Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадуузтай ярилцлаа.
-Танд баяр хүргэе. “Нүдээ олсон шагнал” гэж хүмүүс ярьж байна. Та Хөдөлмөрийн баатар болтлоо хэдэн мод тарив?
-13 аймаг, зургаан дүүргийн нутагт миний тарьц, суулгац ургаж байгаа. Нийтдээ 400 гаруй мянган мод байгаа юм. “Ногоон хэрэм” төсөлд гэхэд Өмнөговийн төвд 28 мянган мод надаас авч тарьсан юм. Миний байгаа Ханхонгор сумын нутаг Багабулаг гэдэг газар мод үржүүлгийн газар маань бий. Энд бас 20-30 мянган тарьц, суулгац лавтай бий. Эндээ 16 га газрыг л модтой болгох гээд оролдоод байгаа юм. Байгаль орчны гавьяат ажилтан гэдэг шагнал авчихаад, өртэй юм шиг санагдаад, найман га газар хашиж, мод тарьсан юм. Тэр нь жижигхэн, хөлд орж байгаа хүүхэд шиг долоо, найман мянган мод байгаа юм. Тэрнийгээ усалж тордоод явдаг. Миний цэрэг байсан найз маань надад үнэ төлбөргүйгээр худаг гаргаж тусалдаг юм. Манай мод очсон газраа сайн ургадаг бололтой. Улаанбаатараас зүүн тийш бүх аймгуудад манай мод ургаж байгаа л даа. Усалгааны өртгөөр нь хамгийн хямдаар тарьц, суулгац нийлүүлдэг.
-Говьд мод тарихаар бороо татдаг болсон гэдэг үнэн үү?
-Аймгийн төвд “Ногоон хэрэм” төсөл гэж БОЯ-наас Солонгосын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд 500 га газар ойжуулсан юм. Мод тарьснаас хойш ган болоогүй. Үүл гарвал энэ дээр ирж хуримтлагдаад, бороо ороод байдаг юм л даа. Эрдэмтэд 100 га газрын ой хур тунадас татах чадвартай гэж тогтоосон байдаг.
Үнэндээ их халж байна шүү дээ. Ингэж халж байхад манай талбайд хайсан ой дотор хүйт оргиод, жин цохимоор юм шиг сэрүү татаж байдаг юм шүү дээ. Ойгоос сэрүүн агаар дээшээ цацраад, дээгүүр нь гарсан үүл тэндээ хуримтлагдаад, борооны дусал болж орж байгаа үзэгдэл гэж судлаачид тайлбарладаг юм л даа. Манай аймаг таримал ойгоороо улсад дээгүүр байрт ордог юм гэнэ. Хамгийн их цөлжиж байгаа газар Өмнөговь аймаг шүү дээ. Үе үеийн аймаг, сумдын удирдлагууд мод тарих юмсан гэж мэрийж ирсэн. Өмнөговь аймгийн ИТХ нэг сайн журам гаргасан юм. Мод тарьсан хүн бүрт мөнгө өгдөг. Эхний жилд мод тарихад мод тутам мянган төгрөг, хоёр дахь жилд нь 1500 төгрөг, гурав дахь жилдээ ургуулсан бол 2000 төгрөг гээд нэг модыг Өмнөговьд 4500 төгрөгөөр ургуулж байгаа юм. Ийм болзолтой болоод арав гаруй жил болсон. Хүмүүс хувиараа мод тариад, намар Байгаль орчны албаны мэргэжлийн улсууд явж тоолж үзээд, шагналыг нь өгдөг. Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Мүнсэл гэдэг малчин залуу нэг га газар мод тариад, ёстой гоё болгосон байна лээ. Хүрмэн Батмөнх даян хааны төрсөн нутаг л даа. Өмнөговиор явбал хаа сайгүй л улсууд мод тариад, мянга, 2000 мод тарьсан улсууд зөндөө бий. Одоо бол аав, ээжийнхээ дурсгалд мод тарья ч гэж байх шиг. Тариачид ногоочид нөмөр бодож мод их тарьж байна.
-Та ерээд оны эхээр мод тарьж эхэлсэн юм билээ. Анхны модоо ямар шалтгаанаар тарьж байсан бэ?
