Categories
мэдээ нийгэм

“Монголын анд нөхөд” нийгэмлэг байгуулагдав

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хот дахь Энэтхэгийн олон улсын төвд Монгол улсыг талархан дэмждэг, элэгсэг дотно ханддаг хувь хүмүүс хуран цуглаж олон жилийн түүхтэй боловч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь харьцангуй зогсонги болоод байсан Энэтхэг, Монголын найрамдлын нийгэмлэгийг шинэчлэн зохион байгуулахаар “Монголын анд нөхөд” холбоо байгуулав.

Тус нийгэмлэгийн тэргүүлэгчид Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдыг 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Энэтхэгийн Олон улсын төвд урьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар санал солилцов.

Элчин сайд Г.Ганболд Монгол, энэтхэгийн ард түмний шашин, соёл, оюун санаа, түүхийн эртний уламжлалт хэлхээ холбоонд суурилсан хоёр улсын харилцааны хөгжил, хамтын ажиллагааны механизмуудын талаар мэдээлж, сүүлийн жилүүдэд хэрэгжсэн болон цаашид хийгдэхээр төлөвлөж байгаа айлчлал, арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, хоёр орны найрсаг харилцааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарт өргөтгөн хөгжүүлэх чиглэлээр Найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид, идэвхтэн гишүүдтэй хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав.

Монгол Улсын үндэсний их сургуульд зочин багшаар ажилласан Алигархийн их сургуулийн профессор монгол судлаач, Азад Лари “Монголын Нууц товчоо” судар, Монголын эзэнт гүрэн, тэртээх 13 дугаар зуунаас эхтэй буган чулуун хөшөө, мөнх хөх тэнгэрийн дээдэлж ирсэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид алив шашинд тэгш тэнцүү ханддаг байсан тухай, монголчуудын шашин шүтлэг, Монголын эзэнт гүрний “Алтан аргамж” хэмээх гадаад бодлого, Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, эртний энэтхэг, түвд,монгол хэлнүүдийн авиа дуудлагын ижилсэл ба хувирал, Амарбаясгалант хийд, дэлхийн хоёрдугаар дайны үр дүн Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан талаар, Монголын хот суурин газруудын түүх, монголчуудын аж байдал, Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, Монгол үндэсний урлаг, соёлын тулгамдсан асуудлууд зэрэг өргөн сэдвээр туурвисан “Эрин зуун дамжсан Монгол орон” номоо танилцуулж Элчин сайдад номынхоо дээжийг гардуулав.

Элчин сайд Г.Ганболд монголын ард түмний уламжлалт баяр, сар шинийг тохиолдуулан өөрийн бичсэн “Хардик Намасте-Амар байна уу” гэдэг өгүүлэл нийлэгдсэн “Индиа Эмпайр” сэтгүүлийн шинэхэн дугаарыг профессор А.Ларид дурсгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *