Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид эв эеэ хичээж, өөрсдөдөө итгэх цаг иржээ

Хоёр мянга арван зургаан он гарлаа. Монгол хүн шинэ оны эхэнд аливааг өөдрөгөөр харж, бэлгэтэй сайхныг хэлэлцэн оюун санаандаа дахин шинээр мэндэлсэн мэт тийм л эрч хүч, энергийг өөртөө хуралдуулдаг. Гарч буй шинэ он улс гүрэнд хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их түүхийг эхлүүлж, айл өрх бүрт аз жаргал, баяр баясгалан бэлэглэн, хүн бүгдэд боломж, ирээдүйг нь нээж өгдгөөрөө үнэ цэнтэй байдаг. Учран золгож буй хоёр мянга арван зургаан он монголчууд бидэнд эв эеийг хичээж, өөрсдөдөө итгэн, бие биеэ хүндлэн улс орныхоо хөгжил, хүн ардынхаа амар амгалан, эрх чөлөөт амьдралын төлөө зүтгэх өндөр хариуцлагыг үүрүүлж байна.

Бид өнгөрсөн жил гурван сая дахь иргэнээ төрт ёсны уламжлалын дагуу хөөр баяртайгаар угтаж авсан. Гурван сая гаруй монголчууд одоо өөрсдөдөө итгэж, энэ улс орныг монгол хүн, монгол хүний оюун ухаан, хүч чадал, авьяас билиг, эрмэг зоримог байдал, шантаршгүй хөдөлмөр, идэвх зүтгэл, Монголоо гэх чин сэтгэл хөгжүүлэхийг сайтар ухаарах цаг хэдийнэ ирсэн байна. Улс төрийн хийрхэл, намчирхсан, талцсан хандлага, популист эх оронч дүр төрх, улс орны эрх ашгаас илүү хувь хүний өчүүхэн эрх ашиг ноёлдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нэг зүгт нэгэн үзүүрт сэтгэлээр хандах нь эрхэм гэдгийг бидний туулж өнгөрүүлсэн түүх, зам мөр бэлээхэн гэрчлээд өгнө.

Шинэ оны босгон дээр буюу эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойгоор Монгол төрийн тэргүүн төрийн тамганы хөшөөний өмнө ард түмэндээ хандаж “Монголчууд өөрсдөдөө итгэж, өөрсдөө хийж бүтээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, үндэсний эдийн засгийн бааз сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Энэхүү ойлголтыг 2015 он бидний сэтгэхүйд сайтар суулгаж өгөх шиг боллоо. Эдийн засгийн хүндрэлээс монгол хүн өөртөө итгэж, хөдөлмөрлөсний хүчинд л гарна” хэмээн хэлсэн юм. Монголчууд бие биеэ дэмжиж, үндэсний үнэт баялаг, хөрөнгө оруулалтын капиталаа бий болгох санал санаачилга дээр доргүй өрнөж байгаа нь сайшаалтай. Улс орны эдийн засаг, хөгжил дэвшлийн тулгуур зангилаа болсон Аж үйлдвэрийн яам 2016 оныг дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжих жил болгон оны эхэнд зарласан. Улс орондоо үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрөнгө оруулалтад нь эргэлт гарч, ажлын байр нэмэгдэж эдийн засаг бага ч болов тэлэх нь мэдээж. Тус яамны зүгээс бусад яамтай уялдаа холбоотой ажиллана гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Тухайлбал, Боловсролын яамтай хамтарлаа гэхэд сургууль цэцэрлэгийн ширээ сандал, хувцас хэрэглэлээс аваад бүхий л зүйлийг дотоодын үйлдвэрлэлээрээ хангана гэсэн үг.

Энэ онд улс орны эдийн засаг сэргэх томоохон найдвар бол мэдээж Оюу толгой. Уг төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эхээр шийдэгдсэн. Улирагч оны эдийн засгийн гол эргэлт, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэг том гавьяа энэ болов уу. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд ямар нэгэн улс төр ороогүй, цэвэр бизнесийн төсөл болсныг Ерөнхий сайд онцолж байв. Мөн тэрээр “Дэлхийн хамгийн нөлөө бүхий арилжааны арван таван банк, хөгжлийн таван банк, Рио Тинто Монгол Улсад зээл өглөө. Энэ бол Монгол Улс бизнестээ буцан ирсний илрэл” хэмээн дэлхий нийтэд мэдэгдсэн юм.

