Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарын танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсэг өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулга болон улс орон даяар зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлгээр иргэдээс ирсэн саналууд, судлаач эрдэмтэд, улс төрийн намуудын саналыг багцлан томъёолж хэд хэдэн хувилбар гарган, Дэд ажлын хэсгийн хуралдаануудаар хэлэлцэж байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад Үндэсний статистикийн хорооноос санамсаргүй түүврийн аргаар, нийгмийн бүх давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулан сонгосон 1500 гаруй иргэд оролцсон бол олон нийтийн хэлэлцүүлгээр 327 мянган хүн 5.0 сая гаруй санал өгсөн юм.

Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдах хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон Улс төрийн намтай холбоотой заалтуудыг нарийвчлан хэлэлцэж талуудын саналыг төсөлд тусгана. Энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2018 оны 3-р сарын 14-ний хувилбарыг та бүхэнд хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн арван есийн иргэд 53.3-78.2 хувиар дэмжээ

Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн судлаачид аа,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Улс орон, ард иргэдийн ирээдүй хойчид хамаатай, нэн чухал асуудлыг хөндөн ярилцахаар энэ танхимд хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Их Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анхны Үндсэн хуультай орон болсон гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг тунхагласанд энэ хуулийн түүхэн ач холбогдол оршино. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, 1960 онд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Үндсэн хуульдаа хийсэн эдгээр өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсныг түүх гэрчилнэ.

1992 онд баталсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгаажуулж, нийгэм, төрийн байгууллын ардчилсан үндэс тулгуурыг бататган, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн байгууламж, засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах хяналтыг тогтоосон юм.

Шинэ Үндсэн хууль маань улс Монголынхоо өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны үндсийг бэхжүүлж хүнийг, түүний эрх, эрх чөлөөг дээдэлснээрээ өмнөх Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд үзэл баримтлал, суурь зарчмын хувьд ардчиллыг тунхагласнаараа онцгой ач холбогдолтой юм.

Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг байсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ.

Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийн чиг баримжаа, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харууллаа. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй юм.

Гэхдээ нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойрсонгүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон. УИХ дээр л гэхэд үүнээс өмнө 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв.

Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хөндөж байгаа юм.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд энэ удаагийн УИХ онцгой ач холбогдол өгч, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгааг миний бие өмнө нь илэрхийлж байсан билээ.

УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, өнгөрсөн 4-р сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийнхээ төлөөлөлтэй зөвлөлдөж, саналыг нь авсныг Та бүхэн мэдэж байгаа. Санал асуулгын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган УИХ-д ирүүлсэн. Уг зөвлөмжид үндэслэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан юм.

УИХ-аас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Тогтоол баталсан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргаад байна.

Эдгээр хэлэлцүүлгээр аймаг, нийслэл, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамж, цахим хуудсаар нийт 327,375 санал хүлээн авсан бөгөөд давхардсан тоогоор 5.6 сая саналыг цахим мэдээллийн санд бүртгээд байна.

Нийт санал өгсөн иргэдийн 47.3 хувь нь эрэгтэй, 52.7 хувь нь эмэгтэй байсан бол насны хувьд 32.2 хувь нь 18-35 насны залуучууд, 35.9 хувь нь 36-55 насныхан, 31.9 хувь нь 55-аас дээш насны иргэд байгаа нь бүх насны иргэд идэвх санаачилгатай оролцсоны илрэл юм.

УИХ-ын Тамгын газар хэлэлцүүлгийн талаархи 750 цагийн дүрс бичлэг, 1100 гэрэл зураг, санал асуулгын хуудсаар 2607 хавтас архивын нэгж үүсгэсэн нь УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд бүрддэг архивын хэмжээтэй дүйж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 20 зүйл, хэсэг, заалтаас 19 нэмэлт, өөрчлөлтийг иргэд 53.3-78.2 хувиар дэмжиж саналаа өгчээ. Энэ дашрамд хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн нийт иргэддээ, энэхүү ажлыг хамтран зохион байгуулсан төрийн захиргаа, улс төрийн нам, төрийн бус байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.

Иргэдийнхээ өгсөн эдгээр санал, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн хүчнүүдийн байр суурь, дүгнэлтэд тулгуурлан төслийг ойрын үед эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Улмаар хуулийн төслийг парламентаар нухацтай хэлэлцэх болно.

“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид хэлжээ. Төслийг боловсруулах, хэлэлцэх болон цаашдын үйл ажиллагааны бүхий л шатанд энэ үгийн үнэ цэнийг эрхэмлэн сахих нь чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бодит хэрэгцээ шаардлага, нягт нямбай тооцоо судалгаа, орон даяар явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлах нь ойлгомжтой юм. Түүнчлэн өөрчлөн шинэчлэх олонхийн хүсэл эрмэлзэл, дордуулж муутгачих вий гэсэн цөөнхийн эргэлзээ болгоомжлолыг ч адил тэнцүү авч үзэх ёстой.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал онол, практикийн өргөн цар хүрээнд, чөлөөт хэлэлцүүлэг, мэтгэлцээний журмаар болж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Эрхэм нөхөд өө,

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсэж, хурлын үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гардуулав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар Захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан билээ.

Тус ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа өнөөдөр (2017.05.25) УИХ-ын даргад гардууллаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:

1.Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;

3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;

4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;

5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;

6.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зургаадугаар сарын 5-наас эхлэн нийт ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн тусгаад 9-р сард УИХ-д төслийг албан ёсоор өргөн барих юм байна.

Төсөл хүргүүлэх тухай албан тоотод Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, С.Оюун, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, академич, доктор Г.Чулуунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар гарын үсэг зуржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.06/ Монгол Улсын Үндсэн хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд
баталж мөрдсөнөөс хойш 23 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хууль,
түүний Хавсралт хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллагыг
шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлсэн.
Үүний дагуу Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын
шинэтгэл хийгдэж, улмаар боловсронгуй болон хөгжиж байна.

Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлж
ирсэн үйл явцад төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрт
байдлыг хангахтай холбогдсон зарим нэг асуудал, сорилтыг шийдвэрлэх
шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч ирсэн.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02
дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг
одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир
шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
шаардлагатай гэж дүгнэсэн юм.

Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Улсын Их
Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны 08 тоот захирамжаар
томилон ажиллуулсан.

Ажлын хэсэг 2015 оны 01 дүгээр сарын
21-нээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан урьд
нь хийгдсэн судалгаа, дүгнэлтүүдтэй танилцаж, Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар удаа дараагийн
хуралдаанаараа хэлэлцэж, саналаа нэгтгэх, холбогдох асуудлаар судалгаа,
лавлагаа гаргуулах, Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч,
Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн
үндэсний комисс зэрэг төрийн холбогдох байгууллагуудын саналыг авч,
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд ирүүлсэн
иргэдийн саналыг судлах зэргээр ажилласны үндсэн дээр Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвсэл
буюу Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл,
Иргэний зориг-Ногоон нам, мөн бие даагч гишүүдийн төлөөлөл болох Улсын
Их Хурлын нийт гишүүний 60 гаруй хувь нь гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн байгууллын
талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал,
Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх
мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор тусгажээ.

Засгийн газар тогтвортой ажиллах эрх
зүйн орчинг бүрдүүлэх, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж,
хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах хариуцлага, Засгийн
газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бие даасан байдлыг
дээшлүүлэхээр заасан байна.

Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог
байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн
хугацаагаар, нэг удаа сонгодог байх, Ерөнхийлөгч нь ард түмний эв
нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн
өөрчлөлт хийжээ.

Хотыг засаг захиргааны нэгжид
хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх
шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын
оролцоог хязгаарлах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим
харилцааг зохистой болгох чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт,
өөрчлөлтөд тусгажээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын
Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, түүнтэй холбогдон
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах нь
зүйтэй гэж үзэж холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн
мэдүүлсэн байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэснээр иргэд Монгол Улсын
Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн
бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт
шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн
байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу төрийн
үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох чухал ач
холбогдолтой бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль ёсны хүлээн
зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулах юм гэж хууль санаачлагчид үзжээ.

Ард нийтийн санал асуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явуулахаар төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *