Categories
мэдээ цаг-үе

Монголчууд багийн тоглолтоор амжилт үзүүлэх найдвар байгааг манай сагсчид харууллаа

БНСУ-ын Инчон хотноо Азийн  XVII наадамд оролцож байгаа манай эрэгтэй сагсчид талбайн  эзэн багтай хийсэн тоглолт шуугиан дэгдээж байна. Урд өдөр нь  манай шигшээ баг  хэсгийн эхний тоглолтоо Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Йорданы эсрэг хийж, 84:73-ын харьцаагаар ялалт байгуулсан. Манай сагсчид дэлхийд чансаагаараа 28-д жагсдаг Йорданы багийг ялсан нь монголчуудад урам зориг өглөө. Энэ тоглолтын дараа манай  зарим хөгжөөн дэмжигч  дасгалжуулагчид хандан фейсбүүкээр  зөвлөгөө өгөөд авлаа. Нэгэн хөгжөөн дэмжигч “Манай залуус мундаг байна аа. 

Гэхдээ дасгалжуулагч аа, сүүлийн дөрөвдүгээр үед хоёр ч гол довтлогч таван алдаанаас болж суусан. Тамирчдыг алд­са¬ны дараа загнаад байх юм. Мөн хэтэрхий баярлаад байна аа. Йорданыг хожсон нь том ялалт мөн. Харин хэт баярлачихаар дараагийн тоглолт гарч өгөхгүй шүү дээ” хэмээн сануулсан байна лээ. Үнэхээр манай сагсчид Азийн шилдэг баг болох БНСУ-ын багийг барсангүй юу эсвэл мөнөөх хөгжөөн дэмжигчийн сануулсанчлан өмнөх өдөр нь  хэт баярласнаас болоод тоглолт гарсангүй юу талбайн эздийг сөхрүүлж чадсангүй.   

Ялангуяа Солонгост ажил¬лаж амьдарч буй мон­голчуудын хувьд энэ тоглолт онцгой учир  утгатай байв. Талбайн эзэн багтай тоглохын өмнөхөн  нэтээр Солонгост байгаа монголчуудын дунд өөрийн багаа балиашиглах уриалга эрчтэй түгсэн. “Монголчууд Солонгост мөнгө хураах гэж биш медаль авах гэж ирлээ” гэсэн өгүүлбэр олон монголчуудад  омогшил төрүүлээ дээ. Үнэхээр ч энэ наадамд Монголын баг тамирчид медаль хурааж эхэл­сэн. Манайхан аль хэдийнэ дөрөв дэх алтан  медаль, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. 

Юутай ч манай сагсчид Азийн наадамд амжилт үзүүлж, монголчууд багийн спортод амжилт үзүүлж чадна гэдэг найдвар төрүүллээ. 

Хэрэв манай сагсан бөм­бөгийн баг талбайн эздийг хожвол шөвгийн наймд шал­гарах болзлоо хангах байв. Гэхдээ  шигшээ наймд манайх шал­гарч чадлаа.  Нэтээр явж байгаа уриалгад  “Монгол, Солонгосын сагсан бөмбөгийн эрэгтэй багийн  маш хариуцлагатай тоглолт маргааш болно. Монгол, Солонгос балиашигуудын хооронд бас давхар тэмцэл болох юм. Нутгийн дэвжээн дээр нь кимчинүүдийг хожиж, тамирчдаа өөрийн оронд байгаа юм шиг халуун дулаанаар угтаж, цагаан хувцсаар жигдэрч, Монголынхоо далбааг авч очоод бөөнөөрөө дэмжицгээе” гэсэн байлаа. Үнэхээр  Монго¬лын хөгжөөн дэмжигчид  хэлэлц¬сэн ёсоороо баг тамирч¬даа талбайд орж ирэхэд дуу шуутайхан угтаж,  танхимыг гайхашруулсан.  Хэлэлцсэн  ёсоороо манай  олонхи хөгжөөн дэмжигчид цагаан футболкоор гангарсан харагдана. Учир нь  манай тамирчид цагаан, БНСУ-ын баг хар өнгийн өмсгөлтэй тоглосон юм.  БНСУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн шилдэг багийн тоонд багтдаг  болохоор манайхан тэднийг шууд буулгаж авах аргагүй л дээ.  Талбайн эзэн багийнхан манайхнаас нуруугаар өндөр байсан нь гол давуу тал гэж үзэгчид байсан. Гэхдээ манай гол тоглогч Б.Билгүүн тэдний өөр нэг давуу талыг ажигласан байна лээ. Тэрбээр  Монгол Улсын шигшээ багт ажиллаж байсан  солонгос дасгалжуулагчийн дэмжлэгтэйгээр  БНСУ-д сагсан бөмбөгийн  сургалтад хоёр жил хамрагдсан  аж.  Б.Билгүүн урьд нь хэвлэлд ярихдаа “Өмнөд Солонгосын баг хурдтай тоглодгоороо онцлогтой. Мөн хүүхдүүдийг 11-12 настайгаас  нь цуг байрлуулж, бэлтгэл хийлгэдэг. Тиймээс  тэд бие биенээ бараг харцаараа ойлголцдог гэж хэлж болно. Энэ нь тэдний давуу тал. Хэрэв манайхан тэдэн шиг бэлтгэл хийвэл хожих боломжтой” гэсэн удаатай.    

Манай баг тамирчид эхний үед ялалт байгуулсан ч сүүлийн үеүдэд хожигдож эхэлсэн. Тоглолтын дөрөв­дүгээр үе шувтрахад онооны харьцаа 67:90 болов. БНСУ-ын эрэгтэй сагсан бөмбөгчид манай сагсчдыг яллаа.  БНСУ-ын баг өнөөдөр  Йорданы багтай тоглоно. 

 Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн хувьд  хоёр дахь тоглолтод текникийн хожил авлаа.  Монгол-Катарын тоглолт өчигдөр болох байсан бөгөөд Катарын багийн таван тоглогч гивлүүртэй тогло­хыг хүсчээ. Гэвч зохион байгуулах хорооноос тэднийг талбайд гивлүүртэй тоглохыг зөвшөөрөөгүй байна. Тиймээс манай багт техникийн ялалт өгсөн юм.  Олон улсын сагсан бөмбөгийн холбооны   дүрмийн дагуу ямар ч тамирчин толгой¬доо өмсгөлтэй тоглохыг хориглодог. Энэ нь тамирчдыг шашнаар нь ялгаварласан  хэрэг биш агаад аюулгүй байдлын үүднээс мөрдсөөр ирсэн дүрэм гэнэ. Манай  эмэгтэй багийнхан Казахстаны багийг мөн буулгаж авлаа.  Маргааш Непальтай тоглох юм.

Энэ удаагийн Азийн наадамд Монголын сагсан бөмбөгийн холбоо эрэгтэй, эмэгтэй бүрэлдэхүүнээ илгээсэн билээ. Эрэгтэй баг 12, эмэгтэй багш 11 хүний бүрэлдэхүүнтэй Солонгосыг зорьсон юм. 

Тивийн олимп гэгддэг дөрвөн жилд нэг удаа болдог энэ наадамд манай улсаас спортын 23 төрөлд 250 тамирчнаа илгээсэн билээ.

Б.ЭГШИГЛЭН 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *