Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудав. Х.Баттулга гишүүн орж ирээд ширээний зүүн талд суулаа. Хэвлэлийнхэн ч битүү байв. Харин Ерөнхийлөгч “Өнөөдөр Х.Баттулга гишүүнийг урьж уулзаж байгаагийн шалтгаан нь “100 чухал сэдэв” гэдэг нэвтрүүлэгтэй холбоотой юм. Энэ нэвтрүүлэг олон телевизээр явлаа, олон ч хүн үзлээ. Хүмүүс гурван янзаар хүлээж авч байна. Ахмадууд нь бухимдаж байна, хүүхэд залуучууд шууд хүлээж авч байна. Учраа мэдэх хүмүүс голдуу халаглаж байна.
Сайхан юм боллоо гэж ярих хүмүүс ямар хэмжээнд байгааг хэлж мэдэхгүй нь. Бид хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Бид хагаралдахгүй, нэгдэх ёстой тодорхой хэдэн сэдэв бий. Үндэсний эв нэгдэл, гадаад бодлого, тусгаар тогтнолын сэдвээр улс төр хийж болохгүй. Яагаад гэвэл улс төр өөрөө хагарал үүсгэдэг учраас эдгээр сэдвүүдээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх ёстой. Гэтэл ийм нэвтрүүлэг хийгээд зохион байгуулалттай цацахаар нөгөө талаас өөрийгөө өмөөрөөд хэсэг хүн нэвтрүүлэг хийнэ. Ингээд учир нь олдохгүй. Үр дүнд нь бодлого гаргаж байгаа хүмүүс, жирийн иргэд хоорондоо хагаралдаж эхэлнэ. Монголчууд хоорондоо зодолдоод эхэлбэл хэн очиж салгах юм. Эрхэм гишүүд очиж салгах уу. Тиймээс бодолтой хандах ёстой.
Жирийн иргэд асуудлыг тал талаас нь ярьж болно. Харин УИХ-ын гишүүн ямар ч асуудлыг санаачилж УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ ажлаа л хий. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ “харийн гар хөл” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Өөрийг чинь ингээд хэлээд эхэлбэл яахав” хэмээн Х.Баттулга гишүүн рүү харлаа. Тэрээр үг дуугүй, урагшаа ширээ ширтэн сууна. Ерөнхийлөгч цааш нь “Би тэр нэвтрүүлгийг үзээд гайхсан. Ер нь хэний бодлогыг хэнд хэлж өгөөд байгаа юм бэ. Хэний төлөвлөгөөг хэнд сануулаад, хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм. Лав Монгол Улс өөрөө улс үндэстнээ хагалах ийм бодлого барьдаггүй. Хөршөө муулах нь манай бодлого биш. Хийе, бүтээе, Монголоо хөгжүүлье гэж бодож байгаа хүмүүсийг мохоох нь бидний бодлого биш. Гэтэл ийм бодлоготой мэтээр харуулах гээд байгаа арга чинь Монголын сайн сайханд туслахгүй. Монголын улс төрд өмнө нь нэг зөвшил хийсэн. Бас л ийм нэвтрүүлгүүд хийдэг байлаа. Тэгээд эцэст нь “За ийм нэг талыг барьсан, гүтгэлгийн шинж чанартай нэвтрүүлгүүд хийхээ больё” гэж шийдээд соёл тогтож эхэлсэн.
Тэгтэл үүнийг өөрөө эвдчихлээ” хэмээн мөн л гишүүн рүү харав. Цааш нь “Ийм муу зүйлд гаршиж болохгүй. Бид сайн соёлоо түгээх хэрэгтэй. Ил ярилцах ёстой. Иргэд хоорондоо байр сууриа илэрхийлээд явж байгаа бол яахав. Гэтэл улс төрийн албан тушаалтан энэ зохион байгуулалтад нь оролцож болохгүй. Ер нь захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүй гэдгийг бид сайн мэднэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжиж олон нийтэд хүрдэг хүмүүс нэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй. Та нарын ярьж, хэлж байгаа болгон залуучуудад хүрч байгаа. Байр суурь нь тодорхой болж чадаагүй, дөнгөж “цэцэглэж” яваа хүүхдүүд та нарын хэлж, ярьж байгааг сонсдог, хардаг. Өнөөдрийн хүүхдүүд твиттер, фэйсбүүк, юүтүб гээд бүгдийг нь үзэж байгаа. Тэдэнд ийм маягаар улс төр хийж, асуудлыг шийдэж болдог юм байна гэдэг ойлголтыг төрүүлж болохгүй. Асуудлыг зөв шийддэг үлгэр дуурайллыг үзүүлэх ёстой. Телевизийн дэлгэцээр, айлын хоймроос хүний цус шинжлээд сууж байж болохгүй. Ийм маягаар асуудалд хандаж зохион байгуулдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй. Улс үндэсний эрх ашиг, гадаад бодлогын асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс ард түмнийг төлөөлж ярих эрх нэг л албан тушаалтанд бий. Энэ үүднээсээ би хэлэх үүрэгтэй. Зарим хүн “Нэг нэвтрүүлэг хийгээ л биз. Юун сүртэй юм” гэх байх. Гэтэл мэдээлэлтэй хүмүүс тэр нэвтрүүлгийг үзэхээр дэндүү өрөөсгөл, үр дагавар нь муу харагдаад байгаа юм. Үр дагавар нь муу байна. Энэ бол Монголын хөгжил, сайн сайханд нэг тоосго ч нэмэрлэхгүй. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгээр яриад байгаа, олон жил хуваагдал үүсгээд буй нэг асуудал бий. Тэр нь төмөр замын сэдэв. Нэгдүгээрт монголчууд төмөр замын ач холбогдлыг маш сайн ойлгодог. Монголын төр ард түмэн дэмждэг, үнэлдэг. Төмөр зам бол Монголын хөгжил дэвшилд асар их үүрэг гүйцэтгэсэн. Төмөр замчид шөнө өдөргүй зүтгэж, нуруун дээрээ их ачаа үүрч яваа. Ноднингийн сонгуулиар би “Монголын өвгөн төмөр зам дан нуруутай учраас ачааллаа даахаа болилоо. Одоо давхар нуруутай болгоё. Үүнийг бид заавал хийх хэрэгтэй” гэж хэлж байлаа. 2008 онд Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход нь хэлээд л гаргасан. “Жижигхэн гацаа байгаа шүү. Богд уулыг тойруулаад төмөр замаа хурдан тавиарай” гэсэн. Гэтэл энэ ажил хийгдээгүй.
Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжлөөс Монгол Улс өнчин хоцорч болохгүй. Энд бид заавал оролцох ёстой. Манай өвгөн төмөр зам жилдээ 20 сая тонн ачаа тээж байна. Үүнийг хэд дахин нэмэгдүүлэх боломж байна. 20 сая биш 200 сая тонн ачаа тээдэг болъё. Тэгээд Алтанбулагаас Замын-Үүд явж байгаа төмөр замаа давхар болгоё. Улаан-Үд дээр Оросын төмөр зам ороод ирчихсэн байна. Үүнийг урагшаа Хятадын Жин Инь боомттой холбоё гэж гурван тал ярьж байгаа. Эрээнцаваас уламжлалт хуучин төмөр зам явж байна. Чойбалсан хүрсэн төмөр замыг Бичигтээр гаргая гэж байна. Зүүн талаар дамжин өнгөрөх төмөр замаар хоёр хөрштэйгээ холбогдож чадвал манай хөгжил босоод ирнэ. Баруун бүс нутгаар дамжуулан төмөр зам тавих асуудлыг одоо УИХ руу оруулчихсан байна. Энэ бол муу юм биш. Энэ бүхэн бүс нутгийн дэд бүтцийн хөгжилтэй уялдаж байгаа. Ингэснээр Монголын ач холбогдол өснө, жин нь нэмэгдэнэ. Та бүхэн Казахстаныг хар. “Торгоны зам”-ыг төмөр замаар сэргээж байна. Хятадын ачаа Казахстан, Оросоор дайрч Европ руу гарч байгаа. Хятадын ачаа Турк улсаар дамжиж, Европ руу гарч байна. Иранаар дайруулж өөр бүс нутаг руу гаргаж байна. Энэ үйл ажиллагаанаас Монгол үлдэж болохгүй. Ер нь бидний өвөг дээдэс замд маш их ач холбогдол өгдөг байсан. Жин тээдэг, өртөө бий болгодог. Ийм байхдаа өвөг дээдэс маань хүчтэй, дэлхийн гүрнийг байгуулж явсан юм. Тиймээс одоо хэрүүлд дарагдаж, энэ бүхнээс хоцорч болохгүй.
Нүүрсний төмөр зам байна. Одоо яригдаад байгаа төмөр замыг өөрөө сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл салбар хариуцсан сайд нь байсан” гээд Баттулга гишүүн рүү хандлаа. “Таван толгойгоос урагшаа Гашуун сухайтаар гардаг зам байна. Үүгээр хэдэн жилийн өмнөөс монголчууд нүүрс тээдэг болсон. Талыг там болгож, говийг гамшиг болгосон. Тэнд хөрс яасныг, ан амьтан нь ямар болсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс нүүрсээ төмөр замаар зөөх нь зөв юм байна гэж олон жил ярилаа. Энэ төмөр замыг тавих нь эдийн засаг, орон нутгийн хөгжилд хэрэгтэй юм. Ингээд эхлээд хөндлөн төмөр замаа тавихаар Баттулга сайд болж ажилласан. Гэтэл одоо болтол тавьсангүй. Босоо замаа тавиагүй болохоор хөндлөн замыг барьж болохгүй юм байна. Өнөөдөр манайд ашигт малтмалаас хамгийн их нь нүүрс байна. Үүнийг авах эзэн нь байгаад үнэ хүрдэг л юм бол хаа байгаа газар нь бид хүргэж өгөх л ёстой. Эндээс орж ирсэн орлогоороо дараагийн төмөр замаа тавьж болно шүү дээ. Гэтэл өөрөө энэ асуудлыг хариуцаад ажиллаж байсан сайд. 2008 онд би өөрийг чинь өрөөндөө дуудаад “За Баттулга аа зам тээврийн сайд боллоо. Ийм ийм ажил хийнэ шүү. Хүрз барьж чадах хүн бүхнийг аваачаад далан бариул. 2010 он гэхэд үр дүн гаргаарай” гээд хэлж байсан. Одоо юу ч байхгүй. Хэрэлдэж байж төмөр замын бодлого гэж нэг зүйл оруулж УИХ-аар батлуулсан. 2010 онд бид дахиад уулзсан. “2012 онд энэ ажлыг хийнэ шүү” гэж хэлсэн. Дахиад юу ч байхгүй. Өөрөө ч ажил хийгээгүй, хүнээр ч энэ ажлыг хийлгээгүй. Жилийн өмнөх Засгийн газрын хурал дээр ороод “Битгий шалтаг тоочиж, санаа алдаад ажил уяад бай” гэж А.Гансүх, Х.Баттулга сайдын аль алинд нь хэлж байлаа. Ажлаа хий гэдгийг үргэлж сануулж байсан.
2012 оны сонгуулийн дараа “Сайншандын аж үйлдвэрийн паркаа Баттулга чи хий. Ер нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хариуц” гэсэн. Гэтэл Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна. Юу хийв тэнд” гээд харахад нь Х.Баттулга гишүүн бас л дуугүй, ширээ ширтсэн хэвээрээ. Ерөнхийлөгч үргэлжлүүлээд “Сая Иргэдийн хурлын дарга нь надад хэлж байна лээ. Газрынх нь асуудлыг Алтанширээ сум руу шилжүүлэхгүй бол болохгүй. Усны асуудал хүндрэлтэй. Сонгож авсан газар нь цэвдэгтэй юм байна” гэсэн. Наад зах нь үүнийгээ судалж байж хариуцлагатай хийх ёстой шүү дээ. Ажил хийх бүх боломж өөрт чинь байсан шүү гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Өөрөөс чинь хүмүүс “төмөр зам хаана байна” гэж хариуцлага нэхэх эрхтэй. Түүхийн зураг үзүүлээд хэдэн хүний яриа эвлүүлээд асуудлыг шийдэх боломжгүй.
Өөрт чинь эрх нь байсан, боломж нь байсан, цаг хугацаа байсан. Одоо төмөр зам гээд яагаад ач холбогдол өгөөд байдаг юм гэдэг дээр хоёр, гурван зүйл хэлье. Төмөр замаар явсан ачаа шууд далайн боомт хүрэх боломжтой. Монгол Улсад энэ нь асар чухал. Машинаар явж байгаа ачааг дурын цагдаа, дурын хүнд сурталтан зогсоогоод янз бүрийн юм яриад байж болдог. Бид зөвхөн урд хөршдөө нүүрс зарах гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү бараагаа хүргэх гээд байгаа юм. Төмөр зам гээд яриад байгаагийн цаад учир нь энэ. Төмөр замаар явсан бараа олон улсын гэрээ хэлэлцээрийн субъект болдог юм. Тиймээс нэг хоёр улсаас хамаардаг зүйл биш.
Дээр нь нэмүү өртөг үүсгэвэл Монголд хэрэгтэй. Дамжин өнгөрөх тээвэр дээр тодорхой хөнгөлөлт авах ёстой. Ийм боломж төмөр зам дээр гарч ирнэ. Үүнийг ашиглая гэсэн юм. Одоо нэг зүйл хэлье. Монгол Улс өөрийн эрх ашигтай, төмөр замын бодлоготой. Үүнийг Баттулга сайн мэдэж байгаа. Таван толгойгоос цааш төмөр зам тавих юм бол тэнд хөдлөх бүрэлдэхүүн нь монголчууд байна. Монгол инженерүүд ажиллана. Өртөөнд монгол хүн ажиллана. Нүүрстэй тэвшийг монгол толгой чирч гаргана. Одоо Цагаан хад дээр нүүрс асгаж байгаа шиг тийм гамшиг болохгүй. Энэ бол Монголын байр суурь. Бид ийм эрх ашигтай. Хоёр хөрштэйгээ энэ асуудлыг ярьж байгаа.
Тиймээс хэрүүлийн алим болгох маягаар асуудлыг унагамааргүй байна. Хоёр хөрш рүүгээ бараа тээвэрлэж гаргана гэвэл өөр өөрийнх нь царигаар төмөр замаа тавих нь зөв гэж үзэж байгаа. Дугуй сольж, нүүрс асгахгүйгээр яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Бид төмөр замын бодлогоор бүх асуудлыг шийдчихсэн байсан. Хэрэлдээд байх шаардлагагүй юм шүү дээ. Шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн 1520 мм байна. Одоогийн Алтанбулагаас Замын-Үүд рүү явах төмөр замын царигтай огтлолцохоор бол өргөн байна гэсэн үг. Бүтээгдэхүүн экспортод шууд тээвэрлэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүртэлх чиглэлийн төмөр замын шугамын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж төмөр замын бодлогын баримт бичигт тусгасан байна. Үүний дагуу Засгийн газар сая тогтоолын төслөө УИХ-д орууллаа шүү дээ. Дээр нь 2009 оны долдугаар сард А.Гансүх сайдын гарын үсэг зурсан нэг санамж бичиг байна. Та өөрөө боловсруулсан биз дээ” хэмээн гэрээг нь харуулахад Х.Баттулга гишүүн толгой ч дохисонгүй, яасан ч үгүй, нүднийхээ булангаар хялам хийн харж суув.
Ерөнхийлөгч “Энэ санамж бичигт бүр тодорхой заагаад өгчихсөн байна. Талууд хамтран 2010 онд Шивээхүрэн-Нарийн сухайтын төмөр замыг тавина. 2012 онд Таван толгой-Оюу толгой-Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын-Үүд, Замын-Үүд-Баруун-Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг тус тус барьж дуусгана. Энэ чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн нарийн царигаар барина” гэжээ. Тухайн үед Баттулгын дэд сайд, өнөөдөр Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа А.Гансүх гарын үсэг зурсан байна. Ийм санамж бичигт гарын үсэг зурлаа гэхэд нь бид “Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Нарийн цариг барина гээд хоёр яам санамж бичиг байгуулж болохгүй. Засгийн газрын хэлэлцээрээр шийд. Нарийн төмөр зам тавихдаа тулах юм бол дамжин өнгөрөх тээвэртэйгээ уялдуулж шийдэх хэрэгтэй. Далайд хүрэх тээврийнхээ эрх ашигтай уялдуулъя, хоёр хөршийн нутаг дээгүүр дамжуулах гэж байгаа бол тариф, татварын хөнгөлөлт авъя, ямар боомтоор манай бараа гарах юм үүнийгээ тогт, дээрээс нь хэдий хэмжээний ачаа гуравдагч талд худалдагдах юм үүнийг ярья” гээд энэ санамж бичгийг нь зогсоож байсан юм. Энэ бүх асуудал одоо УИХ-аар хэлэлцэх тогтоолд тусчихсан байгаа. Монгол Улс ийм бодлоготой. Гэтэл Монгол Улс огт бодлогогүй байсан юм шиг эсвэл эх орноо худалдаж, баялгаа зөөх гээд байгаа гэдэг маягаар харуулах нь буруу. Бид зургаан жил хэрэлдлээ. Зурагт хараад сууж байгаа хүмүүс зургаан жилээр хөгширлөө. Нүүрс одоо хүнд хэрэгтэй гэж л байна. Удахгүй орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийд гараад ирэх ч юм бил үү. Тиймээс энд хэрүүл хийж суух цаг биш.
Хамгийн сүүлд хэлэхэд Монгол Улс өвөрмөц байршилтай. Хоёр том хөршийн дунд байдаг. Бидэнд нэг хөдөлшгүй үнэн бий. Тэр нь Монгол бол энэ хоёр улстай хөрш. Асуудал гарвал энэ хоёртой л ярина. Энэ түвшинд ярьж байгаа зүйлүүд ч бий. Бидний эрх ашиг ийм байна гэхэд нөгөө тал ч эрх ашгийн асуудлаа тавьж байна. Ийм маягаар бүх түвшиндээ хэлэлцээ хийж байна. Бид үнэхээр энэ хоёр орны дунд бүтнээрээ оршдог учраас ингэхээс өөр аргагүй. Ер нь хөршөө муу хэлдэг сайн хөршийн бодлого байж болохгүй. Хажуудахаа муу хэлдэг бодлого байж болохгүй. Ийм учраас бид нэгдмэл байр суурьтай байх ёстой. Төгсгөлд нь ганц хоёр зүйл хэлье.
Монгол Улс хөгжинө, босно, болно гэж ирээдүйдээ итгэж байгаа монгол хүний сэтгэлийг мохоож болохгүй. Баттулга гишүүний ярьдаг, хэрэгжүүлэхээр төлөвлөдөг сайн зүйлүүд бий. “Түмэн хишигтэн” бодлогыг дэмжинэ. Дэмжсээр ч ирсэн. Майдар хот бол зөв бодлого. Шинэ сум төсөл байна. Үүнийг Засгийн газар хөтөлбөр болгоод явах хэрэгтэй. Хамгийн гол нь мөнгө нь хяналттай ард түмний хараан дор явах ёстой. Спортын талаарх бодлого, үйл ажиллагаа байна. Энэ бүгдийг нь дэмжинэ ээ. Гэхдээ төрд аливаа ажлыг хийж чаддаг хүмүүс гэж бий. Зарим өндөр албан тушаалтнуудыг харж байхад төр рүү, төсөв рүү ойртуулмааргүй хүмүүс байдаг. Авлига албан тушаалын асуудалтай тэмцэнэ. Сая Газрын тухай хуулийг баахан ярилаа. Тэгээд буцаагаад татчихлаа. Газар бол Монгол Улсын иргэний өмч байх ёстой. Монгол Улсын иргэнд баялаг бүтээхэд нь туслах ёстой. Тийм байдлаар хууль гарах ёстой. Тийм учраас буруу зүйл байгаа бол шүүмжилнэ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж нэг зүйлийг хэлье. Олон нийтэд юм үзүүлнэ, айлын хоймроос ярина гэдэг бол онцгой хариуцлага шүү. Нэг хэсэг хүмүүс зочид буудлын арын өрөөнд цуглаж хийгээд түлхэж байгаа нэвтрүүлгийг гаргаж л байдаг. Тэнд менежер, захирал гэж хүмүүс бий байх. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс нэр усаа тавих хэрэгтэй. Зохиолыг нь хэн бичсэн юм, хэн санхүүжүүлсэн юм, хэн зургийг нь авч, монтажилсан юм. Хэн ард талд нь санаачилж байгаа юм. Энэ бүхэн нээлттэй байх ёстой. Үнэхээр эх оронч хүмүүс юм бол нэрийг чинь хармаар байна. Тухайн телевизээр гарах ёстой хөтөлбөр гэнэт өөрчлөгдөөд оронд нь тэр нэвтрүүлэг ямар учраас гарсан гэдгийг хариуцлагатайгаар ил болгох хэрэгтэй. Твиттер, фэйсбүүкт ч янз бүрийн юм ярьдаг хүмүүс өөрсдийгөө харуулдаг байх ёстой. Нүүрээ нуучихаад асуудал яриад гүйлдээд байж болохгүй. Монгол Улс наад зах нь ийм хариуцлагатай болох хэрэгтэй. Үүнийг зориуд сануулж хэлье гэсэн юм. Аливаа юм буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Үүнийг цаашдаа хууль дүрэмдээ сайн оруулж өгөх хэрэгтэй. Бид аливаа зүйлээс сургамж авах ёстой. Ингээд хамтарч ажиллая, Монгол Улсаа өөд нь татахын тулд тал талаасаа зүтгэе. Монголын нэг давуу тал бол нээлттэй байдал шүү. Бид муугаа ч ярьж чаддаг, сайныгаа ч хэлэлцэж чаддаг хүмүүс. Ийм л зүйлийг хэлэх гэсэн юм, баярлалаа” гээд шанаагаа тулж хэсэг чимээгүй суув. Х.Баттулга гишүүн ч таг чимээгүй байлаа. Хэвлэлийнхэн ч өрөөнөөс цувран гарав. Тэр үед Ерөнхийлөгч суудлаасаа босч, халаасандаа гараа хийн алхалж байгаа харагдав. Харин Х.Баттулга гишүүн хөшөө мэт хөдөлгөөнгүй, бас дуугүй суусаар өрөөнд нь үлдэв.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