Categories
мэдээ цаг-үе

Монголын цэрэг армийн домогт генерал Батын Дорж

“Монгол ард” эскадрилийн нисгэгч, ЗХУ-ын баатар Г.С.Петровский, Маршал Ю.Цэдэнбал, Б.Дорж генерал, БХЯ-ны зөвлөх В.П.Дороднов, Арын эгнээнд: УТГ-ын зөвлөх Н.Д.Зеленин, Д.Ёндондүйчир, С.Батаа, Б.Цог, Ч.Пүрэвдорж нарын генералууд. 1978 он

Монгол Улсын батлан хамгаалах салбар болоод цэрэг армийн түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатан бол Батын Дорж генерал юм. Тэрээр 1948-1952 онд Москва хотноо дэлхийн алдарт М.В.Фрунзегийн нэрэмжит цэргийн академийг, дараа нь Ворошиловын нэрэмжит Зөвлөлтийн Зэвсэгт хүчний жанжин штабын академийн дээд курсыг төгсжээ. Төрж өссөн унаган нутаг нь Завхан аймгийн Алдархаан сум. Дорнын их найрагч Явуухулан, “Зам”, “Хошуу цагаан нутаг” тэргүүт бүтээлээрээ алдартай Намсрайн Банзрагч нарын авьяас билэгтнүүдтэй нэг нутгийнх. Алдархаан сумандаа тариа тарьж, адуу мал маллаж байгаад гучин таван онд цэргийн албанд татагдан нийслэл Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсан байна. Ингэж туурга тусгаар орныхоо бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийнх нь гараа эхэлсэн ажгуу.

Цэргийн албанд нэг, хоёр жилийн нүүр үзээд л салаан дарга болон дэвшиж улмаар нэгдүгээр морьт хорооны сумангийн дарга болжээ. Гучин есөн он буюу Халх голын дайны жил хорин таван насандаа ардын цэргийн морьт дивизийн дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны даргын хариуцлагатай албанд томилогдох нь тэр. Идэр залуухан захирагч Доржийн удирдсан морьт дивиз Халхын голд байлдаж буй анги салбаруудыг бие бүрэлдэхүүнээр хангах эх орны даалгавартай. Үндсэндээ дайны хүнд бэрх жилүүдэд цэргийн албанд татагдан ирсэн залууст цэргийн эрдэм сургах, дайны талбарын урьдчилсан нөхцөл байдлыг хангах ярвигтай үүргийг хүлээж байсан нь энэ. Хорин хэдтэй залуу морьт дивизийг чадварлаг удирдаж, байлдааны цагийн хатуу даалгаврыг биелүүлэн, цэргийн даргын төрөлхийн авьяастай болохоо батлан харуулсан гэдэг. Олон ч дурсамж дурдатгалд энэ тухай өгүүлжээ.

Халхын голын дайнд монгол цэргийг гардан удирдаж байсан Монгол Улсын баатар, хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэн “Батын Дорж Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийг удирдаж байхдаа шинэ цэргийг сургаж хүмүүжүүлэх ажилд идэвхийлэн зүтгэж, үүргээ нэр төртэй биелүүлснийг би бахархан тэмдэглэмээр байна. Халхын голд байлдаж байгаа ангиудыг Доржийн дивизээс хэд хэдэн удаа нөхөж хангасан юм. Тэд цөм байлдааны үүргийг гарамгай сайн биелүүлснийг хэлэх нь зүйтэй” хэмээжээ. Барагтайд үг унагаад байдаггүй залуу жанжны энэхүү тодорхойлолт Батын Дорж генерал Халхын голын дайнд ямар том үүрэг хүлээж, түүнийгээ нэр төртэйгөөр биелүүлснийг хэлээд өгч байна. Дайны талбарт эх орныхоо төлөө эрслэн боссон залуучуудыг цэргийн эрдэмд сургаж, зоригжуулж, итгэл үнэмшилтэй болгож дээд командлалаас өндөр үнэлэлт авсан түүнд Монголын цэрэг арми итгэл хүлээлгэн 1940 онд Дотоод явдлын яамны Хязгаарын ба дотоод цэргийн хэрэг эрхлэх газрын даргаар томилов.

Тухайн цаг мөчөөс хойш тэрбээр амьдралынхаа 20 шахам жилийг Монгол Улсын дархан хилийг баталгаажуулах, хамгаалах үйлсэд зориулсан. Тодруулбал, хилийн цэргийн командлагчаар ажиллаж байх хугацаандаа эх орны баруун хязгаарыг тохинуулах, Оспанийн хасгийн дээрэмчдийн удаа дараалсан дайралтуудыг няцаах оролдлогыг амжиллтай хийсэн юм. “1940-1948 онд Гоминдаан, Оспаны зүгээс баруун ба баруун өмнөд хилээр манай улсад халдан цөмөрч улмаар түрэмгийлэлээ өргөжүүлэн тэлэхээр зэхэж байсан үед “Мажиг” гэдэг нууц нэртэйгээр баруун хилд очиж байлдааны ажиллагааг удирдсан. Хилийн цагийн байдалд тохируулан шийдэмгий, шуурхай ажилласны дүнд дайны байдалд хүргэхгүйгээр Монгол Улсын хил хязгаарын аюулгүй байдлыг хангаж чадсан бөгөөд тэр ажиллагаа нь генерал Батын Доржийн стратегийн мэдрэмж, удирдан зохион байгуулах авьяас чадварын цар хүрээг тод харуулсан. Тэрбээр 1943-1944 онуудад Оспантай Маршал Х.Чойбалсанг Ховд аймгийн Булган сумын Алагтолгойд, Булган голын Майхан толгойд, өөрөө биечлэн хэд хэдэн удаа уулзуулж харилцан найрамдалтай байх….” гэж баруун хилийн тулгаралтын түүхэн дурдатгалд бий.

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар, Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Дорж, Монгол Улсын баатар Дүгэрийн Нянтайсүрэн нар

Энэ тухай цэргийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвайн дурдатгалыг сөхье. “1940 онд Монголын цэргийн даргаар томилогдон, Монгол, Орос, Япон, Манж дөрвөн улсын хилийн маргааныг шийдвэрлэхэд толгойлон оролцсон билээ. Үндсэндээ улсын хил тогтоох хамтарсан комиссын Монголын талын хэсгийн даргаар Б.Дорж гуайг томилсон байна. 1940 оны хавраас жил дамнан Буйр нуурын умард эргийн Улаан ганга хэмээх газраас Нөмрөг голын өмнө орших амралтын уул хүртэлх 215 км газарт улсын хилийг тогтоож, 132 хилийн багана босгосон түүхтэй. Энэхүү тогтоосон хилийн шугам нь 300-гаад жилийн өмнө буюу 1734 онд тогтоосон хилийн зурвастай нийцсэн. Энэ нь хожим 1962-1964 онд Улсын хилийн шугамыг газар дээр нь дахин тогтоох эрх зүйн суурь болж өгсөн” гэж өгүүлжээ. Баруун хилийн тулгаралт буюу домогт Байтаг Богд, Бүдүүн харгайт, Их, Бага Хавтага, Мэргэн уул, Бор Цонжийн говь, Хонин усны говь, Зээгийн ус, Аргал шанд зэрэг баруун Алтайн уул, ус, их говь цөл нутагт эх орныхоо төлөө амь хайрлалгүй тулалдсан эрсийн баатарлаг гавьяаг Дорж генерал “Эх орны төлөө цохилох зүрх” номондоо тодорхой бичсэн байдаг.

Дорж генералыг хязгаарын газрын дарга байхад нь нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан эрхэм бол хурандаа генерал Жарантайн Авхиа билээ. “Миний бие 1945-1947 онд Дорж генералын бие хамгаалагч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дөчин долоон онд баруун хилийн байлдааныг удирдахад нь хамт гар бие оролцож байлаа. Дорж гуай бол энгийн даруу, ноён нуруутай, ааш зан сайтай цэрэг армийн гарамгай удирдагч байсан. Би гэдэг хүн Дорж гуайн гараар орж байж л жинхэнэ цэргийн хүн болсон доо” хэмээн бахдал дүүрэн хэлсэн удаатай. Дорж генералыг хүн таньдаг, түүнийхээ зэрэгцээ сурган хүмүүжүүлэх онцгой авьяастай нэгэн байсныг өөрийн амьдарч асан, мөн шавь нарынх нь Монголын цэрэг армийг удирдаж буй он жилүүд батлан харуулдаг юм. Тухайлбал, цэргийн хүн болгон хүмүүжүүлсэн олон зуун генерал, офицерууд 1970-1990 оны Монголын арми, зэвсэгт хүчний нүүр царай болж байсан. Мөн тэдний шавь нар нь өдгөө ч зэвсэгт хүчний шинэчлэлийн манлайд явж байна.

Ерэн оноос эхэлсэн цэрэг, армийг эрс өөрчлөн шинэчлэх амаргүй ажлын ачааны хүндийг үүрч, зэвсэгт хүчнийг өнөөгийн түвшинд хүргэх ажлыг удирдсан манай өндөр боловсрол мэргэжилтэй генерал, офицеруудын ихэнх нь чухамдаа Б.Дорж сайдын үед л сонгогдон шалгагдаж гарч ирсэн хүмүүс гэгддэг юм билээ. Далаад оны эхээр гэхэд л генерал Ж.Ёндон ЗХУ-д Жанжин штабын академи дүүргэж ирээд Б.Дорж генералын дэргэд, шууд удирдлагад нь байж улмаар Жанжин штабын даргаар ажиллаж, цэргийн шинэчлэлийг эхлүүлж байсан. Тухайн он цагт гуч гаруйхан настай шижигнэсэн залуус байсан Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж, Ш.Жадамбаа, Д.Гэндэнпил, С.Гомбосүрэн гэх мэт хожмын сайд, Жанжин штабын дарга, удирдах тушаалын генералууд бүгд Б.Дорж сайдын сонголтоор, түүний дэмжлэгээр дэвшин гарч ирсэн хүмүүс гэдэг. Ер нь Дорж генералын үед цэргийн албаны нэр хүнд илт сэргэж, офицер, ахлагч нарт удаан жилийн нэмэгдэл олгох, одон медалиар шагнах, цалин хангамжийг нь сайжруулах, цэргийнхэнд зориулсан орон сууцны хорооллууд босгох гээд олон асуудлууд дурдагддагийг Монголын цэрэг армийн үе үеийн удирдлага, зүтгэлтнүүд тодотгодог юм.

“Орчин цагийн дайны шинж чанар, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцэл явуулах онол, практикийн өөрчлөлттэй уялдуулан Монгол ардын хувьсгалт цэргийг “Морьт цэргийн байгуулалтаас эхлээд буудлагын, дараа нь “Мото буудлагын цэрэг” болгон өөрчлөн байгуулах эхлэлийг тавьсан. Энэ үеийг “морьт цэргээс орчин үеийн арми байгуулсан шилжилтийн үе” ч гэж нэрлэдэг. Олон улсын цэрэг-улс төрийн цагийн байдлаас урган гарч ирсэн шаардлагад зохицуулан монгол цэргийн байгуулалтад зарчмын өөрчлөлт хийж, армийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох тулгын чулууг тавих их ажлын эхлэлийг тавьсан хүн нь мөн л Дорж генерал гэдэг. Эл домогт эрхэм 1944 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор хошууч генерал цолоор шагнуулсан түүхтэй. Монголын анхны 11 генералын нэг юм. Тавин зургаан онд дэслэгч генерал, жаран есөн онд хурандаа генерал, далан нэгэн онд Ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор армийн генерал цолоор шагнуулсан. Цэргийн нэрт жанжнаас гадна Монголын гадаад харилцаа, дипломат албанд багагүй олон жил ажиллажээ. Ардчилсан Солонгост Элчин сайдаар ажиллаж байгаад дараа нь тухайн үеийн Ардчилсан Герман улс, мөн Холбооны Бүгд найрамдах социалист Югослов улсуудад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

“Би Дорж гуайг Батлан хамгаалахын сайд байхад нь эхлээд орчуулагчаар нь ажиллаад удалгүй нарийн бичгийн даргаар нь ажилласан. Далан найман онд эрүүл мэндийн байдлаас болоод Авхиа гуайд ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд ахмад зүтгэлтний хорооны даргаар явахдаа намайг аваад явсан. 1982 оны наймдугаар сар хүртэл буюу насан эцэслэтэл нь 10 жил хажууд нь бараа болсон. Элчин сайдаар олон жил ажилласны хувьд гадны орнуудад маш их нэр хүндтэй Болгар, Польш зэрэг орнуудын тэргүүнүүдтэй зузаан харилцаатай байв. Хүнийхээ хувьд гүндүүгүй, ёстой нэг монгол хар ухааныг нэвчтэл шингээсэн хүн байсан. Хатууд хатуу, зөөлөнд зөөлөн нэгэн байлаа” гэж “Батын Дорж” сангийн тэргүүн Цэдэвийн Мянган хэлж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд 100 жилийнх нь ойгоор бахдам он жилүүдийнх нь түүхийг бичиглэсэн ном бүтээл гаргаж байжээ.

“Дэлхийн хоёрдугаар дайны үед нам, засгийн даалгаврыг үлгэр жишээчээр биелүүлж ирснийг болон улсын батлан хамгаалах хэргийг биелүүлэхэд байгуулсан их гавьяаг нь үнэлж…” хэмээх Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар далан дөрвөн онд Монгол Улсын баатар цолоор шагнасан байдаг. Зарим хүмүүс баатрынх нь алтан соёмбыг баруун хилийн тулгаралттай, эх орныхоо дархан хилийг бүрэн бүтэн үлдээсэнтэй нь, дайны байдалд хүргээгүй гавьяатай нь холбодог юм. Монгол Улсын батлан хамгаалах яамны сайдаар хоёр удаа, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдаар мөн хоёр удаа, Хилийн цэргийн дарга буюу командлагчаар мөн л хоёронтоо томилогдон ажиллаж байсан нэгэн. Монгол Улсын түүхэнд армийн генерал цолыг анхлан хүртсэн түүхт эрхэм, хорьдугаар зууны монгол цэргийн гарамгай зүтгэлтний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *