Эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарлаа гэсэн өөдрөг мэдээ өнгөрсөн өдрүүдэд хөвөрлөө. Төсвийн гол ачааг үүрдэг уул уурхай нь Оюу толгойгоос өөр гялтайх төсөлгүй гэлдэрч яваа гэхэд бас ч гэж дажгүй өндөр өсөлт. ОУВС-тай найзалсан учраас эдийн засгийн өсөлт давгүй гарлаа гэх мэт тайлбар мэр сэр дуулдаж байна. Яадгаа алдсан улс л Валютын санд ханддаг, Валютын сан орж ирэхээрээ төсвөө хямгатай зар, татвараа нэм гэх мэт эдийн засгийг агшаах жижүүрийн хэдэн шаардлага тавьдаг гэдгийг захын хэн ч гадарлахтайгаа болсон цаг. Ядаж байхад өмнөх шигээ “Стэнд бай”-д хамрагдсан бол яахав гэхсэн. Тэрнээс ч дор, туйлдаа хүртлээ зүдэрсэн улсад хэрэгжүүлдэг хөтөлбөрт нь арай гэж багтсан улс Валютын сангийн хүчээр өндийчихлөө гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Хүүхдүүддээ сар тутам өгдөг 20 мянган төгрөгөө боль, “приус” машины татварыг нэмэгдүүл гэсэн яль шальгүй шаардлагынх нь үр дүнд эдийн засаг өснө ч гэж юу байхав. Харин ч эсрэгээрээ ихэнх иргэдийн амьжиргааг залгуулдаг “приус”-ийн татвар нэмэгдсэний балгаар шатахуун бага иддэг япон тэрэгний үнэ хаданд гарчихсан. Татварыг нь буцаад буулгасан ч нэгэнт өссөн үнэ дахиж хэзээ ч газарддаггүй ченжийн эдийн засгийн балгийг энгийн иргэд үүрээд явж байна.
Валютын сангаас тавьсан дараагийн шаардлага бүр аймаар. Арилжааны банкуудын зээлийн барьцаанд багтдаг мал, хашаа байшин гэх мэтийг барьцаанаас хасах шаардлагыг тавиад буй. Хашаа байшингаа барьцаалж лангууныхаа барааг дүүргэдэг Дорж, мал хуйгаа барьцаалж үр хүүхдээ сургаж, амьдрал ахуйгаа цэгцэлдэг Дулмаагийн амьдрал хэцүүднэ гэсэн үг. Мал, хашаа байшинг барьцаанаас хасвал чанаргүй зээлийн хувь өндрөө авч, арилжааны банкууд эхнээсээ хаалгаа барьж эхлэх эрсдэл ч бий. Тэгэхээр Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн учраас эдийн засаг өндөр өсөлттэй гарлаа гэсэн тайлбар яаж ч бодсон үнэнд дөхөхгүй. Харин ч анхнаасаа Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй байх бүрэн боломжтой байсныг эдийн засгийн 5.3 хувийн өсөлт харуулж байна. Товчхондоо өмнөх Засгийн үед хундаментыг нь чанартай цутгаад өгчихсөн учраас өдий дайны өсөлт үзүүлээд байгаа юм.
МАН-д нэг том гэм бий. Сонгуульд ялснаасаа хойш хийсэн алдаа нь ОУВС-гийн хөтөлбөр. Өнгөрсөн жилийн зун эдийн засаг өнгөлөг дажгүй, долларын ханш галзуураагүй номхон гэж жигтэйхэн л байсан. Ийм эдийн засаг хүлээж авчихаад элдэв муу мэдээ тарааж, Валютын сангийн хөтөлбөрт хамруулах гэж идэвхийлэн зүтгэсэн хүмүүс нь Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд хоёр. Мэдээж тэд МАН-ын дохиураар хөдөлсөн. Ер нь эдийн засгийг сайн байлгах уу, муу байлгах уу гэдгийг мэддэг ганцхан субьект бий. Тэр нь эрх баригч нам. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан улсаа ОУВС-гийн хөтөлбөрт хамруулахын тулд эдийн засгаа унагаж болдгийг жинхэнэ утгаар нь харуулсан. Эрх баригч нам эдийн засгийг яаж л бол яаж дохиурддагийн наад захын том жишээ. Тэгэхээр 2016-2020 оны Монголын эдийн засаг МАН-ын гарт байгаа гэсэн үг. Дахиад хэлье. 5.3 хувийн өсөлттэй яваа эдийн засгаа унагах уу, босгох уу гэдэг нь МАН-ын гарт байна. Уул уурхайн хэдэн том төслөө хөдөлгөчихвөл мөнгө олох боломж бас ч гэж бий. Гэхдээ өнөөхөндөө Оюу толгойгоос өөр тэр гээд хэлчихээр төсөл алга.
Нүүрсний үнэ өссөн учраас л Таван толгой зүгээс дажгүй мэдээ дуулдаж байна. Төмөр замаа барьчихсан бол өнөөдрийн олж байгаагаас хавьгүй их ам.доллар олох боломж бий. Хойд Солонгосоос нүүрс огт авахгүй гэсэн шийдвэр гаргасан урд хөршид хар алт шиг хэрэгтэй юм өнөөхөндөө алга. Гэтэл бид энүүхэндээ “Төмөр замгүй учраас” гэсэн зовлон тоочоод урд хөршийн хил дээр нүүрс ачсан машин эгнүүлээд бойтоглож сууна. Аль өнгөрсөн зуунд нүүрс тээврийн хэрэгсэл байсан автомашины цуваа 160 гаруй км-ын дараалал үүсгээд зогсч байгаа нь Австрали шиг том тоглогчдын хувьд хөх инээд нь хүрэхээр болхи төрх. Төмөр замын бүтээн байгуулалт өрнөж, угааж баяжуулах үйлдвэр босгож байж Таван толгойн нүүрс Австралитай эн тэнцүү, магадгүй хол илүүрхэж өрсөлдөнө. Зах зээлийнхээ ердөө хажууханд нүүрсний том ордтой нь бидний Австралиас ялгарах давуу тал учраас төмөр замаар сүнгэнүүлчихвэл тэднээс их хэмжээний өгөөж хүртэх боломжтой. Өнгөрсөн зууны хоцрогдсон тээврээр нүүрсээ зөөж байгаа учраас Монгол гэдэг улс нүүрсний зах зээлд жижиг харагддаг юм.
Таван толгойгоо төмөр зам, баяжуулах үйлдвэр гээд юутай хээтэй нь хөдөлгөж байж бид нүүрсний зах зээлд тоглогч гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Томоор хөдөлгөх гарцууд албаны түвшинд аль хэдийнэ яригдаж, даацтай хөдлөхөд нь “Сүмитомо”, “Шинхуа”-гаас эхлээд хамтаръя гэсэн ч улстөрчид нь хоорондоо тэмцэлдээд аль ч үгүй болгосон нь бодитой үнэн. Дээр байгаа хэдийн маань тэмцлийн агуулга тун ядруу. Товчхондоо хэн нь их идэх вэ гэсэн өрсөлдөөн Таван толгойг таг гацааж буй. Таван толгойг томоор нь хөдөлгөх сонирхол манай улстөрчдөд төрдөггүй нь ийм ядмагхан шалтгаантай.
Уг нь иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлье, ахиу доллар олъё гээд улстөрийн зориг гаргавал Таван толгой өгөөжөө өгөх төсөл. Оюу толгойг дагаж ямар олон компани ашигтай ажиллаж, хичнээн их хүн ажилтай, орлоготой байгаа билээ. Таван толгойд ч тийм боломж бүрэн дүүрэн бий. Таван толгойг хөдөлгөхгүй гацааж буй улстөрийн хоёр бүлэглэл байгаа нь тод харагддаг. Нэг талд нь төмөр зам бариулах сонирхолгүй улстөрч дээр нэмэх нь машинаар түүхий нүүрс зөөх нь бизнест нь хэрэгтэйг олоод харчихсан улстөрч энэ том төслийг гацаахад их том нэмэр болж буй. Нөгөө талд МАН-ын бүлэглэл ашиг хүртсэн шигээ аж төрж суугаа. “Эрдэнэс Таван толгой” компани Ж.Мөнхбатын хүмүүсээр дүүрснийг учир ойлгох хүмүүс хардаг, мэддэг. МАН-ынхан яагаад дуугардаггүй нь ч цаанаа учиртай гэх юм билээ. “Тэрийг минь ажилд оруулаад өгөөч” гэж хандсанд нь толгой дохиж, ийм тийм юм өгөөч гэсэнд нь гар сунгаж, баргийн гуйлтанд “үгүй” гэдэггүй чанар нь Таван толгойд эзэн суугч нөхрийг дархалсан гэх яриа дээд түвшинд дуулдаж л байдаг. Таван толгойн нүүрсийг ченжүүдтэй үгсэн түүхийгээр нь их хэмжээгээр гаргах хэрээр эрх мэдэлтнүүдийн халаас зузаардаг гэх яриа хөшигний ард өрнөхөө больж нэгэнт ил болчихсон үнэн. У.Хүрэлсүхийн бухимдаад байгаа нь ч үүнтэй холбоотой гэх мэссэж нисээд эхэлчихсэн. Энэ таамаг бодитой байх боломжтой. Хэт идээд буй хэсэгтээ хэн л дуртай байв гэж. Нэг тогоонд байгаа хүмүүсийн дунд гарах л зөрчил.
Өнгөрсөн засгийн үед улстөрчдийн талцлаас болж таг гацсан Таван толгойн хэлэлцээрийг энэ засгийн өнгөнд эхлүүлнэ гэсэн гоё яриа дуулдаад л өнгөрсөн нь ийм учиртай. Хэлэлцээрийн бичиг баримт өдгөө Уул уурхайн сайдын ширээн дээр тоосонд дараатай хэвтэж байна. Хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх учиртай Уул уурхайн салбарын сайд уг нь яг өдийд хурц тод байх учиртай. Гэтэл таг чиг ажин түжин, чимээгүй, сайд нарыг тэргүүлж яваа нь хачирхалтай хэрэг шүү. Таван толгой дээр улстөрийн намуудын эрх ашиг ямар байдгийг цухас дурдлаа, бусад орд дээр ч иймэрхүү “чимээгүй тэмцэл” өрнөж буй учраас хөдөлж өгөхгүй байгаа юм.
Дараагийн том төсөл бол Цагаан суварга. Элон Маскийн эхлүүлсэн цахилгаан машин дэлхийгээр нэг сүнгэнэлдэх нь тодорхой болсон энэ үед хаданд гарах металлаар зэс нэрлэгдээд эхэллээ. Тонн нь арав гаруй мянган ам.доллараар үнэлэгдэх нь тодорхой гэж шинжээчид ам уралдуулж байна. Оюу толгой, Эрдэнэт дээр нэмэх нь Цагаан суваргаа ашиглаад эхэлбэл Монгол дэлхийн зэсийн зах зээлийн голлох тоглогч болно. Цагаан суваргаа ашигласан шигээ данайж суух боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Стратегийн ордод авна гэж зүтгээд, Цэцэд хандаж хөндлөнтөөд юм юм л болсон. Улстөрчдөөс үүдэлтэй балгуудаас болж нэгэнт эхэлсэн санхүүжилт нь гацаж, элдэв явдал өрнөснийг өнгөрсөн жилүүдийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа манай сонинд саявтар ярилцлага өгөхдөө “Асгатыг, ураны хэдэн ордыг эс тооцвол Таван толгойгоос өөр хөрөнгө оруулагч сонирхоод урагшлуулчих төсөл одоогоор алга. Цагаан суварга гэхэд Засгийн газрын урагшгүйгээс болоод олон жил зогслоо” гэж зүгээр ч нэг онцлоогүй.
Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгчийн харж байгаагаар одоогоор гялайж гялтайж буй төслүүд хайгуулын чиглэлд л байна. Уул уурхай элгээрээ хэвтсэн өнгөрсөн жилүүдэд тасралтгүй хэрэгжсээр ирсэн гурав, дөрвөн төсөл хайгуулынх. “Эрдэнэ ресурс”, “Занаду”, “Кинкорра” зэрэг компанийн хэрэгжүүлж буй хайгуулын төслүүд дараагийн буюу олборлолтын шатандаа шилжвэл уул уурхайн салбарт гэгээ татах найдлага байна. Гэхдээ бас нэг асуудал байна. Өмнө дурдсан гурван компанийн төслүүдийг эс тооцвол хайгуулын салбарт жижиг, дунд төслүүд амь орж өгөхгүй байгаа зовлон бий. Ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаагийн “Өнгөрсөн жилүүдэд шинээр авсан тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг хадгалж чадахгүй гэсэн шалтгаанаар буцааж байгаа юм билээ. Төлбөр нь өндөр учраас тэр. Нэг жил хадгалаад л буцааж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн захиргааны үйлчилгээний хураамж ч маш өндөр болсон. Өмнө нь 150-250 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо зөвхөн нэвтрэх эрх нь гэхэд 500 мянгаар яригдаж байна. Үүний дараа тусгай зөвшөөрлийн төлбөр яригдана. Тийм учраас нэлээд том, хүчтэй компаниуд, монополиуд үүсэх бололцоо л бүрдэж байна. Өмнө нь жижиг, дундуудад боломж байсан бол одоо хязгаарлагдмал болчихлоо” гэсэн үгийг анзаарахгүй орхиж болохгүй. Уул уурхайгаас их ашиг хүртэх эрх баригчдын зөрчилдөөн хайгуул олгох процесст хүртэл орчихоо юу даа гэсэн хар төрж байна.
Одоо Таван толгой буюу бусад том төслийг хөдөлгөж, хайгуулаа сэргээх том хөзрүүд эрх баригч намд л байна. АН талаас хичнээн шантааж, тэмцэл хийлээ ч УИХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН “Иргэдээ бодоод Таван толгойг хөдөлгөнө”, “Цагаан суваргаа тэдэн онд ашиглаж эхэлнэ”, “Хайгуулын салбарт компаниудыг том, жижиг гэж алагчлахгүй” гэчихвэл уул уурхайн салбар ямар ч асуудалгүйгээр өндийгөөд ирнэ. Ирэх өдрүүдэд нүүрсний том ордын ажил таг гацсан хэвээр байвал, Цагаан суварга хөдлөхгүй, хайгуулын салбар гурав дөрөвхөн төслөөс хэтрэхгүй бол МАН-ын шунал дуусаагүй байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд Монголыг модоо бариулах эсэхийг УИХ дахь МАН-ын бүлэг л шийднэ.