Монголын Бизнес Мэдээллийн сан Галакси тауэрт саяханаас үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа “Эксекютив Экселленс Олон улсын бизнес төв”-д байнгын оффисоо нээлээ.
Монголын анхны B2B, B2C портал сайт болох “Монголын Бизнес мэдээллийн сан” төсөл Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Их Британийн Худалдаа Хөрөнгө оруулалтын газар, Монгол Британийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хойт Америк Монголын Бизнесийн Зөвлөл, Bloomberg TV Mongolia,
Forbes Mongolia, Mongolian Mining Journal, Мongolian Economy зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байгаа билээ.
“Монголын Бизнес мэдээллийн сан” www.mongolianbusinessdatabase.com сайтад өнөөдрийн байдлаар Монголын болоод дэлхийн 70 гаруй улсаас Монголын зах зээлийг сонирхсон бизнес эрхлэгч /хөрөнгө оруулагчид зочилж мөн бүртгэлд хамрагдаж байгаа бөгөөд Google ийн “Mongolian Business” хайлтаар эхний 1-т эрэмблэгдэж байна.
Шинэ оффисын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн УБ хотын Эдийн Засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн -“Богино хугацаанд ийм тодорхой амжилт гарган ажиллаж байгаад нь баяр хүргэе. Төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах чиглэлээр идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгаа энэ цаг үед гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг холбох энэхүү “гүүр” нь маш чухал ач холбогдолтой” гэж онцлон тэмдэглэсэн юм.