Categories
мэдээ улс-төр

Монголбанкны Хяналтын зөвлөлийг шинээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцууллаа.

Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхийн дэмжлэгээр Хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилов. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилогдож байгаа Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *