“Салхит” салхин станц
Нар, салхинаас гаргасан эрчим хүчээ зарж овоо ногоон босгох боломжийг Монголд олгох “Азийн супер сүлжээ” тун нааштай яваа мэдээ эдийн засагт гэгээтэй сонин болж байна. Монголчуудыг долларын дарлалаас гаргах “Азийн супер сүлжээ”-ний тухайд Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон улс зэргийг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбох төсөл юм. Санаачлагч нь “Софт” банкны үүсгэн байгуулагч Масоёоши Сон. Энэ төсөл хэрэгжвэл дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулж улс орнуудад түгээнэ. Өнгөрсөн онд нэг аварга гэрээ байгуулагдсаныг уншигчид санаж байгаа байх. Японы Софт банк, Өмнөд Солонгосын Кепко, Хятадын Стэйп Грид, Оросын Россети компанийн төлөөлөгчид цуглаж Зүүн хойд Азид цахилгаан дамжуулах шугам барих ТЭЗҮ-ийг хийх санамж бичиг байгуулсан. Масоёоши Сон “Зүүн хойд Азийн алтан бөгж” гэсэн нэршлийг гаргаад байгаа. Бид Соны “алтан цагариг”-ийн салшгүй нэг хэсэг. Яг ямар учиртай нэршил болохыг тодруулж тайлбарлая. Монголоос үйлдвэрлэсэн салхины эрчим хүчийг Хятад, Солонгосоор дамжуулж, цааш далай доогуур Япон руу нийлүүлэх боломж бий. Үүнээс гадна Оросын усан цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Япон тэргүүтэй улсуудад дамжуулах боломжтой. Үүнийг Сон “Зүүн хойд Азийн алтан бөгж” гээд байгаа юм.
Монголын анхны салхин станц “Салхит”-ын авторуудын нэг бол “Новотерра” компанийн захирал Б.Бямбасайхан. Тэр бас Азийн супер сүлжээний идэвхтэй оролцогчдын нэг. Б.Бямбасайхан “Бидэнд газар нутаг том хэрнээ хүн ам бага, сэргээгдэх эрчим хүчний нөөц өндөр гэх мэт давуу тал бий. Манай бүс нутаг дэлхийн эрчим хүчний хамгийн их хэрэглээтэй хэсэг. Хятад, Япон зэрэг том хэрэглэгчид бий. Хятад гэхэд л дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Суурилагдсан хүчин чадал нь 1.2 террават. Япон 300 гегаваттын суурилагдсан хүчин чадалтай. Монголоос 300 дахин том хэрэглээтэй улс. Солонгосын суурилагдсан хүчин чадал 95 гегават. Мөн л асар том хэрэглээ. Японд нэг квт/цаг цахилгаан дунжаар 27 цент. Америк доллараар 27 цент гэсэн үг. Солонгост 11 орчим цент. Хятадад 7-13 центийн хооронд хэлбэлздэг. Харин манайд квт/цаг нь 5 цент орчим байгаа. Манай улс сэргээгдэх эрчим хүчний том хүчин чадлыг бий болгож Хятад болон Солонгос, Японы зах зээлд нийлүүлэх боломжтой. Япон, Солонгос, Хятадын компаниуд энэ боломжийг хэрхэн яаж ашиглах талаар манай улстай хамтраад яриад эхэлчихсэн. Эрчим хүчний худалдаа Монголын ирээдүйн эдийн засгийн маш том тулгуур болно” хэмээн ярьж байна. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө тултал ашиглахаас гадна нүүрсээ цэвэр технологиор ашиглаж цахилгаан үйлдвэрлээд зарах боломжтой. Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Эрчим хүчний яамнаас хамтран боловсруулсан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланд “Нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15.000 террават/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” гэсэн өгүүлбэр бий. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават юм билээ.
Дарханы нарны станц
Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсөх таамаг голлодог. Ойрын 15-20 жилд гэхэд л жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байна гэсэн таамаг байна. Өөрөөр хэлбэл бидэнд зах зээл хангалттай гэсэн үг.
Манай улс нар, салхины их нөөцтэй гэж өмнө дурдсан. Нэмээд хэдэн тоо хэлье. Монголын газар нутгийн арван хувь нь том чадлын салхин цахилгаан станц барьж ажиллуулах боломж бүхий салхины эрчим хүчний сайн нөөцтэй. Газар нутгийн арван хувь гэдэг нь 160 мянга гаруй км квадрат талбай гэсэн үг. АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораториос хийсэн хуучин тооцооллоор нэг км хавтгай дөрвөлжин талбайд долоон мВт чадал суурилуулах боломжтой. Тэгэхээр 160 мянган км квадрат талбайд 1100 гаруй мВт хүчин чадлыг суурилуулах боломжтой гэсэн аварга тоо гарч байна. Нарны хувьд ч бидэнд маш том давуу тал бий. Жилдээ 270-300 үүлгүй цэлмэг өдөртэй, өмнөд говийн бүс нутагт нарны цацрагийн эрчмийн жилийн дундаж хэмжээ нь 1400 кВт.ц/м2 байдаг гэж ирээд яривал нарнаасаа цахилгаан гаргаж дажгүй мөнгө олох боломж байгаа. Нар, салхиныхаа эрчим хүчний гуравны нэгийг л ашиглаж чадвал бид Хятад, Солонгос, Японы нийт цахилгааны хэрэглээний 25 хувийг хангаж чадна гэсэн тооцоо дуулддаг.
Б.Бямбасайхан “Сэргээгдэх эрчим хүчний технологийн хувьд Орос, Хятадын эрчим хүчний технологи сүүлийн арван жилийн хугацаанд асар их үр ашигтай болсон. Мөн үнийн хувьд ч хямд болж байгаа. Салхит, Дарханы нарны станц шиг станцуудыг том хэмжээний хүчин чадалтайгаар барьж байгуулъя гэсэн санаа байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч дамжуулдаг технологид асар их өөрчлөлт орж байна. Холын зайд бага алдагдалтайгаар дамжуулдаг технологи сайжирч байгаа. Мөн далайн доогуур цахилгаан эрчим хүч дамжуулдаг технологи бий болсон. Улам сайжраад хэрэглэгдээд явж байгаа технологи. Манай улс ардчилсан, нээлттэй учраас эрчим хүчийг зэргэлдээ зах зээлд худалдаалахад ямар нэг асуудал үүсэхгүй. Бидэнд бүхэл бүтэн нэг шинэ эдийн засгийн тулгуур болно гэдгээрээ давуу талтай. Хятад, Японы хувьд Монголоос авах нь хоёр давуу талтай. Нэгдүгээрт хямд, хоёрдугаарт цэвэр эрчим хүч. Бидний эрчим хүч худалдаалах том эдийн засгууд Парисын хэлэлцээрээр нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар багасгах зорилт тавьсан. Энэ зорилтдоо хүрэхэд нь Монголын нар, салхины эрчим хүч нэмэр болно” гэж ярилаа.
“Азийн супер сүлжээ”-ний тухайд нэг хоёр жилийн хугацаанд биш арав хорин жилийн туршид барьж байгуулах мега төсөл. Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээнүүдийг хооронд нь, Монголын сүлжээтэй яаж нэгтгэх талаар нарийн судалгаа хийж байгаа аж. Хийсвэр хэмжээнд ерөнхий зүйл ярих биш нарийн техникийн судалгаа хийсний эцэст цахилгаан станцын төслүүдийг боловсруулна. Б.Бямбасайхан “Үүнд хэт яарах хэрэггүй. Зах зээлээ л хамгийн түрүүнд судалж ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд хаана очих вэ гэдэг замаа тодорхойлсны дараа Монголд хаана эх үүсвэрүүдээ барих вэ гэдгээ тодорхойлно. Ажлууд шат дараатай хийгдэж байна” гэсэн юм.
“Азийн супер сүлжээ” эдийн засгийн хувьд ашигтай ч нэг бэрхшээл бий. Тэр нь улс төр, хууль эрх зүйн тогтвортой орчин. Сүүлийн хоёр, гурван жилд эдийн засаг хэцүүхэн байсан ч орчин нь тогтвортой үргэлжилсэн учраас Цэцийн салхин станц болон Дарханы нарны станц мөнгөө босгоод бүтээн байгуулалтаа хийсэн. Цэцийн станцын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Харин Дарханы нарны станц аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн. Тогтвортой орчинтой газарт хөрөнгө орж ирдэг, банкууд зээл өгдөг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Тэгэхээр “Азийн супер сүлжээ”-нээс мөнгө олъё гэвэл тогтвортой орчинтой байхад л болчихно гэсэн үг. Монголын бизнесийн зөвлөлийн хоёрдугаар чуулган “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өрнөсөн нь “Азийн супер сүлжээ” ажил болж эхэлсний нэг том дохио болсон юм.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн энэ талаар “Чуулга уулзалтын үеэр олон боломжийг хөндөж ярьсан. Хамгийн том боломж нь Азийн супер сүлжээнд нэгдэх асуудал байлаа. Эрчим хүчний энэ сүлжээг санаачлагч нь Японы “Софт” банк. Монголд нар, салхины эрчим хүчний парк бариад Орос, Хятадын компаниудаар дамжуулж Солонгос, Японы зах зээлд нийлүүлэх асар том хэмжээний төсөл санаачлаад явж байна. Энэ төслийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Хамгийн эхнийх нь “Цэций” 50 мВт-ын салхин станцын төсөл. Өмнөговьд барьж буй салхин станц энэ оны арванхоёрдугаар сардаа багтаад ашиглалтад орно. Энэ талаас нь харахад “Софт” банкны санаачилгыг төр засгаас нэлээд дэмжих хэрэгтэй. Өнөөдрийн хувьд манай улс зэс, алт, нүүрс гэх мэт шавхагддаг баялгаа газраа ухаж олборлож байна. Ноолуур гэх мэт малын гаралтай түүхий эдээ ихэвчлэн түүхийгээр нь гаргаж байгаа. Нөөц нь шавхагддаггүй нар, салхинаасаа эрчим хүч үйлдвэрлэж экспортлох асар том боломж байхад зүгээр суугаад байж болохгүй л дээ. Өнөөдөр Монголын эрчим хүчний хэрэглээ нэг гегаваттаар хэмжигддэг. “Азийн супер сүлжээ”-ний хувьд үүнээс хол давсан том зүйл. Монголын хувьд асар том шинэ боломж. Үүнийг дагаад олон салбар хөгжих боломжтой. Орос, Хятад, Япон, Солонгос дөрөв эхлээд нийлж байгаад хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Дараа нь Монголын “Ньюком”-той хамтран ажиллах гэрээ зурсан. Дахин хэлэхэд энэ бол “Софт” банкны санаачилга. Энэ чиглэлээр Монголын талаас яг юу хийх ёстойгоо ярьж эхлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо.