Монголын улстөрчид баруун, зүүнээрээ хуваагдаж зүүнтэн нь баруунтнаа яаж сүйтгэж байсан тухай бэлээхэн түүх бий.
Үндэсний уламжлал, онцлог байдлаа хадгалж, дэлхийн бусад орнуудтай харилцан ашигтай, эрх тэгш харилцаатай байхыг эрмэлздэг үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагч Б.Цэрэндорж, А.Амар, Ж.Цэвээн, Ц.Дамбадорж, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ, Н.Хаянхярваа нарыг зүүний жигүүрийнхэн нь “Баруунтан” хэмээн буруушааж 1928 онд хуралдсан МАХН-ын VII их хурлаас удирдлагаас хөөснөөр зүүнтэн, барууны тэмцэл хүчээ авсан байдаг. Түүнээс өмнө Э.Д.Ринчино нам, эвлэлийн дотор хэт зүүн үзэлтнүүдийг дэвэргэн, Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан, МХЗЭ-ийн Төв хорооны дарга С.Буяннэмэх нарыг хууль бусаар баривчлуулж, С.Данзанг хурлын үйл ажиллагаанд оролцохыг хориглож улмаар 1924 оны долдугаар сард амь насыг нь егүүтгэжээ. Ө.Бадрах, П.Гэндэн, Ц.Жигжиджав, Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, З.Шижээ, Л.Лааган нарын зүүнтнүүдийн хүч улам нэмэгдэж 1928 оноос засгийн эрхэнд гарч Коминтернээс өгсөн зөвлөгөө, шаардлагыг эрчимтэй биелүүлэх болж. “Нийгэм журмыг байгуулах” нэртэй төлөвлөгөөний дор хөрөнгө хураах, хамтрал коммун байгуулах, шашин, сүм хийдийг хавчин шахах, баруунтнуудыг буруутгах ажлыг идэвхтэй хийж эхэлсэн. Ийнхүү баруунтнууд ялагдаж зүүнтнүүд төлөвлөгөөгөө биелүүлсний үр дүнд Монгол орон элгээрээ хэвтэхэд хүрсэн гэдэг. Хүмүүсийн хөрөнгийг хурааж хамтралд өгсөнөөр малын тоо толгой эрс буурч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, төр засагтаа итгэх итгэлгүй болгон хувиргасныг түүхэнд тэмдэглэснийг эх сурвалжуудаас уншиж болно. Энэ үйл явдлыг зарим түүхч “Зүүнтний үед явуулж байсан бүхий л бодлого, үйл ажиллагаа нь ангийн байр сууринаас бүгдийг ядуу, доод ангийн болгоход чиглэгдэж байлаа” гэх нь бий.
Яг үүнтэй адил үйл явдал өнөөдөр Монголд өрнөж буй. Зүүнтнүүд баруунтнуудаа шахаж, буруушааж эхэлж байна. Баруунтнуудыг ерөнхийд нь 60 тэрбумынхан гэдэг нэрийн дор шахаж байгаа. Хувьсгалын үед зүүнтнүүдийн эрх мэдэлд Их хурал, Бага хурал, Засгийн газар бүрэн эрх мэдлээ алдаж харьяаны бүхий л байгууллага нь зүүнтний захиалгаар ажилладаг газар болж хувирч байсантай адил одоо МАН-д НАМЗХ(Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо) гэсэн зүүнтний байгууллага гарч ирсэн. НАМЗХ, Зүүний хүчний холбоо гэсэн эдгээр байгууллагуудын гишүүд нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар юм.
Зүүнтний ийм байгууллага бий болчихсон, засаг төрд гараад ирлээ. Эд нар “60 тэрбумынхныг устгана” гэсэн нэрийн дор ард түмний тархийг угаах замаар засаг төрийн мэдэлд хүрцгээгээд байгаа нь энэ. 60 тэрбум гэж нэрлээд чичлээд байгаа хүмүүсийг нь ангилаад үзэхээр уул уурхайн баялгаар хөрөнгөжсөн 30 гэр бүл, өмч хувьчлалаар хөрөнгөтэй болсон оффшор бүсэд данстай баячууд байгаа юм. Зүүнтнүүд ийнхүү 60 тэрбумынхан гэж нийтэд нь нэрлээд байгаа энэ хэсгийг дарж аваад баялаг, хөрөнгийн дахин хуваарилалт хийх гэж байна. Баялгийн дахин хуваарилалт хийхдээ их хорлонтойгоор гүйцэтгэнэ, яаж вэ гэхээр хөрөнгө хуваагаад Монголыг Венесуэл маягийн л орон болгох гээд байгаа юм.
Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг бүгдийг нь 60 тэрбум, офшорчид, 30 гэр бүл гэсэн шошготойгоор нийгэмд муухай харагдуулаад “Хөрөнгийг нь хураан дахин хувьчилан хувьцаа тараана, хөрөнгөжсөн хүмүүсийг шалгаж үнэн зөвийг олж шударга ёс тогтооно” гэдэг юм л давтаж яриад буй. Хамгийн гол нь энэ бүгдийгээ яриад 2020 оны сонгуульд орох гэж зэхэж байгаа нь илт. Сонгуульд яг энэ уриагаараа орох нь тодорхой л доо. Эд нар энэ хугацаанд юу ч хийж чадаагүй, баялаг бүтээж чадаагүй, үлдсэн жаахан хугацаандаа ч юу ч хийж амжихгүй. Тийм болохоор л ийм уриатай орох нь мэдээж. Баялаг бүтээж чадаагүй улсууд популизм л хийдэг. Популизм хийхийн тулд сонгуулийн үеэр хэлэх үгээ одооноос бэлтгэж эхэлж байгаа юм. “Өмч хувьчлалыг шалгана”, “МАНАН дэглэм, 60 тэрбумынхан, 30 гэр бүл, олигархууд, офшорчдыг устгана” гэж хашгирсаар л эд нар сонгуульд оролцоно. Энэ уриа бол ард түмэнд үнэхээр таалагдана шүү, харин ч нэг. “Эд нарын хөрөнгийг хураагаад та нарт өгнө” гэхэд “Өө, больё, больё” гэх хүн гарахгүй л болов уу. Тэглээ ч дэлхийн хүн амын 30 гаран хувь нь социалист үзэлтэй байдаг гэх юм билээ.
Ингээд эд нар сонгуульд энэ уриатайгаа өрсөлдөж, ялаад гараад ирлээ гэхэд уриагаа л гүйцэлдүүлэхийн төлөө ажиллахаас өөр арга байхгүй. Үүний эхлэл болгож 1992 оны өмч хувьчлалыг шалгах тухай Л.Оюун-Эрдэнэ гишүүн яриад уриалаад байгаа. Энэ бүхэн бол зүүнтэн нь баруунтнаа шахаж байгаа гэсэн үг.
2020 оны сонгуулиар зүүнтнүүд ялаад төрийн толгойд гарвал дахин юу ч хийж чадахгүй, байгаагаа хуваагаад нийгэмчлээд л дуусгана. Тэгээд ядраад ирэхээрээ ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага)-д элсэнэ. Ерөөсөө зам мөр нь ийм болчихоод байгаа нь харагдаад байна. Нөхцөл байдал ийм байгаа энэ үед баруунтнууд юугаа ч хийгээд байгаа юм. Дэлсүүлэх ээлжээ хүлээгээд хүлцэнгүй зогсоо идэшний үхэр шиг хөдөлгөөнгүй зогсох шиг. Ийм эгзэгтэй үед ирчихээд байхад баруунтнууд та нар нэгддэггүй юм уу.
Ардчилсан нам бол мэдээж барууны үзэлтэй. Барууны үзэл бодолтойгоос гадна баруун чигийн улсууд МАН-д дүүрэн байгаа. 60 тэрбумынхан гэгдээд байгаа хүмүүс тэр чигээрээ барууныхан. “Петровис”, “МАК”, Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг, М.Энхболд бүгд баруун чигийн улсууд шүү дээ. Ардчилсан намд харин зүүн чигийн улсууд нь цөөхөн, хөрөнгө мөнгөөрөө ч МАН-ыг гүйцдэггүй.
Барууныхан олуулаа, хүчтэй атлаа яагаад нэгдэж зүүний үзлийн эсрэг тэмцэл өрнүүлдэггүй юм бол оо. Нам, хүчнээсээ хамаарахгүйгээр барууныхан, зүүнийхэн гэж хоёр хуваагдах хэрэгтэй болоод байна, нийгэм. Барууныхан нийлж нэгдэж, идеалиа хамгаалах цаг болсон юм биш үү. Үүнийг бичигч бивээр хөрөнгө мөнгөгүй хүн. Гэвч та нарын өмнөөс гол харлаад байх юм. Та нарын хөрөнгөнд гол харлах ч юу байхав. Хэрвээ ийм юм болвол нийгэм хямраад цаашаа явахаа больж балардаг гэдгийг, хөрөнгө хурааснаасаа эс л юм болдог гэдгийг бодохоос гол харлаад байх юм.
Ерөнхийдөө зүүнтэн бүхий л ажлаа хийгээд эхэлчихсэн. Машинаар бол мотороо асаачихсан. Салхитын мөнгөний ордыг хураалаа гэхэд ард түмэн алга ташсан, офшорчдыг устгана гэхэд нижигнэтэл алга ташиж “Ура!” гэж хашгирсан. 30 гэр бүл, МАНАН-г устгана, “МАК”-ийг хураана гэхэд ард түмэн дэмжиж “Ура!” л гэсэн. Энэ бүгд чинь тэгээд юу хэлээд байна вэ гэхээр Монгол Улс балрахын цондон. Хамгийн түрүүнд, хамгийн ихээр балрах нь баруунтан та нар шүү. Монголыг зөв замд оруулахын тулд та нар нэгдэж, тэмцэл хийгээч. Энэ талаар санаа оноо гаргаач ээ. “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн л ард түмнийг гэгээрүүлэх гээд ном хэвлээд яваа. Тэрийг нь тоож уншиж байгаа ч хүн алга. Уншсан ганц хоёр нь магтаад байгаагаас биш массаараа уншдаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын идеаль болсон С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг хорьчихлоо, Ц.Элбэгдоржийг элдвээр хэлцгээж байна. М.Энхболдыг доромжилсоор байгаад аваад хаячихлаа. Энэ бүгдэд барууныхан хүлцэнгүй хандаж, дуугүй л суугаад байх юм. Цахим орчинд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг өдөр шөнөгүй элдэвлэж байна. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр чигтээ зүүний үзэлтэй, хөрөнгө мөнгийг, хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл санаа нэвт ханхалж байна. Энэ бүхнийг та бүхэн хараад дуугүй л суугаад байх уу, барууныхаан. Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг их шүүмжилж буруушаадаг. Гэтэл энэ чинь Орост байсан хувийг л Монголдоо авчирсан үйл явдал шүү дээ. Зүүнтнүүдийн зүгээс нийгэмд буруу ойлголт өгдөг, та бүхнийг буруушаадаг олон асуудал бий. Тэр бүгдийг няцаа. Та бүхнийг үүн дээр нэгдэхийг уриалж байна, Монголыг эрүүл саруул нийгэмтэй байлгахад уриалъя. Энэ бүхэнд хөрөнгө мөнгөө зар. Сэтгэл оюунаа төвлөрүүлээд хоорондоо нэгд. Барууны чигийн хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмж. Монголын хөрөнгөтнүүд хувиа бодоцгоож довоо шарлуулдаг нь хатуухан хэлэхэд тэнэг харагддаг. Энэ маягаар байвал бүх юм чинь цаг хугацааны асуудал болчихоод байна. Ирэх сонгуульд зүүнтнүүд дээрх уриагаа хэлээд ороод ирэхэд дараагийнх нь дөрвөн жилд та нарыг дор нь хөрөнгөгүй болгоод хаячихна. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхээс өөр аргагүй гээд л зүтгэчихнэ. Ийм эмзэг, түгшүүртэй ирээдүй та нарыг хүлээж байхад юугаа хийнэ вэ, нэгд л дээ.
Д.ГАНСАРУУЛ