-Би 1992 оноос эхэлж мод тарьсан хүн. Тэгэхэд би дарга байлаа. 52 хүрчихсэн. Манай үеийнхнийг бүгдийг ажлаас нь халаад эхлэхэд би бодохгүй юу. Надаас илүү эрдэм чадалтай, сайн дарга нарыг ажлаас нь халж байгаа юм чинь хэнд ч гай болохгүй өөрөө өргөдлөө өгөөд гаръя гэж шийдсэн юм. Хагас сайн өдөр өргөдөл бичээд, нэг дэх өдөр захирамж гараад, ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 1992 оны хавраас эхлээд, хөдөө гарч, ногоо тарьсан юм. Ногоо тарьж эхлэхэд говийн их шуурга тавиад, талд ногоо тарих боломж муу юм билээ. Ялангуяа, байцаа, манжин их хэцүү. Навчийг нь салхи хугалж хаяад болдоггүй. Тарьсан ногоогоо нөмөрлөж, мод тарихгүй бол болохгүй юм байна гээд амьдралын шаардлагаар мод тарьсан. Хайлаасны үрээр зургаан эгнээ мод тарьсан. Дөрвөлжилж тарьсан модон дунд байцаа, манжингаа тарихаар огт салхи орж ирэхгүй болдог. Түүндээ урамшаад мод тарьж эхэлсэн. Мод тарих талаар номноос олж, уншаад, мод үржүүлгийн газар байгуулсан даа. Хайлаасны үр тарьсан. Тэгж байтал “Ногоон хэрэм” гээд сайхан төсөл яригдаад эхэлсэн. “Ногоон хэрэм” төслийн анхны модыг Ц.Элбэгдорж гуай ирж тарьсан юм шүү дээ. Ерөнхий сайд ирж мод тарихаар болсон чинь ногоон мод байдаггүй. Геоэкологийн хүрээлэнгийн захирал Ж.Цогтбаатар гэж хүн байсан юм. Ж.Цогтбаатар гуай мод тарих бэлтгэл хангуулахаар ирээд, ногоон мод хайгаад манайд ирж таарсан юм. Манай мод эрт ногоордог юм л даа. Тэгээд Ерөнхий сайдын тарих модыг манайхаас авсан юм. Намайг 50 мод аваачиж өг гэхээр нь би хүн гуйгаад, модоо аваад очихгүй юу. Ерөнхий сайд анхны нов ногоон мод тариад баяртай байсан л даа. “Мод тарих ажлаа битгий орхиорой, мод тарихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бодоорой” гэж надад хэлсэн юм. Төрийнхөө Ерөнхий сайдыг үүрэг өгч байхад яаж үгүй гэх вэ. Чадах чинээгээрээ нэмж тарьсаар, овоо юм болчихгүй юу.
-Тэр үед мод тарьсан газрыг иргэнд өмчлүүлнэ гэж байсан бил үү?
-ХААЯ манайд булгийн адагт малын тэжээл, төмс, хүнсний ногоо тарь гэж тохижуулж өгсөн юм. 40 хувийг нь би өөрөө гаргаж, цөөрөм байгуулсан юм. Нэлээд том цөөрөм байгуулсан л даа. Ногоо тарьж, хэдэн жилийн дараа говийн бүсийн аварга тариаланч болж байлаа. Тэр бол ногоо, малын тэжээлийн ургамлын төсөл байсан л даа. Жилдээ манайхаас арван хэдэн портер өвс, олон мянган модноос гахай гэж нэрлэдэг 30-аад хүүдий навч гардаг. Тэр навчаар хавийн улс малаа тэжээгээд, 400-гаад тонн ногоо авч зах зээлд нийлүүлсэн удаатай. Одоо 83-тай, нас өндөр болоод ирэхээр гар хөдөлмөр шаардсан их ажил амжуулахад түвэгтэй. Одоо жимс тарьдаг. Алим, үхрийн нүд, чацаргана, мойл, бөөрөлзгөнө тарьдаг. Намартаа тонн шахуу алим хураадаг юм.
-Алимаа хаана нийлүүлдэг вэ?
-Аймгийн төвд нийлүүлнэ. Миний тарьсан юм амархан алга болдог.
-Хүүхдүүд чинь таны баянбүрдэд ажилладаг уу?
