Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг

Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН

ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНЫГ НЭЭЖ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди оролцож байгааг Та бүхэнд баяртайгаар мэдэгдье.

Монгол, Энэтхэгийн ард түмний харилцаа холбоо олон мянган жилийн түүхтэй бөгөөд энэ жил Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.

Энэ түүхэн жил Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд томоохон үйл явдал болж байна.

Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон 1990-ээд оны эхнээс хоёр улсын харилцаанд шинэ үе эхэлж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлсээр ирлээ.

Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад “иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар өргөжин хөгжиж байна.

Монгол, Энэтхэгийн найрамдал, хамтын ажиллагааны талаар манай ард түмэн, Монгол Улсын Их Хуралд хандаж элэгсэг дотно үг хэлсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди Танд баярлалаа.

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Таны айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинг ахиулан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоох болсонд баяртай байна.

Танд Улсын Их Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Танаар уламжлан Энэтхэгийн найрсаг ард түмэнд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, ноён Ерөнхий сайд Таныг Монгол оронд тавтай зочлохыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *