НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит хэлэлцүүлэг уржигдар Женев хотноо эхэлсэн билээ. Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх хуралдаанаар 14 орны тайланг хэлэлцэх юм. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг өчигдөр 14.30-18.00 (Улаанбаатарын цагаар 21.30-01.00) хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг үндсэн тайлан буюу Монгол Улсаас хэлэлцүүлэгт зориулж ирүүлсэн мэдээлэл, хүний эрхийн бие даасан эксперт, бүлгүүдийн тайланд дурдсан мэдээлэл, хүний эрхийн үндэсний болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн бүлгүүд зэрэг бусад талын мэдээлэлд үндэслэн хийж байгаа аж. Манай улсаас илгээсэн баримт бичгүүдэд эрүүдэн шүүлтийн хэргийг мөрдөн шалгасан байдал, түүнийг таслан зогсоох арга хэмжээ, эрүүдэн шүүх замаар олж авсан мэдүүлгийг ашиглах, цагдан хорих байрны нөхцөл байдал,авлигын хэргийг шийдвэрлэх ба шүүхийн шинэчлэл зэргийг онцолжээ. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хангах, үүнд жендэрээс үүдэлтэй болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний талаарх нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүний наймаатай тэмцэх, хохирогчдод нөхөн олговор олгох, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох,үйлдвэрчний эвлэл байгуулах эрх, олборлох үйлдвэрлэлийн бизнесийн үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх нөлөөлөл зэрэг асуудлуудыг хөндсөн байна.
Манай улсын хүний эрхийн төлөв байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэлэлцээд энэ сарын 8-ны өдөр зөвлөмж батлах юм байна. Тайланг нь хэлэлцэж буй тухайн орон хэлэлцүүлгийн үед гарсан зөвлөмжүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломжтой аж.
МАНАЙ УЛСАД ӨГСӨН 129 ЗӨВЛӨМЖИЙН 126-Г НЬ ХЭРЭГЖҮҮЛСЭН ГЭЖЭЭ
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх анхдугаар илтгэлийг 2010 онд хэлэлцэж, 129 зөвлөмж өгсөн билээ. Энэ зөвлөмжийн биелэлтийг өчигдөр хэлэлцсэн юм. Тайлангийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх бүхий байгууллагаас хууль, тогтоомж баримт бичгүүд батлагдан гарсан ч хуулийг бүрэн хэрэгжүүлэх боловсон хүчин, чадавхийг сайжруулах шаардлага байгааг хүлээн зөвшөөрчээ. Монгол Улс зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэнс гэдгийг онцолжээ. Тухайлбал олон улсын гэрээнд нэгдэх, хүний тодорхой төрлийн эрхийн асуудлаар тухайлсан хуулийг батлах чиглэлд томоохон ахиц гарсан. Цаашид хууль сахиулах байгууллагын чадавхийг сайжруулах, олон нийтэд хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгааг тусгасан байв.
ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ ИНГЭЖ ТАЙЛАГНАВ
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудыг хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтөөр онцолжээ. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталснаар бэлгийн дарамт, хүйсийн төлөөллийн доод хязгаар (квот)-ыг бий болгож, улс төр, эдийн засаг, нийгмийн бүх харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх, төрийн болон ТББ-д баримтлах хүйсийн төлөөллийн доод хязгаарыг тогтоосон гэж үзжээ.Яам, агентлагийн бүтцийн нэгжийн дарга нарын 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар зохицуулсан. Хууль сахиулах салбарын хэмжээнд нийт 22191 албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд 84.2 хувь нь эрэгтэй, 15.8 хувь нь эмэгтэй албан хаагчид ажиллаж байна. Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын дээд шатны удирдлагуудын хүйсийн тэнцвэрт байдлыг авч үзвэл 31 дээд шатны удирдах албан тушаалтан байгаагаас 29 буюу 90.3 хувь нь эрэгтэй, хоёр буюу 6.5 хувь нь эмэгтэй байна гэдгийг тайланд жишээ болгожээ. Үүнээс гадна Хүн худалдаалахтай тэмцэх хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль зэргийг баталсан нь дэвшил гэж үзжээ.
2010 ОНООС ХОЙШ НЭГ Ч ХҮН ЦААЗААР АВАХУУЛААГҮЙ
Манай улс “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын Цаазаар авах ялыг халах тухай II протокол”-ыг 2012 оны нэгдүгээр сарын 5-нд соёрхон баталжээ. Мөн Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ял эдэлж байгаа ялтанд уучлал үзүүлэх бүрэн эрхийн дагуу 2010 онд цаазаар авах ялаас түдгэлзэж, энэ хугацаанд нэг ч хүн цаазаар авахуулаагүйг тайланд онцолсон байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг хасахаар тусгасан байгаагаа мөн тайлагнажээ.
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах зөвлөмжийг манай улс НҮБ-аас авсан. Үүний хүрээнд эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын баримт бичгүүдэд нэгдэж, дотоодын хууль, дүрэм журамдаа өөрчлөлт оруулсан аж. Хүний эрхийн үндэсний комисс цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй болжээ. Тайлангийн хугацаанд буюу 2010 онд нэг, 2013 онд гурван хүнд эрүү шүүлт тулгасан хэргээр ял оноожээ. Сүүлийн жилүүдэд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын аюулгүй байдал хангагдаж, эрүүдэн шүүх, хүнлэх бус харьцах тохиолдол 2014 онд гараагүй гэж тайланд дурдсан байна.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮМҮҮСИЙН ТОО ӨСЧЭЭ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрөөс анхаарч байгааг тайланд онцолжээ.Гэвч НҮБ-ын зөвлөмж хэрэгжүүлэх хугацаанд 160 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 2828 гарсан байна. Сүүлийн дөрвөн жилд хүчирхийллийн хэргийн улмаас хохирогсдын тоо өсч байгаа аж. Тухайлбал, 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534, 2013 онд 514, 2014 оны эхний арван сарын байдлаар 632 хүн гэмт хэргийн улмаас амь нас, бие махбодь эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ өсөлт нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Засгийн газрын зүгээс иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа, бүтэц зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэний дүнд иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэг нэмэгдэж, цагдаагийн байгууллагаас тусламж үйлчилгээ хүссэн хандлага тоо нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг дурьдсан байна. Гэрч, хохирогчийг хамгаалах байранд 2014 онд 140 гэр бүлийн 241 хохирогчийг байрлуулан туслалцаа үзүүлжээ.
Хууль зүйн яамны харьяа Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх нэг цэгийн төвд 2014 оны байдлаар тус төвөөр бэлгийн хүчирхийлэлд өртсөн 21, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 234 нийт 255 хохирогч эмнэлгийн туслалцаа авчээ. Тэдний95 хувь нь 25-38 насны хохирогчид аж.
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН 36 ИРГЭНЭЭ АВЧЭЭ
Манай улсад шинэ гэгдэж буй Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлуулахаар төслийг нь боловсруулжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлд уг гэмт хэргийн төрлүүд болох бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, зуучлалын буюу захиалгат гэрлэлт, хүүхэд үрчлэлт, эд эрхтэний наймаа зэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах асуудлыг оруулсан байна. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн сан байгуулахаар ажиллаж эхэлжээ.Гадаад хэргийн яамны Консулын газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2014 онд хүн худалдаалах болон бусад гэмт хэргийн хохирогч болсон 36 иргэнээ эх оронд нь буцаан авчирчээ. Харин Монгол Улсад 2013 онд хүн худалдаалах 12 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд хохирогчоор тогтоогдсон нэг хэрэг байгаа аж. 2014 оны байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг 15 гарснаас 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, таван хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг тайлагнажээ. 2010-2014 онд Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирсон 17 хохирогчийг хохирогч хамгаалах байранд байрлуулан, эрх зүйн болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
УНААЧ ХҮҮХДИЙН ЭРХ ХАНГАГДААГҮЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ
Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд сайн ажиллуулсан талаараа тайлагнажээ. Хүүхдийн утас ажлуулсан, унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлд тавих стандартыг баталсан, тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилготой үндэсний хөтөлбөр баталсан зэргийг онцолсон байв. Унаач хүүхдийг нэг стандартын хамгаалах хувцастай болгосон ч эрх нь зөрчигдсөөр байгааг тайланд тусгасан байна. Мөн 2013 оны байдлаар 93968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 10398 хүүхэд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Аж ахуйн нэгж байгууллагад 2012 онд хийсэн шалгалтаар 1012 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоож, хууль журмын дагуу холбогдох арга хэмжээ авсан байна.
Ц.ӨРНӨХ