-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань “Таван төгрөг илүү гарвал энэ муу хашаандаа нэмэрлэнэ” гэдэг. Бизнес хийдэг хүү маань 13 сая төгрөгөөр хашаа авч татаж өгсөн шүү дээ. Том хүү маань зун ирэхээрээ мод сөөг засч янзлаад, нэмж тариад нэг сар шахуу ажиллаж байгаад буцдаг. Нэг ач маань бүх модоо торддог. Ах дүү, садангийн улсууд ч тусалдаг. Ноднин чацарганаа хурааж авч чаддаггүй. Ханхонгорын багш нар ирж, чацаргана хурааж аваад явсан. Энэ жил тэд модыг маань арчилж тордож тусална гэж захиалга өгөөд байгаа. Хүмүүсийн тусламжаар л явдаг даа.
-Д.Бараадууз гэдэг нэр ямар учиртай билээ?
-Санскрит үг. Цагаан лянхуа гэдэг том судар байдаг. Тэр сударт Амин гавьяат Бараадууз гэдэг бурхны тухай гардаг. 23 бурхны тухай бичсэн ном л доо. Тэдний нэг нь ийм нэртэй. Яг махчилж орчуулбал “Ачаа үүрэгч” гэсэн үг. Нэг их бяртай амьтан байх юм байлгүй. “Ялгуулсан үүрэгч” гэж орчуулдаг юм билээ.
-Та амьтай болгонд туслах ганц арга нь мод тарих гэж хэлсэн байна лээ. Монголчууд мод тарьж чаддаггүй гэж ярьдаг хүмүүс ч байдаг. Та үүнд ямар хариу хэлэх вэ?
-Монгол хүн мод тарьж чадахгүй гэж дэмий юм ярьдаг нөхдийн ам руу нь алгадчихмаар байгаа юм. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд мод ургаж байхад хангайн шар тос шиг сайхан хөрсөнд яахаараа ургадаггүй юм. Тийм зөрүүд мод гэж байхгүй шүү дээ. Мод бол ерөөсөө бурхан байхгүй юу. Бурхны номд эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалан байх болтугай гэсэн залбирал байдаг. Эх болсон зургаан зүйлд зургууланд нь тус болж чаддаг зүйл мод байхгүй юу. Хөх тэнгэрт хүчилтөрөгч илгээнэ. Хөрст дэлхийд шим бордоо илгээнэ. Хөвөлзөн мяралзах эх далайд усан дусал нэмэрлэнэ. Бие гүйцсэн том модны ёзоорт таван тонн ус хадгалагдаж байдаг гэдэг. Амьтанд хоол, бусад ургамалдаа нөмөр, хүнд байр, түлш болж байгаа биз дээ.
-Ерээд онд хүн болгон ганзагын наймаа хийж байсан үе. Мод тарих тухай олон хүн бодоогүй байх л даа?
-Би бол наймаа хийгээд явахгүй юм байна гэдгээ сүрхий мэдсэн юм. Нэг удаа зах дээр ээжийнхээ хийж өгсөн цоо шинэ хурган дотортой, торгон дээлийг 300 төгрөгөөр өгье гэхэд бүтэн өдөр зогсоод, нэг ч хүн авъя гээгүй шүү дээ. Тийм учраас би бол наймааны одгүй хүн юм байна гэж ойлгосон. Тэгээд бурхантай адилхан мод тарья гэж шийдээд, мод тарих ажлаа хийсэн хүн. Мод тарьдаггүй байсан бол би “Өдрийн сонин”-д бичигдэх үү, мод гэдэг намайг мандуулж, шагнадаг ачтан. Үнэн хэрэгтээ Ханхонгор сумын Багабулаг гэдэг газар маань надад одон зүүгээд өгчихлөө шүү дээ. Тэндээс олон мянган мод ургаж гарсан. Би өдөр болгон рашаан ууж, хүчилтөрөгчөөр амьсгалж, марлайчихаад явж байгаа хүн. Хараал хэлээгүй гучин жил болж байгаа. Энд байхад уурлах, хараал хэлэх хэрэгцээ гарсангүй. Дандаа баяртай явдаг хүн шүү дээ. Мод сайхан ургаж байна, цэцэг жимс сайхан ургаж байна. Манай хонхорт ургасан төмс хүртэл бусдаас амттай, сонгино илүү аагтай байдаг юм. Хортон шавьж байхгүй. Өнгө өнгийн шувуу шулганаад, зарим нь миний толгой дээр ирээд суудаг юм шүү дээ. Байгаль дотроо явахад их гоё л доо.