Францыг алдарт Эйфелийн цамхагаар нь, дэлхийд суутай удирдагч Напалеоноор нь хүн төрөлхтөн төсөөлдөг. Өрнөд Европт оршдог Франц өөрөө ч арвин түүхээрээ дэлхийд танигдсан орон. Энэ улсад өнгөрсөн долоо хоногт очоод ирлээ. Францын зүүн хойд Эльзас мужийн нийслэл Страсбург хотод эхний өдрүүдэд саатав. Учир нь тэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентын холбооны чуулганд үг хэлсэн юм. Төрийн тэргүүн болгонд олдоод байдаггүй энэ боломж Монгол Улсын Ерөнхийлөгчид ирсэн учраас онцгойд тооцогдох нь гарцаагүй юм. Түүний хэлсэн үгийг манай сонин бүрэн эхээр нийтэлсэн тул энд дахин нуршаад яахав. Гэхдээ Европарламентын гишүүд түүнийг тун анхааралтай сонсч, алга ташин уулга алдаж байсныг дурдах хэрэгтэй. Ялангуяа “Эмэгтэйчүүд бол гэр бүл, улс үндэстний гол тулгуур юм. Тэд ертөнцөд амьдрал авчирдаг. Тэд л өндөр настай, өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг. Эмэгтэйчүүд бол биднийээжүүд, эгч, охин үрс маань юм. Нийгэм улам ахиж дэвшихийн тулд бүх түвшин дэх нийтийн үйлчилгээнд эмэгтэйчүүдийн эзлэх үүргийг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн тоог гурав дахин нэмэгдүүлж чадлаа. Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвтэй болж, хохирол, сөргөлдөөнийг бууруулж чадна” гэж хэлэхэд нь Европарламентын зарим эмэгтэй гишүүд гараа өргөн дэмжиж омогшиж байгаа нь харагдаж байсан юм. Тэднийг нирхийтэл инээлгэж эсвэл алга ташуулсан олон ишлэлийг энд дурдаж болно.
Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн эх орон, ард түмнийхээ талаар хэлсэн үг Европарламентын гишүүдэд Монголын тухай тэс өөр бодол төсөөлөл өгсөн.Монгол гэдэг улсыг эерэг өнцгөөс харах хэрэгтэй юм байна. Хамтран түншлэх ирээдүйтэй улс юм. Тайван замаар бий болгосон ардчиллын болоод хүний эрх, эрх чөлөөг тунхагласан туршлага нь агуу юм гэдэг дүгнэлтийг хийж,нэг ёсондоо Монголыг тоосон байх. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн Европарламентад хийсэн айлчлал Монгол Улсыг Европын холбоотой улам ойртуулах алхам болж чадсан биз ээ.Чуулганы дараахь зоог дээр гишүүн бүрийн амнаас Монгол гэдэг үг унаж, хоолны үеэрх ярианы сэдэв болж байсан нь үүнийг гэрчлэх мэт.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр Европын парламентын ерөнхийлөгч Мартин Щульц “Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентын чуулганы хуралдаанд гайхамшигтай илтгэл тавилаа. Таны илтгэл Европын парламентын гишүүн бүрийн сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Та итгэл найдварыг, хамтын ажиллагааг уриаллаа. Үнэт зүйлсийнхээ төлөө тэмцэхийг, ардчиллыг хамгаалахыг уриаллаа. Түүхэн уламжлалд тулгуурласан нээлттэй нийгэм байгуулахыг зорьж байгаа юм байна. Та болон таны эх орон орчин үеийн, дэвшилтэт улс төрийн стратегийг сонгон хэрэгжүүлж байна. Таны илтгэл бидэнд гүн сэтгэгдэл төрүүлснээс гадна нийтлэг үнэт зүйлсийнхээ төлөө хамтран ажиллах уриалга дэвшүүлсэнд талархаж байна. Европын парламент таны урилгыг хүлээн авч, 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд тусламж дэмжлэг үзүүлэх болно. АСЕМ бол Ази болон Европ тивийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилга юм. Бид ирээдүй хойч үеийнхээ өмнө чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байна. Ирэх арван хоёрдугаар сард Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт болно. Тийм ч учраас бид таны уриалгыг хүлээн авч байна. Монгол гэдэг ардчилсан улсын Ерөнхийлөгч өнөөдөр Европын холбооны 28улсын 507 сая гаруй иргэнийг төлөөлсөн парламентын чуулганд үг хэлсэнд баяртай байна. Европын парламент 28 улсын 507 сая иргэнд зориулсан шийдвэр гаргадаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Таны илтгэл Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх итгэл найдвар өглөө” гэж хэлснээс нь харахадч тодорхой байна.
Европарламентын танхим үнэхээр том. 751 гишүүний суудалтай учраас тийм байхаас ч аргагүй биз. Ерөнхийлөгчийг үг хэлэхээс өмнө чуулганаар жендертэй холбоотой нэгэн төслийг баталж байв. Санал хураалгаж байгаа гишүүд төслөө заалт бүрээр нь даргынхаа уншиж байгаатай тулгаж,ярсхийтэл гараа өргөх ньажилдаа ямар хариуцлагатайг нь илтгэнэ. Манай парламентадхэрэгжүүлж баймаарсайн туршлагын нэг энэ байлаа.
Европарламент бол Европын холбоо хэмээх байгууллагын хууль тогтоох эрх мэдэл бүхий нэг тогтолцоо нь юм. Гэхдээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдгээрээ бусад улсын парламентаас ялгаатай. Европын холбоонд нэгдсэн улсууд тав таван жилийн хугацаатай явагддаг сонгуулиар төлөөллөө парламентад суулгадаг. Долоон орны 25 гишүүн нэгдэж, бүлэг байгуулах эрхтэй. Сонгуулиар хамгийн олон суудал авсан бүлэг нь эрх баригч болдог. Ингээд Европарламентаар баталсан дүрэм, журмыг Европын холбооны улсууд мөрддөг хуультай. Энэ жишгээр өнөөдөр Европын 12 улс евро хэмээх мөнгөн тэмдэгтийг хэрэглэж байна.
Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзсан юм. Европкомисс нь хуулийн төсөл боловсруулж, Европарламент, Еврозөвлөлд өргөн барих үүрэгтэй чухал байгууллага. Үүнийг даргалдаг Жан Клод Юнкер бол Люксембургийн Ерөнхий сайдаар олон жил ажилласан дэлхийд нэр хүндтэй улстөрчдийн тоонд ордог нэгэн. Тэрбээр 2014 оны арваннэгдүгээр сараас Еврокомиссын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Түүнтэй уулзахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын холбоотой хөгжүүлж байгаа харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирснийг онцолсон.Монгол Улс, Европын холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж,Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын комиссын санхүүгийн аргуудыг ашиглаж, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гаргах санал тавилаа. Мөн Хөгжлийн төлөөх элч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив. Үүнийг нь Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер хэрэгжүүлэхээ хариу мэдэгдэж байв. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тал дээр ч санал солилцож, иргэд хоорондын харилцаа, түүний дотор оюутан, судлаач солилцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг тэд ярилцлаа.
Биднийг очихоос өмнөх хэдэн өдөрт 30 хэм хүртлээ халж байсан гэх Страсбург хотод цаг агаар сэрүүхэн,охид хүүхнүүд нь зузаан хувцсандаа орсон байлаа. Энэ хотын түүхийг сөхвөл их сонин. Хүннүгийн хаан Аттила Италийг эзэлж, Германы нутагт орох замдаа Страсбург хотыг эзэлж явсан гэдэг.Энэ бол МЭ451 онд хамаарах түүх юм. 1919 онд хийсэн Версалийн гэрээгээр Страсбург хотыг Францид шилжүүлсэн чхоёрдугаар дайнд энэ хотыг германчууд эзэлсэнгэж байгаа. Гэвч буцаад 1944 арваннэгдүгээр сард Страсбург хотыг германчуудаас чөлөөлсөн түүхтэй. Тийм учраас Герман соёлыг хадгалсан хэв шинж Страсбург хотод их. Зарим монгол судлаачид “Германчууд Страсбургт ирэх нь монголчууд Өвөрмонголд очсонтой адил” хэмээн дүгнэдэг юм билээ. Ер нь чГерманд элэгтэй, германаар ярьдаг страсбургчууд цөөнгүй. Герман хэлээр ярьж буй хэн нэгэнтэй таарвал нутгийнхантайгаа уулзсан мэт зарим хөгшчүүд нь баярладаг гэж байгаа. Ийнхүү Францын томоохон хотуудын нэг Страсбургт хийсэн ажлын айлчлалаа өндөрлөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нутаг буцсан юм. Харин түүнийг дагалдан явсан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Францын нийслэл Парис хотыг зорив. Учир нь тэнд Монгол,Францын соёлын өдрүүдийн нээлт болох байлаа.
Газар тариалан эрхлэхэд тохиромжтой, ашигтай газар байрласан. Соёл урлаг, эдийн засаг, худалдааны төв гэдгээрээ алдартай Парис хот өөрөө “амьд” музей. 1889 онд инженер Густав Эйфелийн бүтээсэн Эйфелийн цамхаг өдгөө энэ хотын гол өнгө төрх,таних тэмдэг нь болж байна. Мөн Элисейн талбай, Ялалтын хаалга, Конкордын талбай, Францын үе үеийн хаадын ордон байсан Луврын музей гээд нүд хужирлах үзмэр ихтэй.Алдарч зохиолч Виктор Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм” зохиолоор танил болсон “Нотр Дам дө Парис” сүм ч энэ хотод бий гээд дурдаад байвал олон.
Парис хотын дундуур урсах Сэна мөрөн дээр 37 гүүртэй. Тэдний нэг нь залуу хосуудын хайр сэтгэлийн баталгаа болгож цоож зүүдэг гүүр юм.Цоожнуудын даац хэтэрч нурах аюулд өртсөн учраас биднийг очих үед гүүрийг ачаанаас нь салгасан байв. Шинээр гүүр барих ажилудахгүй эхлэх гэнэ. Парисчууд Сена мөрнийхөө эргээр үдэш болтол зугаална. Өглөө эрт босох гэж яардаггүй чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс юм.Хотынх нь хөл хөдөлгөөн өглөөний ес, арван цагаас нааш оволзохгүй. Нэг ёсондоо зугаа цэнгэлийн хот ажээ. Гудамжинд яваа герман юм уу орос эмэгтэйчүүдийн зургийг дарвал ундууцна. Харин франц бүсгүйчүүд хэн нэгэн өөрийнх нь зургийг авч буйг мэдвэл улам айлгүйтдэг гэх яриа францчуудыг сэтгэл хөдлөл ихтэй, амьдралын сайханд дуртай хүмүүс гэдгийг нь илтгэх биз.
Хувцасны донж маягийг тааруулж, гангалахын урлагийг жинхэнэ утгаар нь харуулдаг ард түмэн юм. Эрүү өвдөг нь нийлсэн эмгэн ч час улаан өнгөөр уруулаа будаж, богино банзлаар гангарч өндөр өсгийт жийчихсэн явах нь энгийн үзэгдэл. Хөлдөө скидуглачихаад ажилдаа явах хижээл насны эмэгтэйчүүдтэй гудамжинд таарах нь ч ердийн үзэгдэл. Дээрээс нь францчууд гадны хэлээр ярих нь нүдний гэм. Яагаад гэвэл тэд дэлхийн бүх улс зөвхөн франц хэлээр ярих ёстой гэж үздэг ихэмсэг хүмүүс. Тийм учраас иргэд ньангли, герман, итали, испани хэл мэддэг ч ярих дургүй гэнэ.
Ийм л соёл ахуйтай Франц улсын нийслэл Парис хотод монголчууд дөрөв хоногийн турш соёлын өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулахаар нээлтээ хийсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Парис хотод амьдарч байгаа монголчууд ирсэн байлаа. Тэр дунд дуучин Б.Мягмарсүрэн ирсэн харагдана лээ. Франц эрчүүдтэй гэрлэсэн монгол бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг бололтой.Үндэсний хувцсаараа гангаран оройн арга хэмжээнд олноороо цугласан байв.Энэ үдэш тоглолтоо үзүүлсэн “Хөсөгтөн” хамтлагийнхан францчуудын сэтгэлийг нэлээд хөдөлгөөд авах шиг болсон. Мөн хөлөөрөө нум сум харвах монгол нугараачийг францчууд дуу алдан үзэж, эрхий хуруугаа гозойлгож байгаа харагдсан. Арга хэмжээний нээлтэд оролцсон Францын Гадаад хэргийн сайд Л.Фабиуст манай Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн морин хуур, монгол ноолуураа бэлэг болгон барьсан юм. Ноён Л.Фабиус ч үдэшлэгийн үеэр сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж “Зөвхөн Монгол, Францын дипломат харилцааны ой биш бидний хамтын нөхөрлөлийн баярыг тэмдэглэхээр бид цуглаад байна. Манай хоёр улсын харилцаа 50 жилээс ч илүү түүхтэй. 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн замд шилжсэнээс хойш манай хоёр орны харилцаа улам гүнзгийрэн хөгжиж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд Франц, Монголын талаас харилцан өндөр түвшний айлчлалууд хийхээр тохиролцлоо. Мөн Франц улсад анх удаа Монголын соёлын өдрүүдийг дөрвөн хоног хийхээр болж байна” хэмээн хэлж байсан юм.