Оюу толгойн хоёр дахь шатны төсөл хэрэгжсэнээр гурван мянган хүн ажлын байраар хангагдах тоон үзүүлэлт гараад байгаа билээ. Ийнхүү 2015 оны сүүлээр дэлхий хамгийн том төслүүдийн нэг гэгддэг “Оюу толгой”-гоо бид хөдөлгөж чадлаа. Харин энэ онд Таван толгой болоод Гацууртын ордоо хөдөлгөж, үр шимийг нь бодитойгоор амсах хэрэгтэй. Тэгвэл элгээрээ харуулдаад байгаа эдийн засаг сэргэж, долларын ханш тогтворжиж, монгол төгрөг үнэгүйдэх аюулаас Монголын ард түмэн аврагдана.

2016 онд Монголд дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон хоёр үйл явдал болно. Нэг нь хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгууль, нөгөө нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох юм. Сонгуулийн жил учраас л хэрээс хэтэрсэн популизм газар авалгүй, монгол хүн монгол хүнээ үгийн муугаар доромжилж өс хонзон санан, яс үндсээрээ дуудалцалгүй, эвтэй эетэй байхыг сануулаад буйн хэрэг шүү дээ. Сонгуулийн жилд эдийн засаг хүссэн хүсээгүй тэлдгийг бид мэднэ. Тэр жил ах нам маань сонгуульд “мод”-оо барьж ороод баларч билээ. Яагаав “Хөгжлийн мод” гэсэн хөтөлбөртэй сонгуульд ороод жинхэнэ “мод”-оо барьсан даа. Түүн шиг сонгуулийн өмнө ерөөл бэлгэгүй зүйл гарахгүй байлгүй. Дээрээс нь өмнөх сонгуулиуд шиг хавтгайрсан улстөржилт, эрх мэдэл албан тушаалын төлөө Монгол Улсаа, монгол хүнээ булшлахаас ч сийхгүй популист байдал хуулиараа зохицуулагдаж байгаа хойно, учир зүй нь олдох байх. Хамгийн гол нь сонгууль хүртэл Сайханбилэгийн Засгийн газар улам зоримог ажиллаж улс төрийн гол шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Ард түмний сонголт мэргэн байж дараагийн засаг төр ямар нэгэн завсар хийдэл гаргалгүйгээр улс орны ажлыг удирдаж авч явна гэдэгт итгэлтэй байна.

Монголын үндэсний их баяр наадамтай залгуулаад АСЕМ-ийн орнуудын дээд хэмжээний 11 дэх чуулга уулзалт болно. Улс төрийн олимп гэгддэг энэхүү уулзалт ардчилсан эрх чөлөөт Монгол Улсыг хүн төрөлхтөнд нэгэн дор нээн үзүүлэх том боломж хийгээд нэр хүндийн баталгаа юм. АСЕМ (Asia-Europe meet­ing) гэдэг нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага билээ. Хоёр жил тутамд нэг хуралддаг 51 орон, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн. Манай улс 2008 онд АСЕМ-ийн гишүүн орон болсон түүхтэй. Австрали, Австри, Бельги, Болгар, Франц, Герман, Грек, Унгар, Люксембург, Португаль, Румын, Швейцарь, Энэтхэг тэргүүт Ази, Европын 51 орны төр засгийн тэргүүн нар, Европын холбооны удирдлагууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Мөн тус орны Засгийн газрын сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хэвлэл мэдээлэл, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд 4000 гаруй зочид ирэхээр дуулдаад байгаа. Төлөөлөгчдийг хүлээн авах нэр бүхий 42 зочид буудалд АСЕМ-ийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн итгэмжлэл гардуулсан. Монголд АСЕМ-ийн хурал болсноор манай аялал жуулчлал хөгжих үүдийг нээж, эдийн засгийг солонгоруулна гэж үзэж байгаа. Зөвхөн аялал жуулчлал гэлтгүй бүхий л салбарт АСЕМ-ийн давалгаа нөлөөлж, эдийн засаг солонгорох биз ээ.

Энэ онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, тавдугаар цахилгаан станц, Бөөрөлжүүтийн станц, Эгийн голын усан цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд дөрвөн мянган айлын сууц баригдана. Мөн “Шинэ яармаг” хороололд 3955 айлын орон сууц, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль цэцэрлэгийн хамт баригдахаар төлөвлөгдөөд байгаа. Оны өмнө Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 километр хатуу хучилттай авто замын нээлт болсон. Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбочих юм бол Монгол Улсын 21 аймаг нийслэл хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдож байгаа.

Ингээд бодохоор 2016 он монголчуудад ээлээ өгсөн, Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулсан, улс орны маань нэр хүнд өссөн, эдийн засаг солонгорч тэлсэн сайхан он жил болох нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *