“Монголдоо сайхан амьдармаар байна” жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уг жагсаалыг БНСУ-д ажиллаж, амьдарч буй залуус дэмжиж буйгаа илэрхийлэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэв.
Тэд “Бид эх орноосоо зугтаагүй”, “Монголдоо байгаагүйд уучлаарай”, “Бид эх орондоо тайван амьдармаар байна”, “Хүч дууслаа, тамир тасарлаа”, “Хариуцлагатай, сэтгэлтэй бай, хөөе”, “Бидэнд амьдрах боломж олгооч”, “Бид хүүхдээ өөрсдөө өсгөмөөр байна” зэрэг уриа, лоозон барьжээ.
Тухайн иргэдийн төлөөлөл “Бид эх орноосоо зугтаж, амар тайван амьдрах гэж хүний нутагт ирээгүй. Өөрийн хүч хөдөлмөрөөр байр орон сууцтай болохын тулд хэдэн төгрөг олох гэж энд ирсэн” хэмээн ярьж байв.
Зарим нь “Залуу насаа бид хүний нутагт өнгөрүүлмээргүй байна. Хэрвээ эх орондоо ажиллаж амьдралаа авч явахаар боломж бүрдвэл очмоор байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
“Tulgaa Js” фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтаас мэдээлэв.
Дашрамд дурдахад, “Монголдоо сайхан амьдармаар байна” уриан дор жагсаж буй залуус үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргийг шаардаж буй.
Тус шаардлагуудыг хэлэлцэхээр Засгийн газар ээлжит бусаар хуралдаан зарлаад байгаа юм.