Categories
мэдээ соёл-урлаг

Монголын сонгодог урлагийнхан Солонгост тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Солонгос улсад аялан тоглохоор болсон талаар өнөөдөр мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудыг тоглох юм байна.

Тодруулбал, УДБЭТ-ын симфони найрал хөгжмийн хамт олон

  • Арваннэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд “Лучиа Ди Ламмермур” дуурь,
  • Арванхоёрдугаар сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тежон хотноо тоглож,
  • гоцлол дуучдын хамт арваннэгдүгээр сарын 30-нд Пусан,
  • Арванхоёрдугаар сарын 4-нд Тежон,
  • Арванхоёрдугаар сарын 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концертыг тоглоно.

“Монголиан Гала” концертонд МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцоно.

Солонгосын талаас үзүүлж буй дэмжлэгээр нийт 70 гаруй уран бүтээлчид Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчууд болон солонгосын үзэгчдэд хүргэх боломжтой боллоо.

БНСУ-д Монголын сонгодог урлагийн төлөөлөгчдийг тоглох үеэр хүрэлцэн очиж үзэж, дэмжихийг үзэгч олондоо уриалж байна.

УДБЭТеатр 2013 оноос эхэлсэн Солонгос улсын сонгодог урлагийн төлөөлөгчид, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж, Ази тивд уран бүтээлээ улам өргөжүүлэх зорилгоор 2015 онд “Солонгос-2015” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд “Монголд Солонгосын уран бүтээлчид”, “Солонгост УДБЭТ” гэсэн хоёр чиглэлтэй ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Солонгосын удирдаач, найруулагч, дуучид Монголд ирж “Травиата” дуурь тоглосон бөгөөд найруулагч Ан Ху Вон уг дуурийг шинэчлэн найруулан тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт бол аравдугаар сард анх удаа Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийг манай тайзнаа найруулан тавьж УДБЭТ-ын урын санд оруулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *