Categories
мэдээ цаг-үе

Монголчууд гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байна

“Аметрос технологи” компанийг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нар Америкт байхдаа үүсгэн байгуулжээ. Физик, электроникийн чиглэлийн залуус баг бүрдүүлэн анхны бүтээлээ гаргасан нь гар утасны утасгүй цэнэглэгч байсан гэнэ. Уг бүтээлээ бэлэн болгоод АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх гэсэн боловч хөрөнгө оруулалт дээр асуудал тулгарчээ. Тухайн үед тэдний хийсэн бүтээлийг гадны компаниуд 300 мянган ам.доллараар худалдаж авах санал тавьж байсан ч татгалзсан байна. Хэдийгээр эхний төсөл нь бүтэл муутай байсан ч гэлээ монгол инженерүүд гадны зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүн гаргаж чадах юм байна гэдгийг ойлгоод дараагийн том төслөө эхлүүлжээ. Энэ үедээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг эх орондоо хийсэн нь зөв юм байна гэж шийдээд Монголд албан ёсоор бүртгүүлсэн гэнэ.

Тус компани байгуулагдах үедээ гар утасны утасгүй цэнэглэгч үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн жилээс “Ametros” нэртэй таблет хийж эхэлжээ. Гэхдээ уг бүтээлийг тодорхой хүрээнд буюу эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гэнэ. Тиймээс олон нийтэд зориулан зах зээл дээр борлуулахгүй юм билээ. Уг таблетыг мэдээллийн технологийн дэвшил төдийлөн сайн нэвтрээгүй эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт салбарт өдөр бүр тулгамддаг технологийн асуудлуудыг хөнгөвчлөхөд зориулан бүтээжээ. Жишээлбэл, эмч нар өвчтөний бүртгэл, түүх, эмчилгээний явц, эмийн жорын системийг хялбаршуулах зорилгоор энэхүү таблетыг ашиглаж болох юм билээ.

Хэрэв идэвхтэйгээр ашиглаад эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх юм бол яваандаа эмч нар өвчтөнөө бичиг аваад ир, шинжилгээ хийлгээд ир гэж ийш тийш явуулах шаардлагагүй болох юм гэсэн. Бас уг таблет нь өөр дээрээ халуун мэдрэгчтэй болохоор өвчтөний нүүр рүү харуулахад халуурч байгаа эсэхийг шууд мэдэх боломжтой ажээ. Тус компани дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг электроникийн компаниудтай өрсөлдөхүйц үндэсний брэндийг бий болгох зорилгоор “ДОБУ” нэртэй өндөр хүчин чадалтай гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байгаа ажээ. Энэхүү систем нь гэрийн автоматжуулалтын системийн хөгжлийн чиг хандлага болоод буй утасгүй, мэдрэгч бүхий сүлжээн дээр суурилан ажиллах боломжтойгоороо уламжлалт технологиудаас давуу талтай гэсэн. Тухайлбал уг системийг гэртээ тавиулсан байхад хулгай орох, ус алдах, гэрлээ унтраахгүй явах, гааз алдах зэрэг аюултай үед автоматжуулалтын систем ажиллаж өрхийн гишүүдэд автоматаар мэдэгдэх юм билээ. Бүр болоогүй ус алдлаа гэхэд крантыг хаах, гэрлээ асаалттай орхиод явсан бол унтраах зэрэг үйлдлийг мэдэрч хийх юм гэнэ. Уг систем хэрхэн ажилладаг болохыг тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Д.Тулгабаатартай ярилцлаа.


-Та бүхэн уг бүтээгдэхүүнээрээ дэлхийд өрсөлдөнө гэсэн. Яагаад заавал ийм систем зохион бүтээх болсон бэ?

-Бид зурагт эсвэл гар утас үйлдвэрлээд “SAMSUNG”, эсвэл “APPLE”-тай өрсөлдөнө гэвэл инээдтэй хэрэг болно. Яагаад гэвэл энэ тал дээр тэд бусдаас нэг хоёр ч биш нэлээд хэдэн алхмаар түрүүлж яваа. Харин гэрийн автоматжуулалт, ухаалаг системийг хөгжүүлэх тал дээр дэлхий нийт яг бидэнтэй адил судалгаа, туршилт хийн хөгжүүлэлтийн түвшинд явж байгаа. Шинээр хэрэглээнд нэвтэрч буй бүтээгдэхүүн, шинэ зах зээл гэдэг утгаараа бидэнд өрсөлдөх боломж дүүрэн байгаа юм. Бидний зохион бүтээж буй ухаалаг системийг энгийнээр тайлбарлавал та орондоо хэвтэж байхдаа эсвэл гэрээсээ хол газар байгаа үедээ удирдлагын төхөөрөмж болон ухаалаг утасны аппликэйшн ашиглан гэрэл, хөшиг, хяналтын камер болон бусад цахилгаан хэрэгслүүдээ удирдаж болно.

-“Добу” гэдэг нь юу гэсэн утгатай нэр вэ?

-“Монголын Нууц товчоо”-дээр ах дүү Дува сохор, Добу мэргэн хоёр гэж гардаг шүү дээ. Добу мэргэн шиг мэргэн, ухаалаг байх болтугай гэж бэлгэшээн нэрлэсэн. Нөгөө талаасаа монгол хүн хийсэн шүү гэдгийг мэдрүүлэх зорилгоор ийн нэрлэсэн байгаа. Манай бүтээгдэхүүний лого ч үндэсний хэв шинжийг харуулсан. Монгол гэрийн дүрстэй, гэрийн тоононоос утаа гарч байгаагаар дүрсэлсэн.

-Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэх үү?

-Үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа бүтээгдэхүүнээ эхний ээлжинд Монголын зах зээлд нийлүүлнэ. Гэтэл манай зах зээл жижиг учир бүтээгдэхүүн маань сайн борлуулагдлаа гэхэд 10 мянга 20 мянгад хүрээд зогсоно. Тийм болохоор бид хамгийн түрүүнд Америкийн зах зээлд гаргах бодолтой байна. Урьдчилж төлөвлөж байгаагаар бид ирэх долдугаар сар гэхэд АНУ-ын зах зээл дээр гаргачих болов уу. Дотооддоо гэвэл ирэх сарын дундуур худалдаанд гарч эхэлнэ.

-Бүтээгдэхүүнээ зохион бүтээснийхээ дараа хаана үйлдвэрлэж байгаа вэ?

-Бүх зүйлийг бэлэн болгосны дараа гадаадад очиж үйлдвэрлэж байгаа. Тухайн үйлдвэрийг Монголд оруулж ирэхээр одоохондоо боломжгүй л дээ. Тиймээс гадаадад үйлдвэрлүүлж байна. Одоогоор Тайвань, Солонгос, Хятадын үйлдвэрүүдэд өгч байгаа. Дандаа хэсэг хэсгээр нь салгаж хийлгэдэг юм. Хар ажлыг хаана хийлгэх вэ гэдэг тийм ч сонин биш. Хамгийн гол нь нууцлалаа чандлаад ажиллах хэрэгтэй. Бидний хамгийн гол зорилго бол гадны, тэр дундаа АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх. Нэг ч гэсэн монгол угшилтай компани гадны томоохон зах зээлд гарч чадвал энэ чиглэлээр ажиллаж байгаа олон зуун монгол залуучуудад итгэл төрүүлнэ гэж найдаж байна. Цаашлаад технологийн салбарт хэд хэдэн монгол компани дэлхийд өрсөлдөөд эхэлбэл манай улсын эдийн засагт шинэ хөгжлийн гарцыг нээх юм.

Тус компанийнхан гэрийн автоматжуулалтын системээ эхний ээлжинд барилгын компаниудад санал болгож байгаа ажээ. Барилгын компаниуд шинээр ашиглалтад оруулж байгаа барилгууддаа автоматжуулалтын систем тавих үедээ гаднаас өндөр үнээр худалдан авдаг гэсэн. Дор хаяж 30-35 сая төгрөгөөр авах уг системийг “Аметрос технологи” компанийнхан 1-1.5 сая төгрөгөөр санал болгож байгаа юм билээ. Бас албан байгууллага, худалдааны төв, хувийн орон сууц, нийтийн орон сууц, гэр хорооллын оршин суугчдад зориулсан багц бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Бүтээгдэхүүн нь бэлэн болоод ирсний дараа үзүүлэнгийн танхим гаргаж олон нийтийн хүртээл болгоно гэсэн.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *