“Жакарта-2018” Азийн XVIII спортын наадам Индонез улсын Жакарта болон Палембанг хотноо наймдугаар сарын 18- наас энэ сарын 2-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд 289 медаль хүртсэн амжилтаар БНХАУ тэргүүлсэн бол Япон 205, БНСУ 177, Индонез 98, Узбекстан 70 медальтай 2-5 дугаар байрыг эзлэв. Монгол Улсын шигшээ баг нийт 25 медаль хүртсэнээс таван алт, есөн мөнгө, 11 хүрэл медалийг спортын долоон төрлөөр авсан байна. Үүнээс чөлөөт бөхийн төрөлд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль, буудлагын төрөлд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, бокс нэг алт, нэг мөнгөн медаль, жүдо хоёр мөнгө, таван хүрэл медаль, самбо нэг алт, хоёр мөнгөн медаль, кураш бөх хоёр мөнгөн медаль, жиү- жицү нэг хүрэл медаль тус тус хүртжээ. Азийн наадамд Монголын баг тамирчдыг ахалж Ц.Сандуй, дэд ахлагч Ж.Түмэн- Аюуш нар спортын 30 төрөлд тамирчин, дасгалжуулагч нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тус наадамд 45 улс өрсөлдсөнөөс манай улс амжилтаараа 16 дугаар байрт эрэмбэлэгдэв. Нийт 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж буйгаараа олимпийн наадамтай тэнцэхүйц үзүүлэлт байлаа.
Есдүгээр сарын 1-нд Жакарта хотын Кемаеоран дүүргийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн танхимд болсон боксын тэмцээний аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаан үзэгчдийн сонирхлыг ихээр татлаа. Учир нь Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг- ын жинд ОУХМ Э.Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункортой тулалдаж 3:2-оор хожин, Азийн наадмын алтан медаль хүртэв. Тэгвэл 64 кг-д тулалдсан ОУХМ Б.Чинзориг, Узбекстаны боксчин, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Холдаров Икболжонд 5:0-ээр хожигдож мөнгөн медалийн болзол хангалаа.
Азийн наадамд анх удаагаа орсон төрлүүдийн нэг самбо бөхийн тэмцээн есдүгээр сарын 1-нд өндөрлөж 68, 90 кг жингийн аваргуудаа тодруулав. Энэ өдөр манай гурван бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд барилдсан М.Даваасүрэн, Ц.Батцэцэг нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдаж, Ц.Батцэцэг 3:0-ээр хожиж Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.
Азийн XVIII зуны спортын наадмаас манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд П.Орхон, буудлагын төрөлд Г.Нандинзаяа, самбо бөхийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг,бокс эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Цэндбаатар нар алтан медаль хүртээд байгаа.
Гэвч Монголын тамирчнаас допинг илэрч, алтан медалиа хураалгах магадлалтай байна гэх мэдээлэл цацагдсан. Алтан медаль авсан эхний дөрвөн тамирчны хэн нь допингийн шинжилгээнд бүдэрсэн нь тодорхойгүй байсан. Есдүгээр сарын 1-нээс спортын хүрээнийхний дунд чөлөөт бөхийн тамирчин МУГТ П.Орхоноос хамгийн хүчтэй допинг илрэн А болон Б сорьцоор батлагдсан байж магадгүй гэх мэдээлэл байв. Энэ асуудлаар МЧБХ, Азийн допингийн холбоотой видео хурал хийсэн аж. Гэхдээ одоогоор тус холбооноос хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Азийн допингийн холбоо П.Орхонг допин хэрэглэсэн хэмээн алтан медалийг нь хурааж авбал цаашид гурван жил ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах магадлал тун өндөр. Хэрэв ийм шийдвэр гарвал түүнд 2020 оны зуны олимп хаалттай гэсэн үг. Тэрбээр энэ жил 25 настай Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гран При”-гийн мөнгө, Парисын “Алтан Гран При”-гийн хүрэл, Испанийн Гран Пригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.