Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр цэрэг эрсээсээ хариуцлагыг нэхсэн шиг нэхэж, халамж ивээлээ ч үзүүлсэн шиг үзүүлдэг байх хэрэгтэй

“Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашиглана” гэсэн үг бий. Энэхүү тэнэгдүү эсвэл зэрлэг бүдүүлэгдүү бас хуучирсан энэ хэлцэнд манай цэргийн бүхий л бодлого эртнээс багтаж бас ашиглагдсаар ирж дээ. Тэд бол татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж, амьдарч, сурч, басхооллож хувцаслаж байдаг хүмүүс. Тэд бол бусад ажил эрхэлж амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүсийн дэргэд өмсөх хувцаснаасаа эхлээд элдэв үрлэг зарлагагүй амьдардаг хүмүүс.

Өнөө цагийн цэргийн алба хаагчид бол тэжээлгэж, тэжээлгэж байгаад нэг л өдөр аян дайнд мордож, амь насаараа дэнчин тавина гэж айх хэрэггүй, шаардлагагүй билээ. Угаасаа манайх шиг цэрэг армийн хувьд дэлхийд томд ордог ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй орныг давж бидэнд халдах гадны хүчин гэж үгүй. Харин өнөөх хоёр хөрштэйгөө бид хил хязгаарын хувьд хамгийн асуудалгүй, найрамдалт хөршийн харилцаатай учраас батлан хамгаалах салбарт илүү зардал ч гаргах шаардлагагүй гэж үздэг хүмүүс цөөнгүй. Мөчөөрхлөө гэхэд тэдэнтэй бараадах ч үгүй юм чинь гэж мэтгэгсэд ч бий. Дэлхийд батлан хамгаалах салбартаа их мөнгө зарцуулдгаараа АНУ-ын дараа Хятад тэгээд Орос ордог юм. Хятад жилд 236 тэрбум ам.доллар зарцуулдаг гэдгийг дарсан тоо гэж үзэгсэд байдаг бол Орос 20 тэрбум ам.долларын зардлаа огцом өсгөж 80болгосноо мэдэгдэж байсан жишээтэй. Гэхдээ Монгол Улс туурга тусгаар орны хувьд багавтар ч гэсэн армитай, бас цэрэгтэй, тэдэндээ зарцуулдаг төсөвтэй байх нь зүйн хэрэг биз ээ.

Аль ч улс орны хувьд тангараг өргөсөн цэргийн алба хаагчид юу юунаас илүү онцгой эрхэм хүмүүст тооцогддог. Бас энэ онцгой байгаа шигээ хариуцлага хүлээж, үүрэгжих ёстой. Тэд тангараг өргөсөн цэрэг эрс учраас насан туршдаа тангаргаа биелүүлж, харин биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээж байдаг. Манайд энэ байдал хэр байдаг юм бол доо. Бие даасан тусдаа ертөнцөд юу өрнөж, юу болж байдгийг бид төдийлөн мэддэггүй. Зарим цэргийн ангийн захирагч нар хувийн компаниудад цэргүүдээ барилгачнаар ажиллуулсан тухай хэл ам сонстсоор байдаг. Хэдэн монгол цэрэг барилгын компани дээрээ ажиллаж байхдаа хойд солонгосчуудтай зодолдож гэмтсэн л гэнэ, өөр нэг цэрэг барилгаас унаж гэмтсэн л гэнэ хэмээн дуулддаг. Бас нэг цэрэг танк жолоодож яваад осолдож амь насаа алдсан л гэнэ. Чухам энэ бүхэн юутай холбоотой, хэний хариуцлага алдсанаас асуудал үүсч байгааг бид мэддэг баймаар санагддаг юм. Яагаад гэвэл тэд тангараг өргөсөн эр цэрэг учраас үүргээ яс биелүүлэх ёстой бас чадаагүй бол хариуцлагаа ч чанд үүрэхийг шаардах ёстой, бид.

Мэдээж үүнтэй адил халамж, анхаарлаа ч тавьж чаддаг байх хэрэгтэй болов уу. Нэг үеэ бодвол цэргийнхний халамж, нийгмийн ахуй сайжраад байгаа гэдэг. Одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд тус салбарын сайд байхаасаа эхлээд одоо ч энэ чиглэлд хууль тогтоомжийг нь сайжруулах гээд сүрхий ажиллаж байгаа харагддаг. Ямартай ч УИХ-аар цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиар цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тогтоодог байсныг 80 хувь болгож нэмэгдүүлсэн. Мөн алслагдсан аймаг, сумдын цэргийн ангид алба хаагчдын гэр бүлийн хүн нь гурван сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг улиралд нэг удаа олгож байхаар тогтоосон. Ингэснээр цэргийн тушаалаар хаа бол хаана нөхрөө дагаж очоод, мэргэжлийн байтугай ажил нь олдохгүй гадаа гандаж, зэвэрч байгаа хөөрхий бүсгүйчүүдэд бага ч болов сэтгэлийн дэм болсон гэх үү дээ. Мэдээж энэ нь цэргийн алба хаагчийн өрх бүлд хөөрхөн нэмэр болчихно. Бас цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэж уг хуулинд зааж өгсөн байгаа.

Батлан хамгаалах салбарт батлагдаагүй нэгэн хууль байдаг нь аль улсын зэвсэг техникийг хэрэглэнэ тэр улсын номлолыг дагана гэсэн зарчим. Манайх олон жилийн турш хойд хөршийн уламжлалаар явж ирсэн. Одоо ч тэр. Бас сүүлийн жилүүдэд АНУ, БНХАУ-тай ч хамтарч байгаа.Харин 2014 оны дэлхийн шилдэг таван армиар АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Английнх шалгарсан харагдана лээ. Тэгэхээр дэлхийн шилдэг армийн чиг хандлага, номлолыг тусгаж байгаа гэхээр манайх ч мундаг гэж давхар ойлгогдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Энхийг сахиулахаар цэрэг эрсээ илгээж, энэ хэрээр олон улсын тавцанд манай нэр хүнд өссөөр байгаа дуулддаг. Афганистан, Ирак, Өмнөд Суданд илгээсэн энхийг сахиулагчдын тоогоо хүн амтайгаа харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлт гарах вий. Юутай ч манай энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргүүд манаанд гарч байгаа бол бусад орны цэргүүд бааздаа нойр бүтэн хонож чаддаг болсон гэлцдэг. Энэ бол тэдний олон улсын батлан хамгаалахын салбарт бий болгож чадсан имиж нь. Харин дотооддоо энхийг сахиулагчдадаа хэт анхаараад бусад цэргийн ангийнхны нөхцөл байдлыг тоохоо байсан гэсэн шүүмжлэл явдгийг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Энхийг сахиулагчдын хоёр анги, терроризмтэй тэмцэх нэг гээд гурван анги дээр гойд анхаарал тавьж, чадалтай анхиатай нь бүгд ийшээ тэмүүлдэг. Цалин нь өндөр, үдийн хоол үнэгүй, хувцас хэрэглэл хамгийн сайныг хамгийн түрүүнд авдаг. Ийш орохыг бүгд хүсдэг учраас тал тохой татаад явчихдаг гэж энэ салбарынхан өөрсдөө шүүмжилдэг. Эндээсээ цалинтай, НҮБ-аас цалинтай болохоор хүн бүр л энхийг сахиулагчаар явахыг хүсдэг байна. Энхийг сахиулагчдад НҮБ-аас олгодог нөхөн төлбөрийн 60 хувийг албан хаагчдын гарт олгодог байсныг нэмэгдүүлж, 80 хувийг нь олгодог болсон. Тэгэхээр хэн ч ийш зүтгэх нь мэдээж. Тэгэхээр энэ салбарынхны хоорондын алив ааг, заагийг том болгохгүйн тулд анхаарах зүйл ч бий биз ээ. Ямартай ч монголчууд дайнч монголчуудын удам гэдгээ олон улсад энхийг сахиулах үйлст оролцож баталж, сануулж байгаа нь үнэн юм.

Мөн манай батлан хамгаалах салбарт боловсон хүчнүүдийн боловсрол мэдлэг өмнөхөөсөө эрс сайжирсан тухай ярилцдаг. Гадаад дотоодгүй явж суралцсаар сайн мэргэжилтнүүд энэ салбарт бэлтгэгдсээр байгаа юм билээ.

Бас боловсон хүчний бодлого зарим талаар алдагдаж, дарга томчуудтай ойр нь илүү дээшээ явдаг шударга бус байдал газар авсан гэсэн яриа ч давхар явдаг. Ямартай ч сайнтай, муутайгаа энэ салбар маань урагшилсаар байна. Зэвсэгт хүчний ойн өдөр тохиож буй энэ өдрүүдэд сайныг нь муутай нь хамтруулан байж олныг нуршлаа. Олонд тийм ч нээлттэй биш энэ салбарт сайнзүйлс ч байгаа байх, сайжруулах зүйлс ч олон биз ээ. Ямартай ч тангараг өргөсөн эр цэргүүд илүү өндөр үүрэг хүлээж, тангараг тавьсан шигээ чигч, шударга байх ёстой юм. Бас тэдэнд хариуцлага хүлээлгэдэг шигээ халамж үзүүлдэг байх нь Монгол төрийн үүрэг байх ёстой билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *