Categories
мэдээ цаг-үе

Монголыг бүтээлцсэн эрхмүүд: Х.Чойбалсан (II)

“Монгол тусгаар тогтносон улс” ард түмний санал асуулгын үеэр. 1946 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Сайнаасаа мууг их үзсэн нь улс төрд тэсч үлддэгийн сонгодог жишээ бол Х.Чойбалсан юм. 1930-аад оны эхээр Мал, тариалангийн яамны сайд байсан Х.Чойбалсан “Лхүмбийн хэрэг”-т сэжиглэгдэн Москва руу ачигджээ. Тэнд очоод нэлээн хэдэн сар сураггүй болсон байдаг. Тэгснээ гэнэт гарч ирээд Москвад тухайн үеийн Дотоодын хамгаалах газрын дарга байсан Гиваапил, Бадрах нарыг өөрийн биеэр байцаасан баримт Оросын архиваас олдсон байдаг юм. Гиваапилын байцаалтын протокол дотор “Чойбалсаан, та ноднин энд, миний адил Лхүмбийн хэрэгт холбогдоод сууж байсан биздээ…” хэмээн ярьсан нь мэдүүлэгт үлджээ. Энэ нь түүнийг бас баригдаж, байцаагдаж байсныг гэрчилдэг. Ингэж үйлээ үзэхдээ оросын чекистүүдийн шалгуурыг давж, сураггүй байх хугацаандаа нууцаар бэлтгэгдэж, эргээд хамт хоригдож байсан нөхдөө байцаан үнэнчээ оросуудад баталснаар Кремлийн итгэлт хүн болох замаа засч эхэлсэн бололтой.

Эндээс хойших түүний замнал их удирдагч, чимэг болон хайрлагдсан Чойбалсан болтлоо өндрөө авч, их хэлмэгдүүлэлт дундуур туучсан болой. Энэ хүн яагаад Монголыг бүтээлцсэн байхав. Хүний төлөвших, үнэнийг ойлгох, хүнд байдлаас өөрийгөө авч гарах гээд олон процесс болсон нь мэдээж. Өөртөө баараггүй үнэнч хүнийг олох Москвагийн болзлыг нэгэнт хангасан түүнд Сталин талтай буйгаа илтгэсэн нэгэн үйл явдал болсон нь нэр нөлөөгөө төдийлөн тогтоож чадаагүй Монголын жижигхэн дарга нарын нэг Х.Чойбалсангийн нэр дээр олон тооны “Газ” суудлын машиныг хойноос ирүүлсэн явдал байлаа. Түүнийг нь мань эр баруун солгойгүй тарааж байсан нь тухайн үеийн төрийн удирдлагад нэр нөлөөгөө тэлэх нэг хэлбэр нь болж байлаа. Энэ мэтээр Х.Чойбалсан нөлөөгөө тэлсээр “Монголын Сталин” болсон. Тэрээр 1940 онд Лениний одонгоор шагнуулах хүртлээ юу эсийг хийснийг энд дурдах нь илүүц биз. Нэртэй зарим нэг судлаачид, түүхчдийн их гэгээнээр харснаар бол Монголын тусгаар тогтнолыг авч гарахын тулд гэж дүгнэсэн байдаг. Түүний энэ хүртэлх замналд сайн муу бүхэн холилдон байсныг үгүйсгэх аргагүй билээ. Эцсийн дүндээ 1941 он гэхэд ардын хувьсгалын анхны долоогоос ердөө Х.Чойбалсан л цор ганцаараа үлдсэн байлаа.

Шинээр тавигдсан төмөр замын шугамыг хүлээн авах комисс явж байгаа нь. Зүүн гар талаас гурав дахь нь маршал Чойбалсан.

Гар дотроо хумьж атгасан Монголыг Х.Чойбалсан хэрхэн авч явав. Ав хомрог бүхэн дуусах шатандаа орсон үед тэрбээр Москва руу нүүр бардам очжээ. Тэр үнэнчээ нэгэнт баталсан болохоор “юм” гуйх нүүртэй байлаа. Хамгийн эхэнд Улаанбаатар хүртэлх төмөр замыг тавиулах, Мах комбинаттай болох, Цементийн завод байгуулах… гэхчлэн улс орны нийгэм эдийн засагт дорвитой өөрчлөлт авчрах өчнөөн бүтээн байгуулалт хийж өгөхийг Сталинаас гуйсан юм. Энэ үед Монгол нь 65 сая рублийн бараа ЗХУ-д гаргаж, 75 сая рублийн бараа худалдаж авдаг байсан баримт бий. Өнөөх алдарт “Малаа 200 саяд хүргэ” гэсэн Сталины захиас энэ айлчлалын үеэр болжээ. 1940 онд монголчууд 30 мянган тонн хонины ноос, мянган тонн тэмээний ноос, мянган тонн ямааны ноолуур бэлтгэж ЗХУ-д худалдахыг Сталин, Молотов нарын зүгээс хүсчээ. Энэ бүхэн бол Монгол Улсын хувьд төр засгийнх нь зүгээс албан ёсоор анх удаа хийсэн эдийн засгийн томоохон гэрээ хэлэлцээрүүд байлаа. Эндээс их зүйл эхэлсэн юм. Мөн Х.Чойбалсангийн оролцоо, зүтгэлээр Монгол улс үндэсний армитай, цэргийн мэргэжилтнүүд, зэвсэг техниктэй болох эхлэл тавигдсан нь том үйл хэрэг байлаа. Мэдээж үүнд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо их. Монголын армийг улс төрийн талаас нь Воронин бэлтгэв. И.А.Плиев боловсон хүчнийг хариуцав. Алдарт Рокоссовский анхны морин хороог дасгалжуулав, В.А.Судец монголын армийн анхны нисэх хүчнийг байгуулав. Нийт цэргийн зардлыг хоёр дахин нэмж, цэргийн тоог 30 хувиар өсгөв. Зэвсэг техник 40 хувиар нэмэгдэж, цэргийн албыг гурван жил болгожээ. Энэ бүхэн бол үнэндээ цэрэг армийн стратегийн хувьд дэвшил, Монгол гэж тусгаар орон, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх торгон цаг үед том үйл явц байсныг өнөөдрийн бид хүлээн зөвшөөрөх ёстой юм. Яалт ч үгүй хорьдугаар зуунд Монголыг бүтээлцэхэд орсон хувь нэмрийн нэг мөн.

Дэлхийн хоёрдугаар дайн, Ялтын хэлэлцээр, Хятад-Оросын харилцаа, дэлхийн томчуудын ойлголцолд хүрсэн алдарт уулзалтууд… тэр бүгд дээр Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлыг Сталин ярьж, сануулж байсныг Х.Чойбалсантай холбож ойлгох ёстой. Тэр том акулуудын дэргэд жижигхэн Монголын удирдагч яаж ч харагдах билээ. Гэхдээ тэрбээр Монголын тусгаар тогтнолын асуудалд үргэлж санаа тавьсаар байсан нь түүхэн үнэн. Х.Чойбалсан хэзээ ч Оросод дагаар орох асуудлыг Ю.Цэдэнбал шиг босгож байгаагүй. 1945 оны зургадугаар сард Сталин, Хятадын талд Гадаад Монголын тусгаар тогтнолын ээлжит асуудлыг дахин тавихад тэд үхтлээ айжээ. Энэ мөчид сахалтай удирдагч Ялтын гэрээг тэдэнд сануулж, хэрэвзээ Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол СССР нь японд дайн зарлахгүй гэдгээ мэдэгдэж, шантааж хийсэн нь юм. Мэдээж Сталины хувьд Монгол нь түүний цэрэг стратегийн жийргэвч байх эрх ашиг нь бидний тусгаар тогтносон байх статусыг дэмжих шалтгаан байсан ч эцсийн үр дүндээ өнөөдөр Монгол Улсад ашигтайгаар л туссан байдаг. Үүнийг тэр үеийн Монголын удирдагч Х.Чойбалсантай холбож үзэхгүй өөр хэнтэй холбох юм. Үүгээрээ тэрбээр Монголыг бүтээлцсэн хүний нэг мөн. Энэ олон үйл явдлын эцэст Сталины зүгээс Х.Чойбалсанг долдугаар сарын 4-нд Москвад дуудаж, угтаж авахдаа хүндэт харуул жагсаан, бүх томчууд нь тосч, олон улсад тусгаар тогтносон Монгол Улсын удирдагчийг хүлээн авч харагдсан нь дэлхийд Монголыг зөв, бие даасан харуулах үнэ цэнтэй үйл хэрэг болжээ. Улмаар 1945 оны чөлөөлөх дайнд Х.Чойбалсан Монголын 21 мянган залууг армид элсүүлэн дайнд оруулж, хятадыг японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх үйл хэрэгт оролцсон нь тусгаар улс гэдгээ их хятадад харуулж чадсан онцгой хэрэг болсон юм. 1945 оны чөлөөлөх дайн дууссаны дараа Оросын дотоодын цэргийн төмөр замын ангиудыг оруулж Монголд төмөр замын ажлыг цаг алдалгүй эхлүүлсэн нь ч онцгой. Үүгээрээ тэрбээр улсынхаа энх цагийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Энэ үеэс Х.Чойбалсан эх орныхоо улс ардын аж ахуйн салбар, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд онцгойлон анхаарч, удирдагчийнхаа хоёр дахь үеийг эхлүүлжээ гэж хардаг.

Х.Чойбалсангийн шийдвэрээр Монголын арми 1945 онд Хятадыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд оролцож Жэхэ хот хүрсэн нь Монголыг тусгаар тогтносон улс хэмээн Хятад хүлээн зөвшөөрөхөд онцгой нөлөө үзүүлсэн юм. 1945 оны наймдугаар сар. Цагаан хэрэм. Маршал Х.Чойбалсан Орос, Монголын цэргийн дарга нарын хамт

Х.Чойбалсангийн удирдлагад байсан энэ цаг үеийн хамгийн том, хамгийн гайхамшигтай үйл хэрэг бол 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Гадаад Монгол тусгаар тогтнолынхоо төлөө байна” гэсэн ард түмний санал асуулга байв. Мэдээж Монголын ард түмний 98,4 хувь нь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн юм. Чан Кайшигийн хувьд ийм тодорхой зүйлээр болзол тавьсан нь хожмоо хятадуудад бэлэн тайлбар хийх бололцоо гаргах үүднээс л хийсэн зүйл болов уу. Зэрэгцээд Сталингийн хувьд хятадуудын шаардлагаар “Ирээдүйд Гадаад Монголыг СССР-ын бүрэлдэхүүнд оруулахгүй” гэсэн үүрэг авсан юм билээ. Энэ бүхэн бол нийт монголчуудын хувьд үнэхээр түүхэн үйл явдал билээ.

Санал асуулгын дүнг үндэслэн Хятадын зүгээс БНМАУ-ыг 1946 оны нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Үүнээс хоёр сарын дараа Москвад Монгол-Зөвлөлтийн найрамдал, харилцан туслалцах гэрээг байгуулсан нь Зөвлөлт Оросоос үнэндээ анх удаа тусгаар тогтнолыг маань хүлээн зөвшөөрсөн албан гэрээ байлаа. Залгуулаад Монгол дахь Зөвлөлт Оросын төлөөлөгчийн газрыг Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын яам нэртэй болгов. Энэ жишгээр 1950 он гэхэд манайтай Хойд Солонгос, Хойд Вьетнам, Польш, Чех, Унгар, Румын… зэрэг орнууд дипломат харилцаа анхлан тогтоолоо. Ийнхүү нийт монголчуудын 250 жилийн туршид хүсч мөрөөдсөн зүйл Х.Чойбалсангийн үед биелэлээ олж Тусгаар тогтносон бүрэн эрхт улс боллоо. Ээдрээ түвэгтэй хорьдугаар зуунд Хорлоогийн Чойбалсан гал усны гашуун зовлон дундуур туучин байж Монголыг үүнээс илүү хэрхэн бүтээлцэх билээ.

Өнөөдөр бидний үеийнхэн Х.Чойбалсангийн үед олж авсан тусгаар тогтнол, хил хязгаар дотроо бор гэртээ богд, хар гэртээ хаан царайлан, будаагаа булаацалдан, хоорондоо хэмлэлдэн, өөрсдийн эрхээр уйлж, өөрсдийн эрхээр дуулан, монгол хэмээх нэрийг сайн муугаар дуудуулан амьдарч байна. Ингэж амьдран буй нь өөрөө аз жаргал юм. Энэ эрх дураар амьдрах боломжийг үлдээх гэж эх орончид их хядлага, уй гашуу, доромжлол, жижиг улс байхын зовлонг үзэж, тэмцэн сөрж, шүд зуун зүтгэжээ. Түүний нэгэн тусгал бол яах аргагүй Хорлоогийн Чойбалсан юм. Тэрбээр түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн удирдагч мөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *