Энэ жилийн Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг Сингапур улс энэ сарын 19-25-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна. Тус олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид авьяас чадвараа сорьж буй юм. Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад оролцож буй сурагчид хоёр өдөр, өдөр тус бүр гурван бодлогыг таван цагийн хугацаанд бодож уралддаг. Нийт зургаан бодлогыг бодох ба хамгийн их оноо болох 600 онооны төлөө өрсөлддөг.
Тус олимпиадад Монгол улсаа төлөөлөн:
- Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын АЛТ, МӨНГӨН медальт, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа,
- Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй,
- Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй,
- Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар оролцож байна.
Эдгээр сурагчид нь Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан цуврал зургаан удаагийн онлайн олимпиадад амжилттай оролцож, 2021 оны Ази номхон далайн орнуудыг олимпиадад Монгол улсаас оролцсон сурагчдаас нэмэлт сорилоор шалгарч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм.
Монгол улсын багийн ахлагчаар МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр нар ажиллаж байна.
Монгол улсаас олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадад оролцох үйл ажиллагааг МУ-ын БШУЯ дэмжин ажиллаж байна. Тус олимпиадад Монгол улсаас оролцох сурагчдын ажиллах технологийн орчин болоод бусад боломжийг бүрдүүлэхэд ММЗОЗБХороо, МУБИС, ШУТИС-ийн профессор багш нар ажиллаж байна. Олимпиадын технологийн орчин, түүний найдвартай ажиллагааг хангахад “Эрин системс” ХХК хамтран ажиллаж байна.