Categories
мэдээ улс-төр

Монголын төлөөлөгчид НҮБ-ын Байгаль орчны ассамблейн хуралд оролцож байна

Монгол Улсын  Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн-Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд С.Оюун Кени Улсын нийслэл Найроби хотн энэ сарыын 23-27-ны өдрүүдэд хуралдаж байгаа  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн чуулган болон тус байгууллагын товчоог даргалахын зэрэгцээ төлөөлөгчдийн гишүүд чуулганы нэгдсэн болон салбар хуралдаанууд, энэ  үеэр зохиогдож байгаа  олон тооны арга хэмжээнд оролцож Ази, Номхон далайн бүлэг хийгээд гишүүн 193 улсаас бүрддэг Нийтийн хороо (Committee of the Whole), Ассамблейн Ерөнхийлөгчийн  анд нөхдийн бүлэг, Дотоод журмыг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байна.

Сайд С.Оюун, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнер нар далай тэнгисийн ан агнуур, зэрлэг амьтан, ургамлын хууль бус наймаа, агаарын чанар, Арктикийн өөрчлөлт зэрэг өнгөрөгч 10 жилийн хугацаанд байгаль орчны  салбарт тулгамдсан, өдгөө шинээр бий болж буй асуудлуудыг тоймлон өгүүлсэн “НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр 2014” номын нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Жендэр ба байгаль орчин” сэдэвт  уулзалт, “Ядуурлыг бууруулах хийгээд ногоон эдийн засгийн өсөлтийг хангах ажиллагааны уялдаа холбоо”, “Байгаль орчны хуулийн засаглал” сэдэвт хэлэлцүүлгүүдэд мөн оролцов.

Кени Улсын Дэд Ерөнхийлөгчийн гэргий, Грек Улсын Парламентын гишүүн, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирлын орлогч нар оролцсон “Жендэр ба байгаль орчин” сэдэвт хэлэлцүүлэгт жендэр ба байгаль орчны асуудал олон улсын анхаарлын төвд байх учиртай бөгөөд НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн чуулганы төгсгөлийн баримт бичгүүдэд жендерийн асуудлыг тусгах талаар ярилцсан байна.

“Ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийн өсөлтийг хангах ажиллагааны уялдаа холбоо” сэдэвт  уулзалт арга хэмжээний үеэр НҮБ-ын байгаль орчин, тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, иргэний нийгмийн оролцооны талаар санал солилцож, Монгол Улс, Буркина Фасо Улсад  дахь байгаль орчны санал санаачлага, хөтөлбөрийн хэрэгжилтийг  дүгнэж ярилцсан бөгөөд БОНХ-ийн сайд С.Оюун Монгол Улсын  шинэчлэлийн Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” НҮБ-ын санаачилгын хэрэгжилтийн талаар танилцуулав.    

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун  НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн өмнө тавигдаж буй зорилт, Зүүн Азийн улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах боломж,  тулгарч байгаа сорилт, Зүүн Азид оршдог Монгол Улс,  БНХАУ дэлхий нийтийн тогтвортой хөгжилд нэгдэх чиглэлээр хийж болох тодорхой алхам,  НҮБ-ын Байгаль орчны анхдугаар чуулганы дараа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр уг бүтцийг НҮБ-ын хүрээнд хэрхэн бэхжүүлэх зэрэг асуудлаар Хятадын мэдээллийн “Синхуа” агентлагийн сурвалжлагчтай ярилцав.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассаблейн анхдугаар чуулганы ажиллагаа үргэлжилж байна.