Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд бизнес эрхэлдэг гадаадын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завджээ

-Т.Таня гэгч компаниа шилжүүлж өг гэж түүнийг дарамталдаг, сүрдүүлдэг аж-

Эх оронч гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлгэмийнхэн ууланд аялаж явсан гадаадын иргэнийг зодсон хэрэг мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Улаанбаатар хотын Засаг дарга энэ явлаас үүдэж Монгол Улсын нэр хүнд унаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, хохирогчоос уучлал гуйсан билээ. Гэтэл Монголд дахиад ийм хэрэг гарч, БНСУ-ын иргэний эрхэнд халджээ. Монгол Улсад хуулийн дагуу бизнес эрхэлж байсан гадаадын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан хэрэг энэ сарын 17-нд гарсан байна. Хохирогч К-г эмчилгээ хийлгэж байхад нь уулзаж, ярилцлаа.

-Та Монголд хэр удаан бизнес эрхэлж байгаа вэ?

-Би Солонгосын нэгэн группаас хөрөнгө оруулахаар Монгол Улсад ирсэн. Манай Солонгос дахь группийн хөрөнгө оруулалсан компани Монголд алтны уурхайд олборлолт хийдэг юм. 2013 оноос хойш танай улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол дахь компанийнхаа захирлаар томилогдож ирсэн. Тэр цагаас хойш танай улсад айдас түгшүүртэй байна.

-Яагаад, таныг энэ сарын 17-нд гэнэтийн халдлагад өртсөн тухай мэдээлэлтэй байгаа. Өмнө нь бас дарамтад байсан юм уу?

-Томилогдож ирээд анх компани дээрээ иртэл Т.Таня гэдэг эмэгтэй “Чамайг ална шүү” гэж айлгаад элдвээр дарамталсан. Надтай хамт ирсэн хөрөнгө оруулагчийн нүүр рүү цохиж, гэмтээгээд нүдний шилийг нь хугалсан. Тэр цагаас хойш Т.Таня байнга дарамтлан, ална гэж заналхийлдэг болсон. Ийм дарамтад ажиллаж байгаа болохоор амьдарч байгаа гэрээ хүртэл нууцлах, байнга бие хамгаалагчтай явдаг боллоо. Энэ сарын 17-нд хүртэл Таня хүмүүс дагуулж ирээд намайг барьцаалж, амь насанд халдахыг завдлаа.

-Юу болсныг дэлгэрэнгүй яриач?

-Компанийнхаа алтны уурхайд оччихоод хамгаалалтын албаны дарга, орчуулагч хоёртойгоо нийслэл рүү буцаж явсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумаас хөдлөөд 18.00 цагийн орчимд Баянгол сум өнгөрч явтал 35-79 УНТ улсын дугаартай “Ланд Крузор”, 70-57 УНҮ улсын дугаартай “Делика” хоёр машины шахаж ирсэнээ нэг нь гүйцэж түрүүлээд зам хааж, нөгөө нь араас мөргөж зогсоосон. Хүүе гэхийн завдалгүй арван тав, зургаан ирээд бид гурвыг машинаас хүчээр буулгаж, гурав нь миний гарыг хүчээр мушгин ард бариулаад “Делика” машин руугаа чихсэн. Толгойгоо гэдийлгээд орохгүй гэтэл толгой, нуруу руу хүчтэй цохиж, гар урсан (Гараа харуулахад дөрвөн хурууных нь арьс зулгарсан байв). Намайг машинд чихэж суулгачихаад хамгаалагчийн нүүр рүү цохиж унагаагаад хэдэн талаас нь зодож эхэлсэн. Орчуулагч эмэгтэйн цүнх, гар утас гээд бүх зүйлийг нь булаагаад уурхайн баримт бичиг, гэрийн түлхүүр зэргийг авсан. Улмаар Т.Таня надад “Уурхай руу явж хамгаалагчдаа татаж ав. Тэгэхгүй бол хээр аваачиж алаад булна” гэж сүрдүүлсэн.

-Тэгээд уурхай руу буцаад явсан юм уу?

-Надтай хамт явсан хоёр хүнийг араас дагаад уурхай руу яв гэж сүрдүүлээд намайг аваад явсан. Машинд хоёр талд хоёр хүн суугаад нэг нь гар мушгиад хөдөлгөхгүй, нөгөө нь хоолой боочихсон байсан. Т.Таня хурц иртэй зүйлээр баруун талаас чичилж, “Цаас гаргаад уурхайг шилжүүлж өгөв гэж бич. Чамайг алчихаад булаад хаясан байхад хайх хүн байхгүй” гэж сүрдүүлж байсан.

-Ард үлдсэн хоёр хүн дагаад явж байсан уу?

-Орчуулагч эмэгтэй зам руу гүйж ороод өнгөрч явсан жолооч нараас тусламж хүссэн юм билээ. “Хүн алах гээд байна” гээд орилж байхад 30 гаруй машин өнгөрсөн атлаа нэг нь ч зогсоогүй гэсэн. Машинд нуучихсан байсан жижиг гар утсаа гаргаж өмгөөлөгч рүү залгаснаар, өмгөөлөгч цагдаа нарт мэдэгдсэн юм билээ. Дуудлага авсан цагдаа нар миний сууж явсан машиныг зогсоож шалгасан. Тэр үед нь би англиар “Би солонгос хүн байна. Туслаарай” гэж орилсны хүчинд аврагдсан. Цагдаа нар намайг буулгаж аваад хоёр машинтай 17 хүнийг дагуулан Баянгол сумын цагдаагийн хэлтэст очсон. Дашрамд амь насыг аварч хамгаалан шударга, шуурхай ажилласан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар болон Мандал сумын цагдаагийн хэлтэст баярлаж талархснаа илэрхийлж байна.

-Тэнд байцаасан гэж үү?

-Тэнд, цагдаа нарын хажууд Т.Таня миний толгой руу цохиж “Энэ солонгосыг чинь алчихъя” гээд орилж гарсан. Гэтэл жижүүр цагдаа бид нарын бичиг баримтыг үзчихээд “Даваа гаригт ир. Өнөөдөр манай албан тушаалтнууд байхгүй” гэж явуулахад нь би маш их айж, гайхсан. Тэр хүмүүс намайг болон надтай хамт явсан хоёр монгол хүнийг яаж ч мэдэхээр байсан. Бүгд суллагдаад манай уурхай руу явсан. Өмгөөлөгч маань Улаанбаатар хотын цагдаагийн газар, прокурорт мэдэгдэж байжЗүүн хараагийн цагдаагийн хэлстийн дарга араас ирж тэр хүмүүсийг баривчилсан. Одоо Т.Таня хоригдож байгаа. Нөхөр нь, хамт явсан 15 хүн нь суллагдсан. Гэхдээ тэр хүмүүст бас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн.

-Т.Таня гэдэг хүнийг та болон танай компанийнхан яаж таньдаг юм бэ. Яагаад таныг сүрдүүлээд байдаг юм бол?

-Миний өмнө захирлаар ажиллаж байсан солонгос хүн Т.Таня гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон. Манай компаниас цалинжиж байсан ажилтан гэсэн үг. Манай компанид ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний алт тушаагаагүй учраас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Нэгэнт хуулийн байгууллагад шалгуулахаар бид хүсэлт гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн. 2013 онд орчуулагчаар ажилд ороод тушаал дэвшүүлж гүйцэтгэх захирал болгосон бөгөөд 2014 оны арванхоёрдугаар сард ажлаас нь халсан. Гэтэл “Би энэ компанийн захирал” гээд бичиг баримт, тамга тэмдэг булаах гээд байдаг. Бүр компаниа шилжүүлэх гарын үсэг зур гэж хүч хэрэглэж байгаа нь тэр.

-Т.Танягийн оролцоо танай компаниад бий юү?

-Байхгүй. Бид цалин өгөөд ажиллуулж байсан. Манай компанид ажиллаж байхдаа хууль бус үйлдлээр хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа.

-Компани булаацалдаж байгаа бол иргэний шүүхэд хандсан болов уу?

-Үгүй. Тийм боломж ч байхгүй. Ерөөсөө л хүчээр булааж авах гээд хүч хэрэглэж, миний амь насанд халдах гээд байдаг. Миний нутаг байгаа учраас хүч хэрэглээд, олон хүнээр зодуулаад компанийг нь булаагаад авчихна гэж боддог бололтой юм. 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд надад хүч хэрэглэж байхад нөхөр нь болох М.Мөнх-Эрдэнэ арав гаруй залуу дагуулж ирж дарамталж, сүрдүүлсэн. Тэр залуус сая мөн ирж биднийг дарамталж, хүч хэрэглэн, амь насанд халдахыг завдлаа.

-Анх дарамталж, сүрдүүлж байхад нь цагдаагийн байгууллагад хандаагүй юм уу?

-Цагдаа дуудсан. Баянгол дүүргийн цагдаа нар ирээд зодоон цохион үүсээгүй, хүн гэмтэж бэртээгүй гээд явчихсан. Хувцас хунар урчихсан, хамгаалагчийг хумсаараа маажчихсан байхад бэртсэн гэж үздэггүй юм билээ. Тэр үед надад “500 мянган төгрөгөөр хүн хөлслөөд чамайг алуулчихад хэн ч мэдэхгүй. Шөнө явж байхад чинь алчихна. Араа бодож амьдраарай” гэж сүрдүүлсэн. Түүнээс хойш байнга айдастай, хамгаалагч дагуулж явдаг болсон.

-Хуультай, ардчилсан улсад бизнес хийх гэж ирээд заналхийлэлд өртсөн байна. Буцъя, хөрөнгө оруулалтаа татъя гэж бодсон уу?

-Одоо ч айдастай байна. Хаана амьдарч байгаагаа нууцалдаг болсон. Манай компани тавдугаар сарын 1 гэхэд олборлолтоо хийгээд эхэлчихсэн байх ёстой. Гэтэл Т.Таня, түүний нөхрөөс айгаад ажлаа эхэлж болохгүй, ажилтнуудаа сул зогсоочихсон байдалтай байгаа. Нөхөр нь хүмүүсээс өр барагдуулдаг бүлэгтэй юм шиг байна лээ. Тэднийгээ дагуулаад бидэнд хоёр дахиа хүч хэрэглэж байгаа нь энэ. Одоо айгаад уурхай руугаа ч явж чадахгүй байна. Тэр хэрээр алдагдал хүлээж байгаа.

-Эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн гадуур бусдыг дарамтлаад, сүрдүүлээд яваад байгаа талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж үзэв үү?

-Анх дарамтад орсныхоо дараа өмгөөлөгчдөө хандсан. Өмгөөлөгч маань “Та бэртэж гэмтээгүй л бол цагдаагийн байгууллага гомдлыг чинь хүлээж авахгүй” гэсэн. Бас тэр хүн манай компанийг хохироосон хэргээр шалгагдаж байгаа. Нэмээд өргөдөл өгчихвөл тэр хэрэг сунжирч, шийдэгдэхгүй гэж өмгөөлөгч маань зөвлөсөн. Тийм учраас хэргийг шийдтэл хүлээе гэж шийдсэн байсан юм. Гэхдээ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамандаа мэдэгдсэн. Элчин сайдын яамнаас энэ сарын 17-нд болсон явдлын талаар цагдаагийн байгууллага болон прокурорт мэдэгдэнэ гэсэн хариу өгсөн.

-Та одоо ч айдастай байгаа юу?

-Т.Танягийн нөхөр нь сул, чөлөөтэй байгаа. Тэр хүн нөгөө бүлэглэлээ дагуулаад хэзээ ч ирж, яаж ч мэднэ. Бүлэглэж бусдыг дарамталсан, амь насанд нь заналхийлсэн хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгааг ойлгохгүй юм. Таня шиг эмэгтэй эсвэл өөр нэг монгол хүн гадаадаас ирж бизнес эрхэлж байгаа, хөрөнгө оруулж байгаа хүмүүсийг айлгаж дарамтлаад байвал танайх руу чиглэдэг хүн олдохоо болих болов уу. Ямар итгэлээр, яаж хөрөнгө оруулах юм бэ. Миний цаана Монгол хөрөнгө оруулахаар бэлтгэж байгаа 11 хөрөнгө оруулагч бий. Гурав нь өчигдөр Монголд ирэхээр онгоцны тасалбараа авчихсан байсан ч намайг дарамталж, амь насанд халдахыг завдснаас болоод ирсэнгүй.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөгжих бодлоготой байдаг. Гэтэл иргэд нь ийм дарамттай, тайван ажиллах боломж олгохгүй байхаар хөрөнгө оруулагчид зугатахаас аргагүй.

БНСУ-ын Гадаад хэргийн яам болсон явдлыг асууж мэдсэн. Гадаад хэргийн яамны албан ёсны сайт дээр энэ хэргийн талаар мэдээлэл орно. Тэр мэдээллийг харсан дэлхийн хөрөнгө оруулагчид танай улсаас жийрхэнэ гэхээс харамсч байна. Хүн барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан хүмүүсийг хуулийн байгууллага нь өөгшүүлээд тавиад явуулчихдаг юм байна гэсэн ойлголт гадаадын хөрөнгө оруулагчдад төрнө. Хэрвээ хуулийн дагуу хариуцлага тооцвол хуультай, журамтай улс гэдэг итгэл төрөх болов уу. Би ч гэсэн хуулийн байгууллага яаж ажиллахыг ажиглаж, харж байгаа.

-Та өөр улсуудад ажиллаж байхад ийм дарамт байв уу?

-Би Веьтнамд гурван жил, БНХАУ-д хоёр жил хөрөнгө оруулагчаар ажиллаж байсан. Тэгэхэд миний биед халдсан, үг хэлээр доромжилсон дарамталсан тохиолдол гараагүй. Даяршсан дэлхийд аль ч улсад хуулийн дагуу бизнес эрхлэх боломжтой болсон. Танай улсад байгаа шиг айдас, түгшүүртэй байж үзээгүй. Манай компани 30 монгол ажилтан цалинжуулдаг. Олборлолт эхлэхээр илүү олон хүнийг ажилчнаар авна. Гэтэл Т.Танягийн дарамтаас болоод ажлаа эхлүүлж чадахгүй байна.

Ө. Тэнгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *