Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хэмжээнд 25 мянга гаруй эпилепситэй иргэд байдаг

Олон улсын эпилепсийн өдөр болох гэж байгаатай холбоотойгоор Монголын Нервологийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд 25 мянга гаруй эпилепситэй иргэд байдаг аж. Эдгээр иргэдэд нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхах тохиолдол их байдаг талаар тус нийгэмлэгийхэн хэлж байна.

“Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяа “Эпилепсээр өвчлөгсдийг ажлын байран дээр татсан учраас ажлаас нь халах тохиолдол их байдаг. Цаашлаад эпилепситэй хүүхдүүдийг өөрийнхөө хүүхэдтэй хамт тоглуулахгүй байх, цэцэрлэг сургуулийн багш нар нь “Таталт өгч байгаа учраас энгийн бус сургуульд сурга” гэх мэтээр нийгмийн зүгээс буруу хандлагууд их гардаг. Уг нь энэ хүмүүс чинь ажлын бүрэн чадвартай, бидэнтэй л ижил хүмүүс шүү дээ” гэлээ.

Өвчтөний 30-70 хувь нь таталтын эсрэг эм уудаг ч таталт бүрэн зогсдоггүй. Мөн 70-80 хувь нь 20 наснаас доош хүн амыг хамардаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Түүнчлэн таталт өгсний улмаас лам, бөөгөөр явж засал хийлгэх нэрэн дор эмчилгээний хугацаа алдаж, хүндрүүлдэг талаар тэд хэлж байна.

Харин ямар шалтгааны улмаас эпилепси өвчин тусдаг болон таталт өгсөн үед анхан шатны ямар тусламж үзүүлэх ёстой талаар М.Үүрийнтуяа эмчээс тодруулахад “Нас наснаасаа шалтгаалж өвчин тусах шалтгаан нь өөр өөр байдаг. Бага насны хүүхдүүд бол төрөхийн гэмтлээс болж тусдаг. Харин 30-аас доош насны залуучууд тархины гэмтлээс болж эпилепси тусдаг. Жишээ нь, морь, мотоциклоос унах, мөсөн дээр хальтирч унан тархиндаа гэмтэл авснаас болдог. Үүнээс гадна шалтгаан нь тодорхойгүй ч удамшдаг хэлбэр бас байна. Өвчтөн хаана ч таталт өгч магадгүй. Өөртөө тусламж үзүүлэх боломжгүй учраас ойр хавьд нь байгаа хүмүүс сандралгүйгээр толгойнд нь зөөлөн юм эвэх, аюулгүй зай талбай ихтэй газар байрлуулах, хувцсыг нь хөнгөлөх гэх мэт анхны тусламж үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

Тус нийгэмлэгийн зүгээс Олон улсын эпилепсийн өдрийг “Эмч-өвчтөн-гэр бүл” гэсэн гурвалсан уулзалт хэлбэрээр энэ сарын 25-нд ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *