Categories
мэдээ нийгэм

Монголын 208 суманд “Өвсний үндэс” үр шимээ өгчээ

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо энэ намар 500-д хүрч байгааг өмнө мэдээлсэн. Харин энэ тоо нэмэгдэж байна.

Улаанбаатар дахь Японы ЭСЯ-наас өнөөдөр мэдээлснээр орон нутгийн хоёр сургуулийн дотуур байр, мөн нэг цэцэрлэгийн засварын ажилд буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон холбогдох аймгийн Засаг дарга нар зурсан бөгөөд энэ гэрээ нь Элчин сайд Такэнори Шимизүгийн бүрэн эрхээ дуусгахаас өмнө үзэглэсэн сүүлийн гэрээ болж байгаа юм.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат урилгаар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Ийм баяртай сайхан үйл явдлын гэрч болж байгаад баярлаж, талархаж байна. Ноён Элчин сайд Такэнори Шимизү монголчуудыг сайн мэднэ. Хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө олон жил хүчин зүтгэж байгаа. Өөрийн дипломат нөр их хөдөлмөрийн хоёр орны хамтын ажиллагааны төлөө зориулсаар ирсэнд талархаж байна” хэмээн хэлэв.

Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ “Бид 1990 оноос хойш Монгол Улсын боловсролын салбарт тусгай анхаарч, хамтран ажиллаж ирсэн. Энэ ёслолд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцож байгаад талархал илэрхийлж байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Би энэ сарын 9-нд Элчин сайдын албан тушаалаа бүрмөсөн хүлээлгэж өгөөд нутаг буцах гэж байна. Өнөөдрийн арга хэмжээ бол миний хувьд хамгийн сүүлчийн албаны арга хэмжээ болж байна. Би 1990 оноос хойш энэ төслийг хэрэгжүүлэхэд тусгай анхаарч ирсэн учраас энэ төслөөр албан ажлаа хаах гэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Өнөөдрийн зурсан гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрыг, мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэгийн засварыг хийх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *