Categories
мэдээ нийгэм

Монголчуудад “Аврагч бурхан” хэрэггүй

(МОНГОЛЫН НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЗАРИМ АСУУДАЛД…)

Бид их сонирхолтой үед амьдарч байна. Бидний амьдарч байгаа нийгэм ч их өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад Монгол хүн, Монголчуудын нийгмийн сэтгэлзүй, Монгол хүний сэтгэлзүйн шинж төлөвүүд танигдахын аргагүй өөрчлөгдөж байгааг ердийн ажиглалтаас эхлээд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж мэдэх хэрэгцээ шаардлага байгааг цаг үе бидэнд харуулж байна.

Нийгмийн сэтгэлзүй нь нийгмийн ухамсрын доод түвшин бөгөөд үзэл бодлын нэгдсэн систем маягаар бус бодомж, сэтгэл хөдлөл, дур зоргын үйлдэл маягаар илэрдэг. Энэ нь хүний ердийн ухамсрын нэг хэсэг юм.

а/ Нийгмийн сэтгэлзүй нь нийгмийн бодит байдлын оюун санааны илэрхийлэл бөгөөд хүмүүсээс нийгмийн үзэгдэл үйл явцад хандах үзэл, онол сэтгэлгээний тусгал юм.

б/ Нийгмийн сэтгэлзүй нь харьцангуй бие даасан шинжтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн ахуйн өөрчлөлт хөгжлөөс хоцрох ба түрүүлэх, түүнд эргэж эерэг ба сөргөөр идэвхтэй нөлөөлж байдаг.

в/ Нийгмийн сэтгэлзүй нь өвлөн уламжлагдах шинж чанартай байдаг. Тодруулбал өмнөх үеийнхээ оюун санааны дэвшилтэт өв уламжлалыг залгамжлан, дараа үеийнхэнд дамжуулан, түүнд тулгуурлан улам баяжин боловсронгуй болон хөгжиж байдаг.

г/ Нийгмийн сэтгэлзүй нь агуулга хэлбэрээрээ түүхэн шинжтэй. Хүний нийгэм, түүхийн тодорхой нөхцөл байдал цаг үеийн бүтээгдэхүүн байдаг төдийгүй соёл иргэншлийн үнэ цэнтэй зүйл (шинжлэх ухаан, шашин, соёл урлаг, улс төр, эрхзүй гэх мэт) болдог.

Иймээс нийгмийн сэтгэлзүй нь өргөн утгаараа нийгмийн ахуйгаар тодорхойлогдож байдаг субъектийн мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодол, үнэлэлт, дүгнэлт, онол зэргийн нийлбэр цогц болж байдаг.

Хүний сэтгэлзүйн энэ зүй тогтолт хөгжлийн үр дагавар бол нийгмийн хийгээд төрийн үүслийн гол хүчин зүйл юм гэсэн үзэл баримтлалыг бид ихэд анхааран авч үзэж Монголчуудын нийгмийн сэтгэлзүйн асуудлыг тусгайлан судлах хэрэгцээ шаардлага байгаа юм.

Хүн ардынхаа сэтгэл зүйн онцлогийг үндэстэй судалж, түүнд тохирсон иргэний нийгэм зах зээлийн үндэсний загвар боловсруулах нь маш хэрэгтэй байна. Иймд зарим ерөнхий асуудлаар саналаа хэлье.

1. Аж амьдралын өвөрмөц байдлаас шалтгаалан монголчууд налгар, аажуу тайван хүмүүс билээ. Монгол хүн ажигч гярхай, сониуч зантай, ой сайтай, монголчуудын аж ахуй байдлын нөлөөллөөс үргэлж хамаарах тул тэд байгалийг ямагт ажиглаж, цаг агаарын өөрчлөлтийг ч урьдчилан хэлж чаддаг. Энэ нь шинэ зүйлд соргог хандах сониуч зан төлөвшихөд нөлөөлжээ.

Өвөг дээдэс маань аж ахуйн байдлаа бие даан шийдэж ирсэн нь аливаа зүйлийг олон талаас нь тунгаан бодож эцсийн үр дүнг тооцдог чадварт сургажээ. Хүнийг том, бага гэж ялгалгүй ихэд хүндэтгэдэг, ураг төрөл, айл хөршийн холбоог эрхэмлэдэг. Монгол хүн билэгшээх үзэлтэй бөгөөд тэр нь амьдралд өөдрөг үзлээр хандаж, хойч үедээ ёс суртахууны нандин чанар өвлүүлэх, эх оронч, үндэсний бахархлын үзэл төрүүлэх агуулгатай ажээ.

Монголын ард түмэн хөнгөн авсаархан байдлыг хэзээнээс эрхэмлэж, мөр бүтэн, гэдэс цатгалан явбал боллоо гэж үзэж ирсэн нь тэдний хөдөлмөрийн үйл ажиллагааны чиглэл, идэвхийг тодорхойлно.

2. Үндэсний уламжлалт зан заншлыг хоцрогдсон мэтээр тайлбарлаж, гадаадын огт өөр элдэв зан араншинг хүчээр дэлгэрүүлсэнтэй холбоотой. Сүүлийн үед ил тод байдал ардчилал нэрийн дор энэ байдал улам ч ихсэх төлөвтэй. Төр, засгаас аливаа зүйлийг хэвийн хэмжээнд байлгах талаар багагүй ажил зохиож байгаа ч гэсэн хүний эрх чөлөө гэдгээр халхавчлан дур зоргоор аашлах явдал газар авсаар байна. Энэ бүхнийг эмх журамтай, зүй зохистой, соёлтой, тогтсон хэм хэмжээнд хууль зүйгээр барихгүй бол эцэстээ юунд ч хүргэж байж мэднэ.

3. Монгол хүний авир араншин хичнээн эвдэрч байгаагийн тод дүр зургийг зах дээрээс харж болно. Тэнд хүний ёс, зан заншил, айх ичих гэдгийг уландаа гишгэж, авах хожихын дон туссан ёстой “мөнгө цагаан, нүд улаан” болсон хүн олон байх юм. Хүнийг хайрлах өрөвдөх, хүн ёсоор үзэх, хүндлэх, эх орны өмнө хүлээсэн ажил үүрэгтээ үнэн сэтгэлээр хандах олон зүйл дээр бид өнөөдөр их багагүй, дээр дооргүй санаа тавихгүй бол горьгүй болжээ.

Монголчуудын нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөж иргэнших, нийгэмжих, хотжих үйл явц идэвхтэй явагдаж байна. Зах зээлийн үе дэх монголчуудын нийгмийн сэтгэлзүйн онцлогийн асуудлыг судлан түүний түгээмэл зүй тогтлыг тохируулан хэрэглэх нь өнөөдөр чухлаар тавигдаж байна.

Ази тивийн нэгээхэн хэсэг Монголчууд бид ерөнхийдөө бясалгалын далд дотогшоо сэтгэлгээ бүхий, өнгөрсөн түүхээрээ бахархах, үндэслэх хандлагатай, дэлхийн хаана ч байхгүй нүүдэлчин соёлтой, нэгэн цагт дэлхийн талыг эзэлж байсан гайхамшигтай ард түмэн.

Монголчуудын хувьд төрийн сүлд, төрт ёс, эх орон, тусгаар тогтнол, түүх, хэл соёл, зан заншил гэх зэрэг нь урьдын адил үнэт зүйл хэвээр байна. Нөгөө талаас ардчилал, зах зээл, тэгш эрх, шударга ёс зэрэг нь хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл мөн нь эргэлзээгүй ч тэдгээрт манай залуу үеийнхэн бүрэн ухаарч яс махандаа хүртэл ойлгоогүй төрөлхийн шинжид тооцогдтол эзэмшиж өөрийн болгож амжаагүй байна гэж үзэж болохоор байна. Сүүлийн үед монголчуудын дунд хөдөлмөр, үр хүүхэд, хайр дурлал, унаган байгаль зэрэг түгээмэл үнэт зүйлс үнэ цэнээ алдаж шунахай сэтгэл, цэвдэг араншин, бүтэлгүй үйлийн золиос болж буй нь цөөнгүй. Монголчуудын ажилсаг бус харьцамжийн бүтэц нь давамгайлан хөгжсөн тул найр наадам хийх, уул овоогоо тахих, хурим үйлдэх, ой тэмдэглэх, элдэв нийллэг зохион байгуулах зэрэгт гарамгай агаад сурамгай.

Эх оронч үзэл, үндэсний бахархал нь нэг бол шоу тоглолт, түүхт ой, үзүүлэн маягийн хүндэтгэл, зар сурталчилгаагаар солигдоод байна гэхэд нэг их хилсдэхгүй. Хууль цаазыг үл дагах, төр засгаа үл хүндлэх, эх орон ард түмнээ бодолгүй байх нэг бол зүгээр суух, зугаа цэнгэлээр хөөцөлдөх, эсхүл гадаадад цагаачлах хандлага газар авсаар буйд дүгнэлт хийж монголчуудын үнэт зүйлсийн болоод сэдлийн тогтолцоог эх орны тусгаар тогтнол, үндэсний байдлын эрх ашигт тохируулан үндсээр нь өөрчлөх хэрэгтэй мэт санагдана.

Төрт улсаа анхлан байгуулсан Хүннү гүрэн бол Ази Европыг, Өрнө Дорныг хооронд нь холбож, хүн төрөлхтнийг хөгжлийн хөдөлгөөнд оруулж өгсөн. Товчхон хэлбэл, хөгжлийн эрчим өгсөн байна. Энэ утгаараа түүх талаасаа ч давтагдашгүй өвөрмөц юм. Дэлхийн II дайны дараа хэрвээ Гитлерийн Герман энэ дайнд хүн төрөлхтнийг эрхэндээ оруулчихвал энэ олон угсаатан, үндэстний хэнээр нь юу хийлгэх вэ гэсэн төлөвлөгөөг Адольф Гитлер гаргасан байдаг юм байна. Европын нэг орны нэртэй том түүхч профессор Германд Буханбейлдын шорон байсан музейтэй танилцаж явахад надтай уулзаад санал солилцож байхдаа ингэж хэлсэн юм. “Би Гитлерийн үеийн архивын түүх судалж байгаа хүн. Архив дотроос би ийм нэг юм оллоо. Хэрвээ тэр дайнд Гитлер ялчихвал угсаатан бүрээр юу хийлгэх төлөвлөгөө гаргасан байж. Тэнд монголчуудаар юу хийлгэхээр төлөвлөсөн байж гээч. Монголчуудаар хамаагүй хар бор ажил хийлгэж болохгүй. Гал тогооны ажил, эсвэл хог шороо цэвэрлэх ч юм уу, боолын зиндааны ажил хийлгэж болохгүй ард түмэн байгаа юм.

Тэгвэл Их Чингис хааны өмнө би нүгэл үйлдсэн болно. Гэхдээ тэднээр хэтэрхий өндөр том ажил бас хийлгэж болохгүй. Тэгвэл толгой дээр гараад суучихна” гэж бичсэн байна гэнэ.

Хүн бүр эндээс өөртөө дүгнэлт хийгээд бид ийм л бахархах түүхтэй, бардамнах удмын сантай, байгаль цаг ууртай, соёл иргэншлийн хосгүй тогтолцоотой юм байна гэдгээ мэдэж мэдэрч явах нь хамгаас чухал юм. Мэдлээ гээд хоосон цээжээ дэлдэхгүй. Мэдээд түүнийгээ зарлаад тунхаглаад хашгираад явах биш мэдэхийнхээ хэмжээгээр улам түүнийгээ чадавхижуулах, чанаржуулж, хөгжүүлж, авьяас билэг, эрдэм чадлаа ил гаргаж харуулах хөгжлийн логик бидэнд туйлын чухал. Иймээс “Чингисийн Монгол” гэсэн бахархал, үндэсний хөтөлбөр, үзэл санаа бий болгох хэрэгтэй байна.

Өвөг дээдсийн бүүр эрт үеийн үүх түүхээс өвлөж хөгжиж ирсэн монгол хүний эрхэм нандин чанар юу байдаг вэ. Энэ бол эрдэм ухааныг тэргүүн зэрэгт тавьдаг чанар юм. Эрдэм ухаан бол тэргүүн зэргийн баялаг гэж үздэг. Үр хүүхдээ дараа нь оруулдаг, эд агуурс, өмч хөрөнгийг бол адгийн баялагт тооцдог байсан.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд монголчуудын нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөн хувьсамтгай болж байна. Сайхан Монгол орныг ингэж бий болгоно. Сайхан Монгол орноо бий болгоё гэж байгаа бол чөмгөө дундартал сууж, оюун ухаанаа чилээж байж эрдэм боловсрол олж авдаг. Залуу хүн бүхэн ийм шударга ёсоор эрдэм боловсрол эзэмшвэл Монгол орон маань хүчирхэгжээд ирнэ.

Аугаа монгол угсаатны сайн түүх бүхнээрээ бахархаж явъя гэвэл бид сайхан монгол тэмүүлэл дээрээ нэгдэн зангидагдаж хөгжих учиртай юм. Бид бурууг өөрөөсөө эрэхээс үхтлээ айж байна. Уучлаарай миний буруу гэж хэлж сурахгүй байна гэдэг нь аминч сэтгэлгээнд идүүлчихсэн байна гэсэн үг. Ингэснээр аливаа бурууг эзэнгүй болгоод орхидог. Бие, хэл, хөл бол сэтгэлийн зарц гэдэг шүү дээ. Сэтгэл хаашаа хөдөлнө бие даарсан ч, халууцсан ч тийшээ л дагаад явна. Сэтгэлийг нь татвал бие хаа холдох вэ? гэсэн үг ч байдаг.

Нийгмийн сэтгэлзүй гэдэг нь заавал хэм хэмжээтэй байдаг. Энэ гайхамшигтай монгол чанарыг бидний өвөг дээдэс таньж мэдчихээд үр хойчдоо захиж хүмүүжүүлж байсан байна. Амиа битгий бод, түмэнд тустай яв, түмний төлөө явбал буян нь чам дээр хураагдана. Монгол хүний хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн мөр хэзээ ч баларч арилахгүй. Харин цаашаа хэрхэх нь бид энэ мэт аугаа чанараа өвлөн хөгжүүлж, удамшуулан дамжуулж чадах эсэхээс хамаарна.

Монгол хүн өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө зохион явуулах тэр хугацаа иржээ. Монгол хүн хүссэнээрээ амьдрах тэр боломжийг ашиглахад хоёр хөршүүд Орос болон Хятад орнууд л туслаж чадна. Тиймээс Орос орон биднийг ойлгоно, бас Хятад орон биднийг зөвшөөрнө. Монгол хүн хангалттай нуугдмал явлаа. Бидэнд одоо ямар ч аврагч зөвлөх хэрэггүй. Бид “аврагч бурхан” үгүйгээр өөрсдийгөө аваад явах мэдлэгтэй бас эрдэмтэй. Монгол хүний нийгмийн сэтгэлзүй, ёс суртахуун өнгөрсөн хугацаанд бэхэжсэн.

Монгол хүн ч гэсэн бусдаар заалгах тийм ч дуртай биш. Харамсалтай зүйл юу вэ гэхээр гадаадынханд худалдагдсан Монгол хүмүүс өөрсдийн зорилгодоо хүрч монголчуудыгаа хохироохын тулд гадаадынхныг ашигладаг.

Монголын асуудал бол Монголын онцлог. Тэр онцлогийг харгалзахгүйгээр дууриамал ардчилал, дүр үзүүлсэн төрийн бүтэц, мэдлэггүй улс төр урагшаа ахихгүй.

Аврагч хайж хэн нэгний нөмрөг дор дулдуйдсан улс төр монголчуудад таарахгүй. Яагаад гэвэл Монгол гэдэг чинь универсал дэлхийн ойлголт бөгөөд олон улс орнуудаар тархсан олон сая хүмүүсийн нэр хүндийн асуудал.

Өнөөдөр монголчууд дэлхийд нэрээ цуурайтуулсан ийм хоёр бардам хөршүүдийнхээ хажууд нэр төртэй, хараа цэх, сэтгэл бардам улс төр хийх боломжтой. Хямдхан улс төр хийж болохгүй. Нэгийг муулж нөгөөгийн талд найрсан алсын хараагүй улс төр ерөөсөө явуургүй.

Орос орон газар нутгийг эрхэмлэсэн гэвэл Хятад орон хүн амын тоог эрхэмлэсэн ажээ. Гэтэл Америк орон мэдлэг боловсролыг эрхэмлэхийг зорьсон байна. Дэлхийн 3 том орон ингэж хар хайрцагны бодлогоо зуу зуун жил үргэлжлүүлж хэзээ ч тасарсан үгүй.

Монголчууд хурдан хугацааны дотор хөгжиж өнөөдрийн олон тулгамдсан асуудлуудаа шийдэх боломжоо нээх хэрэгтэй. Ингэж “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг уриа лоозонгийн нийгмийн сэтгэлзүйг эрдэм мэдлэгтэйчүүд нэгдэгтүн гэсэн (когнитариатууд) уриа лоозонгоор солих нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй байна.

1. Олон Монгол яагаад үүссэн бэ гэхээр Монгол хүний дасан зохицох чанар. Монгол удирдагчийн шинж чанар гэвэл нэгдүгээрт төрийг залах чадвар хоёрдугаарт мэргэн оюуны чадвар. Энэ хоёр чанар Атилла хаанаас эхлээд Бат хаан хүртэлх хаадуудад тээгдсэн.

Ийм нийгмийн сэтгэлзүйг Монголчууд хүсэн хүлээж байна. Ингэж байж Монгол хөгжинө гэсэн нийгмийн сэтгэлзүй бий болж байна. Америкчууд “америкийн иргэн төлөвшүүлдэг”, Солонгосчууд “өөрийн орны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг”, Япончууд япон ёс заншлыг иргэн бүрдээ япон үнэр шингэтэл эзэмшүүлдэг, Туркэд ататуркийн түүх, Туркийн чулуу болгоны түүхийг яс маханд нь шингэтэл судлуулж мэдүүлдэг гэх мэт нийгмийн сэтгэлзүй нь хэзээ ч өөрчлөгдөшгүй түүхэн уламжлалыг бий болгон түүгээр дамжуулан ард иргэдийнхээ нийгмийн сэтгэлзүйг удирдан хангаж байна. Тэгвэл бид “Чингисийн Монгол” гэсэн түүхэн уламжлалыг орчин үетэйгээ холбон төлөвшүүлэх үндэсний дархлаа бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болжээ. (Бидэнд Чингисийн Монгол гэсэн үндэсний хөтөлбөр, төсөл бэлэн байгаа болно)

2. Иргэний нийгмийн үндсэн асуудал нь иргэн бүр хуулиа биелүүлж хуулийн дор шударга амьдардаг байх явдал юм. Гэвч монголын хууль гурав хоног сэтгэлгээ байсаар байна. Хууль гаргаад хуулиа сурталчилахгүй, хэрэгжүүлэхгүй, хэрэгцээ шаардлага гарвал эргүүлж нэг харах төдий байна. Зарим хүнд ялангуяа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй зэрэг нь нийгмийн сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль дээдлэх, иргэнийхээ үндсэн үүргээ биелүүлэх, нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэх талаар төр засгаас шинжлэх ухааны үндэслэлтэй дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Өнөөгийн У.Хүрэлсүхийн Ардын засгийн газар энэ талаар санаачилгатай сайн ажиллаж байгааг тэмдэглүүштэй. Гэхдээ ажил кампанит ажил биш иргэн хүний байнгын хэрэгцээ шаардлага болтол нь хэвшүүлж ажиллавал үр дүнд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэе.

3. Улс төрийн намын талаар би олон тодорхойлолт онол ярьж болохоор байна. Улс төрийн нам нь үзэл санаа, бодлого, үйл ажиллагаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл нь тодорхой. Гэтэл улс төрийн намаар дамжиж эрх мэдэлтэй болж түүгээр дамжиж мөнгөтэй хөрөнгөтэй болдог хэрэгсэл болчихоод байна.

Сүүлийн үед намчирхах явдал газар авч хэсэг хэсгээрээ бүлэглэн санаснаа гүйцэлдүүлж хэн нэгний хэрэгцээ шаардлагыг хангадаг явдал нь жирийн үзэгдэл болжээ. Хамгийн аюултай нь ийм сэтгэлзүй манай залуучуудыг ихэд хордуулж хэн нэгний “цүнх” барьж дулдуйдаж амьдрах хэвшил бий болгож байгаа нь нэн харамсалтай. Өөрөөр хэлбэл улс төрийн намын хуулийг өөрчилж хатуу гишүүнчлэлгүй, зөвхөн бодлогоо гаргаж сурталчлан өрсөлддөг. Энэ бодлогоороо төр, засгаа удирддаг улс төрийн намын тогтолцоог нийгмийн сэтгэлзүй шаардаж байна.

4. Их мэдээллийн эрин үед бид мэдлэггүй, эмх замбараагүй мэдээллийн “өлсгөлөнгөөр” дамжин амьдарч байна. Бид цахим эрин, био эрин, нано технологийн эринтэй золгочихоод байна. Орчин үеийн нийгмийн сэтгэлзүйг мэдээллийн арга хэрэгслээр дамжуулан удирддаг боллоо. Энэ нь нийгмийн сэтгэлзүйг сайн зүйлд өөрчлөх чиг хандлага ч байна. Муу зүйлд уруу татах чиглэл ч бас байна.

Фэйсбүүк болон твиттерийг хааж, үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй болох талаар саналаа хэлье. Энэ сүлжээнүүд давуу талтай ч муу тал бий. Хүүхдүүд ерөөсөө хичээлээ хийхээ болилоо. Гэр бүлийн харилцаа хүйтэн болж байна. Авгай нөхөр хоёр өөр өөр өрөөнд ороод алга болчихдог.

Би фэйсбүүк, твиттер гэх хортой нийгмийн сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, хэлсэн болгон нь эзэнтэй байдаг үндэсний хэмжээний сүлжээтэй болох хэрэгтэй гэж бодож байна.

5. Монголчуудын нийгмийн сэтгэлзүйд нэг зүйл шинээр баттай байр эзлэх болсон зүйл нь “Зээлийн сэтгэлзүй” юм. Бүтээж босгохоосоо илүү зээлдэх, мөнгө шүтэж амьдрах шинэ хэвшил бий болж байна. Иймээс мөнгө зээлдэх сэтгэлгээ, сэтгэлзүйгээс ухаан, эрдэм мэдлэг, зээлдэж шүтэж амьдардаг нийгмийн сэтгэлзүйд шилжмээр байгаа юм. Орчин үеийн залуус судалгаа мэдлэгийг үзэн ядаж зөвхөн өөрсдийн үзсэн сонссоныг мэдээллийн баталгаа болгож амьдрах хандлага бий болж байгаа нь тун харамсалтай үйл явц.

Энэ асуудлыг цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй гүнзгийрүүлж судлах, нийгмийн сэтгэлзүйн хүрээлэн байгуулах, судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх гээд их ажил хиймээр байна. Хэдий чинээ ард түмнийхээ нийгмийн сэтгэлзүйтэй зөв тоглож, удирдаж чиглүүлж чадна тэр засаг бяртай, олон түмний дэмжлэгтэй байх болно гэдгийг энд онцлон тэмдэглэе.

Нийгмийн сэтгэлзүйн элдэв явдалд автахгүйгээр эсрэг, тэсрэг зүйлүүд харилцан бие биенээ нөхцөлдүүлж үгүйсгэж бас бэхжүүлж байдгийг ойлгож, бусдын алдааг санаатай гэж бодохгүйгээр бусдын санаа бодлоор амьдарч “хөл бөмбөг” болохгүйгээр юмыг байгаагаар нь хүлээн авч одоо цагаар аз жаргалтай амьдрах нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая. Зөвхөн өөрийнхөөрөө бай, инээмсэглэ.

Шинжлэх ухааны доктор, профессор МУ-ын гавьяат багш Г.МЯГМАРЖАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *