Categories
мэдээ цаг-үе

Монголын хар тамхины сүлжээ цагдаагийн хамгаалалтад орсон уу

-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ЦАГДААГИЙН ХУРАНДАА, АХМАД ЦОЛТОЙ ХОЁР ХҮНИЙГ МӨН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Төрийн цагдаа хар тамхи хэрэглээд машиндаа мансуурчихсан сууж байгаад баригдсан хэрэг өнгөрсөн сарын 30-нд гарсан билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж, цагдаагийн томоохон албан тушаалтнууд хар тамхи худалдан борлуулдаг сүлжээний гэмт бүлэглэлийн гишүүнээр ажилладаг ноцтой хэргийн сэжүүрээс атгаад авчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаа нар хар тамхи хууль бусаар худалдан борлуулж их хэмжээний ашиг хүртэж байгаа хэрэгт цагдаагийн хурандаа, ахмад цолтой хоёр хүнийг мөн шалгаж эхэлжээ. Энэ талаар сурвалжиллаа.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн тавдугаар сарын 29-30-нд баар, шөнийн цэнгээний газруудаар явж хар тамхи хэрэглэж, мансуурч байгаа залуусын талаарх нарийвчилсан судалгаа хийсэн юм байна. Гүйцэтгэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бриллиант” шөнийн клубт очсон гэнэ. Энэ үеэр сэжиг бүхий хүмүүс шөнийн цэнгээний газраас гарч, цагаан өнгийн “41- .. УБЦ” гэсэн улсын дугаартай цагаан өнгийн автомашинд суужээ. Цагдаа нар хэсэг хугацаанд ажиглалт хийсний эцэст машинаас нэг эмэгтэй, гурван эрэгтэйг саатуулан шалгаж, хар тамхи хэрэглэж мансуурсан байгааг тогтоожээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр мансуурсан залуус цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилсон гэнэ. Гурван залуугийн нэг нь “Би цагдаа байна. Та нар адилхан цагдаа байж намайг баривчилж чадах юм уу. Бид машиндаа архи уугаад сууж байна” гэх зэргээр хэл амаар доромжилжээ. Түүний биед нэгжлэг хийхэд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт ажилладаг н.Билигсайхан болох нь тогтоогджээ. Мөн түүний халааснаас 0.5 грамм мөс буюу метафетамины гэх мансууруулах төрлийн бодис гарч ирсэн байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс, Мөрдөн байцаах газрын Тусгай субьектийг шалгах хэлтэс хамтран мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн Хан-Уул дүүргийн прокуророос хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийнханд баригдсан цагдаагийн алба хаагч хар тамхи хэрэглэдэг төдийгүй бусдад худалдан борлуулдаг болох нь мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар тогтоогджээ. шүүх шинжилгээний хүрээлэнгээс дээрх дөрвөн иргэний цус, шээснээс дээж авч шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээний хариугаар мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хэрэглэж, өөрийгөө удирдах чадваргүй болтлоо мансуурсан байсан нь тогтоогджээ. Мөн хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч н.Билигсайхан нь боломжтой айлын хүүхдүүдэд мансууруулах төрлийн бодис өндөр үнээр зарсан хэд хэдэн тохиолдол илэрчээ. Тэрбээр айс буюу метафетамин гэх мансууруулах бодис их хэмжээгээр хадгалдаг. Түүнийг нь байнга худалдан авдаг хэрэглэгчтэй болсон байжээ. Ингээд төрийн цагдааг хаанаас хар тамхи аваад байна вэ гэдгийг илрүүлэхээр албаныхан шалгаж эхэлсэн байна. Хэд хэдэн удаагийн мөрдөн байцаалтаар “Цагдаагийн байгууллагаас зөвхөн би хар тамхи татаж, худалдан борлуулаад байгаа юм биш. Хурандаа, ахмад цолтой хүмүүс ч надтай адилхан хар тамхи зарж байгаа” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна. Эндээс эхлэн хэргийн зангилаа тайлагдаж эхэлжээ. Үүнээс хойш замын цагдаагийн алба хаагч холбогдсон энэхүү хэргийн цар хүрээ өдөр ирэх тусам өргөсөх болжээ. Тодруулбал, уг хэрэгт 18-35 насны арав гаруй залууг холбогдуулан хар тамхи худалдан авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Мөн залууст хар тамхи нийлүүлдэг гэмт хэргийн бүлэглэлийн таван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

Түүнчлэн дээрх залуус Замын цагдаагийн алба хаагч н.Билигсайханаас гадна цагдаагийн хурандаа, ахмад цолтой хоёр хүнийг хар тамхины сүлжээ гэмт хэрэгт холбоотой гэдгийг хэлжээ. Албаны эх сурвалж “БНХАУ-аас манай улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж томоохон хэд хэдэн бүлэглэл байдаг. Сүлжээ бүлэглэлд хил гаалийн ажилтны хүүхдүүд, олны танил хүмүүс, прокурор, цагдаагийн алба хаагч байдаг болсон. Энэ нь гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Цагдаагийн томоохон хоёр албан тушаалтныг хар тамхи худалдан борлуулдаг хэрэгт шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор тодорхой батлагдсан зүйл алга байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын таамаглаж байгаагаар БНХАУ-аас манай улсын хилээр хар тамхи оруулж ирдэг томоохон бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэж үзэж байна. Цагдаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шалгаж байгаа” гэв.

Хар тамхины хэрэгт холбогдсон цагдаа нар бусдаас мөс буюу метафетамин гэх мансууруулах төрлийн бодисыг авч байгаа, хууль бусаар тээвэрлэж хадгалж, худалдан борлуулсан хөдлөшгүй баримт олдсон гэнэ. Мөн БНХАУ-ын ямар хүмүүстэй холбогдож хоёр улс дамнасан ноцтой гэмт хэрэг үйлдэж байгааг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа аж. Ер нь сүүлийн жилүүдэд 40-50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн ч том хар тамхины бүлэглэлийг илрүүлэн олонход нь хариуцлага ногдуулсан байдаг. Үүний гурван бүлэглэлд цагдаагийн удирдах албан тушаалтай нэр бүхий хурандаа нар холбогдсон аж. Гэхдээ хэргийг шалгаж байгаа цагдаа нар үүнийг огт шалгалгүйгээр дараад өнгөрсөн гэх мэдээлэл ч байдаг. Хар тамхины бүлэглэлийн гишүүдийг шүүх үеэр гэмт хэрэгтнүүд “Биднийг дарамталж хар тамхи үнэгүй авдаг байсан. Мөн “Хэрэв энэ хар тамхийг худалдаж ав. Үгүй бол шалгуулна” гэж байнга сүрдүүлдэг цагдаа нарыг шалгаж өгнө үү” гэх хүсэлт гаргадаг байсан гэнэ. Гэвч шүүхийнхэн энэ бүгдийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Худлаа ярьсан байна” гэдэг байсан аж. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдтэй үгсэн тохиролцдог, бүр хамтдаа гэмт хэрэг үйлдэж байгаа талаарх олон мэдээлэл байдаг. Тухайлбал, хууль зөрчин мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байгаа газруудын ард дандаа цагдаагийн дарга нар байдаг, өөрсдөө мөрийтэй тоглоом тоглодог, охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байгаа саун, массажны газрыг хаалгахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь мөн л цагдаа нартай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр одоо тангараг өргөсөн төрийн цагдаа нар улс эх орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хар тамхины сүлжээ гэмт бүлэглэлийн гишүүд болсон уу гэдэг нь асуудал болж байна. Үүний цаана хараа хяналтаас гараад байгаа хар тамхины сүлжээ гэмт хэрэг Монголын цагдаа нарын хамгаалалтад орсон нь тодорхой харагдаж байгаа юм.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *