УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонсох юм.
Дээрх хуваарийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал инфляцийн түвшин буурч байгаа талаар мэдээлэл хийв. Тэрбээр Монголбанк инфляцийг бууруулах чиглэлээр гурван арга хэрэглэсэн. 2009-2012 онд инфляци өндөр түвшинд байсан учир зээлийн хүү өндөр байсан. Харин одоо нам болсон учир зээлийн хүү буурах боломжтой хэмээн мэдээлэлдээ дурдлаа.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн, цалингийн, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, урьд нь өндөр хүүтэй олгогдсон байсан бүх зээлийн хүүгийн төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг сар шинийн баяраас өмнө гаргах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан шаардлагатай холбогдуулан Монголбанк мэдээлэл хийв.
Монголбанкнаас сүүлийн гурван жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого баримтлан ажиллажээ.
Цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Монголбанкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн биш харин ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримталж хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.