Монгол, Вьетнамын эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Манай улсад ах 1960-аад онд хонины цэцэг өвчин гарсан бөгөөд эрдэмтэд идэвхгүйжүүлсэн вакцин боловсруулснаар өвчний тархалтыг намжааж байсан аж. Үүнээс хойш 50 гаруй жил “чимээгүй” байсан энэ өвчин 2008 онд Сүхбаатар, 2010 онд Дорнод аймагт гарсан бөгөөд монгол эрдэмтдийн гаргасан вакцин өвчний тархалтаас урьдчилан сэргийлж чаджээ. Харин одоо хоёр орны эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс зэрэг сэргийлэх боломжтой амьд вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Учир нь энэ өвчнөөр өвчилсөн ямаанаас хонинд халдварладаггүй ч үүсгэгч нь төстэй учир нэг төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтойг эрдэмтэд хэлэв. Ер нь Монгол орны мал сүрэгт тохиолддог ихэнх өвчнөөс уридчилан сэргийлэх, эмчлэх вакцин, эм биобэлдмэлийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Одоогоор зөвхөн шүлхийн вакцинийг гаднаас импортолж байгаа. Гэвч мөнгө үрэх шаардлаггүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломж бүрэн бий гэв. Мөн хоёр орны эрдэмтэд зөвхөн вакцины чиглэлээр ч бус Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах ямар боломж байгаа талаар харилцан ярилцахаар семинар зохион байгууллаа. ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгээс өнөөдөр зохион байгуулсан семинарт Вьетнамын Үндэсний хөдөө аж ахуйн захирал болон эрдэмтэдийн төлөөлөл, Монголын ХААИС-ийн захирал, салбар хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд оролцжээ.