Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэнэ

Монгол Улсын Их Сургууль нь “Ажил мэргэжил судлал” магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд анх удаа 1-1,5 жилийн хугацаатай бэлтгэж эхэллээ.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан МУИС, ХНХЯ, БСШУСЯ зэрэг төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд, Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй ГОУХАН (GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Улс төр судлал, Боловсрол, Сэтгэл судлал, Социологи-Нийгмийн ажлын тэнхимүүд хамтран салбар дундын “Ажил мэргэжил судлал”-ын магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэх хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, 2017-2018 оны хичээлийн жилээс анхны элсэлтийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хөтөлбөрийг боловсруулах явцад Германы Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн дэргэдэх Хэрэглээний Хөдөлмөр Судлалын Их Сургууль (Hochschule der Bundesagentur für Arbeit (HdBA))-ийн эрдэмтэн багш нар оролцсон бөгөөд цаашид гадаадын зочин багш нартай хамтран сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын багийн бүрэлдэхүүнд Япон, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Их Британи, АНУ зэрэг улс оронд улс төр, сэтгэл судлал, социологи, нийгмийн ажил, нийгмийн бодлогын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, урт богино хугацаанд мэргэжил дээшлүүлсэн, гадаадын их дээд сургуулиудад зочин судлаачаар ажиллаж байсан туршлагатай багш судлаачид багтсан болно.

“Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөр нь 1-1,5 жилийн хугацаанд нийт 36 багц цагийг судална. “Ажил мэргэжил судлал” мэргэжлээр магистрын хөтөлбөрийг дүүргэсэн суралцагч “Ажил мэргэжлийн зөвлөх” гэсэн магистрын зэргийн дипломыг гардан авах бөгөөд дараах чиглэлд ажиллах болон судалгаа хийх боломжтой. Үүнд:

  • Төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэлтийн бүхий л салбар
  • Төрийн болон хувийн хэвшлийн боловсролын бүх шатны байгууллага
  • Хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын, иргэний нийгмийн байгууллагууд
  • Хүний нөөцийн менежмент, байгууллагын хүний нөөцийн хөгжил хариуцсан газар, хэлтэс болон бусад

Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ нь тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, ЕБС-ийн сурагчид, оюутан, залуучууд, шилжин ирэгчид, тусгай хэрэгцээт иргэдийн ажил мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхол, чадавх, боломжийг тодорхойлох, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах зэрэг олон талын цогц үйлчилгээг хамрах юм.

“Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрт суралцагч нь амжилттай суралцсан тохиолдолд дараах тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд: Монгол улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын нэрэмжит үндэсний тэтгэлгүүд, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, гадаад дотоодын байгууллага, сангуудын нэрэмжит тэтгэлэг, болон оюутан солилцооны тэтгэлэг зэрэг байна.

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэнэ. Элсэлтийн бүртгэл 2017 оны 07 дугаар сарын 10-наас 2017 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *