Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын гүйлтийн баг Дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Vitality Running World Cup” өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 10-ны хооронд болж байна. Гурван үе шаттай уг тэмцээнд 242 улс оролцсоноос Монгол Улс III байрт шалгарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Монгол Улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 850 гаруй гүйгчид нэгдэж, хувь нэмрээ оруулжээ. Хагас шигшээ шат буюу II үед 100 мянга гаруй гүйгч оролцож, 2.8 сая км замыг туулсан байна. Оролцож байгаа улс тус бүр нэг багийн ахлагчтай.

Жишээлбэл: Ямайка улсын багийн ахлагч Усайн Болт, Английн багийн ахлагч Дэйм Жэссика Эннис Хилл, Өмнөд Африкийн багийн ахлагч Уэйд ван Никерк зэрэг алдартай тамирчдыг сонгожээ.

“Vitality Running World Cup” тэмцээний Монголын багийн ахлагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-н үүсгэн байгуулагч У.Ганзориг сонгогджээ. Албан ёсны зохион байгуулагчаар MGL Running Channel ажиллаж байна. Улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж “Team Mongolia Run As One Nation” буюу “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!” нэртэй баг бүрдүүлэн оролцож байна.

Мөн тэмцээнийг 21 аймаг, есөн дүүрэгт сурталчлан таниулахад Биеийн тамир, спортын улсын хороо дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний сүүлийн шатанд Өмнөд Африк, Намиби, Монгол, Их Британи шалгарч, энэ сарын 5-10-ны хооронд Дэлхийн аваргын цомын эзэн болохын төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд оролцоход үнэ төлбөргүй, 13 болон түүнээс дээш насны бүх хүнд нээлттэй. Гол шалгуур нь оролцогчид 3 км зайг 30 минутад багтаж туулна. Энэ нь ямар ч гүйгчийн хувьд боломжтой үзүүлэлт (эхлэн гүйгчдэд хүртэл) юм. Оролцогчид Running World Cup апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай, гүйх үедээ Strava, adidas Running, Health App, Google Fit, FitBit, Garmin, Under Armour, Pacer зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж, Монгол Улсын баг болох Team Mongolia Run As One Nation багт нэгдэнэ. Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор Vitality Running World Cup зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд ч нэгдэх юм. Таны гүйсэн гурван км тутамд нэг ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн Сан-д хандивлана. Мөн дэлхийн бусад улсуудтай зөвхөн гүйлтээр өрсөлдөхөөс гадна дэлхийд эх орноо гүйлтээр дамжуулан сурталчилж буй чухал ач холбогдолтой хэмээн тус тэмцээнийг зохион байгуулагчид онцлов.

Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Дэнк Фарм, ивээн тэтгэгчээр Ард Даатгал, ДАМО эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага, Nutrigold Mongolia зэрэг олон байгууллагууд, хувь хүмүүс ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *