвалдаан, тактикаар төрийн ажил явахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *