Баруун бүс, Алтай-Улиастайн эрчим хүчний системийг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкнаас Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын баруун бүс, Алтай-Улиастайн чиглэлд нар, салхины цахилгаан станц байгуулах боломж байна уу. Ямар технологид суурилсан систем байгуулах вэ. Ер нь мөнгөө оруулахаар ирээдүйтэй төсөл мөн үү, үгүй юу гэдгээ эхлээд судалсан юм байна. Судалгааны урьдчилсан тайлангаа өчигдөр танилцуулж, холбогдох хүмүүсийн саналыг сонсов. Энэ талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддоржоос тодрууллаа.
-Судалгааны дүн яаж гарав. Баруун бүст сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгох боломж байна гэж үзэв үү?
-Бүрэн боломж байна гэж үзсэн. Баруун бүс, Алтай- Улиастайн эрчим хүчний системийг цахилгаанаар дэмжих боломжтой гэдэг тайлан гарсан. Өнөөдөр энэ талаар хэлэлцлээ.
-эрчим хүчний эх үүсвэрийг хаана нь бий болгохоор тогтов…
-Увс аймгийн Өмнөговь суманд арван мегаваттын салхин станц барихаар төлөвлөсөн. Говь-Алтай, Хөвсгөл аймгийн төвд мөн арван мегаваттын нарны станц байгуулна.
Завхан аймгийн Улиастайд таван мегаваттын нарны станц, Нөмрөг суманд нь таван мегаваттын салхин станц, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1.4 мегаваттын нар, салхины хосолмол станц барих төслийн төлөвлөгөө гарчихаад байна.
-Сэргээгдэх эрчим хүчний энэ станцуудын технологи нь ямар байх вэ?
-Нарны цахилгаан станцад зөвхөн панел тавихгүй. Өдөр нь нараар, шөнө нь батарейгаар ажилладаг хосолмол системийг нэвтрүүлэх гэж байна. Мөн газрын дулааны насос ашиглаж барилга байгууламжийн халаалтыг шийдэх төслийг баруун гурван аймагт хэрэгжүүлэх судалгааг давхар хийсэн. Жишээ нь Ховд аймгийн төвд хэд хэдэн өрөмдлөг хийж, энэ аргаар дулааны хангамж бий болгох бүрэн боломжтойг тогтоосон байна.
-Энэ эх үүсвэрүүдийг бий болгосноор баруун бүсийн эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэж чадах уу?
-Баруун бүс нутагт дээд тал нь 60 мегаваттын эрчим хүчний хэрэгцээтэй. Үүний 30 хувийг нь Дөргөний усан цахилгаан станц хангадаг бол үлдсэн эрчим хүчийг ОХУ-аас импортолдог шүү дээ. Тэгвэл энэ төсөл хэрэгжээд, бид тооцоолсноороо дээр дурдсан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгочихвол ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлагагүй болно гэсэн үг.Үндсэндээ баруун бүсийн эрчим хүчний асуудлыг бүрэн шийднэ. Өөрөөр хэлбэл, баруун гурван аймгийн эрчим хүчний эх үүсвэрийг дотооддоо хангах боломж нээгдэж байна. Алтай, Улиастайн эрчим хүчний систем гэдэг нь Булган Хөвсгөлөөр дамжиж Говь-Алтай аймагтай холбогддог цахилгааны шугам. Үүний цахилгаан дамжуулах чадвар бага. Улиастай, Говь-Алтайд дамжуулж байгаа цахилгаан нь 3-6 мегаваттаас илүү гарч чаддаггүй. Тэгвэл энэ яриад байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бий болсноор иргэдийн хэрэглээнд очиж байгаа цахилгааны хүчин чадал нэмэгдэнэ. Зөвхөн ахуйн хэрэглээ гэлтгүй үйлдвэр аж ахуйн цахилгааны хэрэглээг дэмжих боломж бүрдэх юм. Түүнчлэн нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний системийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулсан хэлбэрээр хөгжүүлэх боломж нээгдэж байна. Ийм л төслийг эхлүүлэх судалгааны ажил нь дууслаа. Энэ судалгаанд үндэслэж Азийн хөгжлийн банк санхүүжилт гаргах эсэх асуудлаа шийднэ гэсэн үг.
-Төсөл хэзээнээс ажил хэрэг болж эхлэх юм. Нар, салхины цахилгаан станцууд эцсийн байдлаар хэдийд ашиглалтад орохоор төлөвлөсөн бол…
-2018-2020 оны хооронд хэрэгжих төсөл. Сая хэлсэн эрчим хүчний барилга байгууламжуудыг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийтдээ 40 мегаваттын нар, салхины эх үүсвэр Баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний системд холбогдох юм.
-Ач холбогдол өндөртэй том бүтээн байгуулалт болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй уялдсан, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы буцалтгүй тусламжаар энэ төсөл хэрэгжинэ.
-Ер нь сүүлийн үед нар, салхины хэд хэдэн цахилгаан станц манайд нээлтээ хийсэн байх аа…
-Долоо хоногийн өмнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мегаваттын салхин станц ашиглалтад орчихлоо. Дорноговь аймгийн Сайншандын 50 мегаваттын салхин станц ирэх жил ашиглалтад орчихно. Үндсэндээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016-2020 онд 100 мегаваттын салхин станц, 30 мегаваттын нарны станц байгуулна гээд заачихсан байгаа. Энэ ажил хугацаандаа бүрэн хэрэгжих нь ээ гэж харж байна” гэлээ.
Түүнээс ийн тодруулсны дараа Азийн хөгжлийн банкны эрчим хүчний зөвлөх Шигэрү Ямамуратай ярилцав.
-Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэх бүрэн боломжтой төсөл гэж үзэж байгаа юу?
-Тийм. Энэ бол Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл юм. Нэг ёсондоо баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой. Хамгийн гол нь сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологийг тохирсон бүс нутгуудад нэвтрүүлэх замаар зөв зүйтэй ашиглаж болохыг харуулах бас нэг зорилго бий. Өдөр нь нараар, шөнө нь батарейгаар ажиллах систем бол Монголд шинээр нэвтрэх технологи. Газрын гүний дулааныг ашиглаж байшин барилгын халаалтыг шийдэх систем нь ч шинэ технологи. Энэ технологиудыг нэвтрүүлснээр эрчим хүч ОХУ-аас худалдаж авдгаас хямд үнээр хэрэглэгчдэд очно.
-Азийн хөгжлийн банкнаас олгох зээлийн нөхцөл нь ямар байгаа вэ?
-Энэ бол хөгжлийн зээл. Тиймээс жилийн нэг хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай. Эхний таван жилд Монгол Улс зээлийн төлбөр төлөхгүй. Үүнээс хойш 20 жилийн хугацаанд жил бүр зээлээ төлөөд явах нөхцөлтэй юм.
-Энэ төслийг хэрэгжүүлэх судалгаа нь ингээд дууслаа. Дараагийн ажлууд нь юу байгаа вэ. Төсөл хэрэгжих үйл явц ямар шат дарааллаар явах вэ?
-Японы Засгийн газрын хамтарсан кредит олгох механизмын сангаас энэ төслийн санхүүжилтийн тодорхой хувийг буцалтгүй тусламжаар өгнө. Мөн Дэлхийн ногоон уур амьсгалын сангаас санхүүжилтийн тодорхой хувийг олгоно. Азийн хөгжлийн банк үлдсэн санхүүжилтийг зээл хэлбэрээр гаргах юм. Тэгэхээр дээрх хоёр сантай буцалтгүй тусламжийн гэрээ хийх ажил одоо хүлээж байна. Үүний дараа төслийн баримт бичгийг эцсийн байдлаар бэлэн болгоод Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөлөөр батлуулна. Ингээд л хэрэгжих шат руугаа шилжинэ дээ.
-Төслийн нийт санхүүжилт нь хэд юм бэ?
-70 орчим сая ам.доллар.
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэдэг. Бид дотоодынхоо эрчим хүчийг хангаад зогсохгүй экспортлох боломжтой юу. Энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд та юу хэлэх вэ?
-Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай. Үүнийг ашиглах хэрэгтэй. Тиймээс бид туслах зорилготой байна. Ер нь бол Монгол, Хятад, БНСУ, Япон гэсэн орнуудын нийт эрчим хүчний хэрэглээний 40 хувийг Монгол Улс дангаараа хангах хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Гэвч техник технологийн хувьд шийдлээ олоогүй учраас боломжгүй болчихоод байгаа юм.
-Энэ чиглэлд ярьж байгаа төсөл хөтөлбөр Азийн хөгжлийн банкинд бий юу?
-Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл гэж бий. Хэлэлцээрийн түвшинд явж байгаа. Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хооронд сэргээгдэх эрчим хүчний худалдаа бий болгох стратегийн төсөл юм. Энэ төслийн талаарх хоёр дахь чуулган удахгүй Сөүл хотод болно. Эхнийх нь хурал Монголд болсон л доо.